Элчин сайд З.Батбаяр: Унгар улс гадагшаа мөнгөний урсгал гаргахгүйн тулд гадаадад байгаа иргэдээ маш хурдан татан авсан

Нийгэм
admin
Унших: 7 мин 6 сек
170
legacy:resources/images/news/01-2020-07-29-173748-1343334916.jpeg

Бид Унгар улсад гацсан монголчуудын нөхцөл байдал болон тус улсын зүгээс цар тахлын үед монголчуудад хэрхэн хандаж байгаа талаар Монгол улсаас Унгар улсад суугаа элчин сайд З.Батбаяртай ярилцлаа. 

-Хөл хорионы үеэр монгол оюутнуудыг оюутны байрнаасаа хөөгөөгүй-

-Унгар улсад коронавирусний халдварын тохиолдол анх хэзээ бүртгэгдсэн бэ? Тухайн үед тэнд байгаа монголчууд маань ямар нөхцөл байдалтай байв?

-Анх Унгар улсад гуравдугаар сарын 4-нд Анагаахын их сургуулийн 2 оюутнаас халдвар илэрсэн. Яг хамт биш ч, хажууд нь ойрхон манай монгол оюутан байсан учраас бид нилээд сандарцгаасан. Тиймээс яг халдвар эхэлж байх үед манай монголчуудын хувьд хамгийн эрсдэлтэй бүлэг нь оюутнууд маань байсан.

Бид сандарч Унгарын Засгийн газартай ярихад тэдний зүгээс тусламж үзүүлж манай оюутнуудыг байрнаас нь гаргаагүй, хөөгөөгүй. Энэ нь яагаад том асуудал болчихов гэхээр халдвар анх тархсан тухайн үед 

Унгар улс өөрөө бусад улсуудад жишээ болохоор 14 хоногийн дотор 45 мянган эмнэлгийн ор бэлтгэх зорилт тавиад түүнийгээ биелүүлж чадсан. 

Тэгэхийн тулд оюутны байр, ажилчдын байрыг суллаж, хугацаат мэс заслуудыг хойшлуулж байсан юм. Гэсэн ч тэд манай оюутнуудыг байрнаас нь гаргаагүй нь Унгарын Засгийн газрын зүгээс бидэнд маш том туслалцаа үзүүлсэн явдал болсон. Жишээ нь, сая нутаг буцсан манай хөгжмийн сургуулийн 19 монгол оюутныг эрэгтэй, эмэгтэйгээр нь 2 оюутны байранд хувааж зөвхөн тэднийг байрандаа байлгасан.

-Унгарт ажиллахаар ирсэний маргааш нь анхны халдвар гарч, нөгөөдөр нь хөл хорио тогтоосноор ажиллах боломжгүй болчихлоо гээд уйлаад ирсэн монголчууд ч байсан-

-Жаргал цэнгэл хөөж яваад гадаадад гацчихлаа гэж нэгнээ буруутгах хүмүүс байгаа. Унгарт цар тахал, хөл хорионы үед хамгийн хүнд нөхцөл байдалтай нь ямар хүмүүс байсан бэ?

-Дөрөвдүгээр сарын эхэн үеэс эхлээд оюутнууд маань гэртээ эсвэл оюутны байрандаа үлдэж нөхцөл байдал харьцангуй гайгүй болсон. Тэр үед хүнд байдалд орсон дараагийн бүлэг бол манай ажилчид. Ялангуяа хараар голдуу ажилладаг ажилчдын хувьд үйлдвэрүүд хаагдаж, ажлын байргүй болж эхэлцгээсэн. Өөрөөр хэлбэл, тэдэнд халдварын гэхээс илүү санхүүгийн эрсдэл тулгарсан. Зарим тохиолдолд элчин сайдын яамны бид сэтгэл зүйчийн үүрэг гүйцэтгэх шаардлагатай болж байсан тохиолдлууд ч байгаа.

Жишээ нь, энд гуравдугаар сарын 3-ны өдөр өр зээл тавиад энд ажил хийхээр ирсэн хүмүүс байна. Тэднийг дөнгөж ирэхэд, маргааш нь буюу гуравдугаар сарын 4-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, нөгөөдрөөс нь шууд хөл хорио тогтоосон. Тиймээс яаман дээр ирээд уйлаад сууж байсан хүмүүс байна.

Тэрнээс өмнө есдүгээр сард ажил хийхээр ирсэн хүмүүс ч бас хэдхэн сар ажиллаад, хуримтлал ч үүсгэж чадаагүй байхад нь хөл хорио тогтоогдсон учраас хүнд байдалд орсон. Ингээд юун гэр лүүгээ мөнгө явуулах, өөрсдөө хүнд байдалд ороод ар гэрээсээ банкны зээл тавиулж, мөнгө авч байсан.

Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл гадаадад байгаа монголчуудын хувьд ажил хийгээд Монгол руугаа мөнгө явуулж байвал сайн хэрэг. Гэхдээ тэд хүнд байдалд ороход монголоос ар гэрийнхэн нь тэдэн рүү мөнгө явуулахаас аргагүйд хүрч байна. Энэ нь монголд байгаа мөнгө гадаад руу гарч байна гэсэн үг.

Яг энэ шалтгаанаар Унгар улсын хувьд анх Уханьд вирус гарахад л тэнд байгаа иргэдээ бушуухан татаж авсан. Дараа нь тэд үүндээ өвөрмөц тайлбар хийсэн нь, хаанаас гэдэг нь чухал биш, гадаадад удах юм бол иргэд маань халааснаасаа мөнгө төлж эхэлнэ. Тэр мөнгө чинь бидний мөнгө шүү дээ гээд гадагшаа мөнгөний урсгал гаргахгүйн тулд гадаадад байгаа иргэдээ маш хурдан татан авах бодлогыг барьсан.

-Унгарын талтай яриа хэлэлцээр хийж, гацсан иргэдийн визийг 30 хоногоор сунгаж байгаа-

-Та бүхний хувьд хүнд байдалд орсон иргэдийнхээ төлөө энэ хугацаанд ямар ажлууд хийсэн бэ?

Бидний хувьд юун түрүүнд УОК-ын шийдвэрийн дагуу иргэдээ явуулах мөн энд хүнд байдалтай байгаа иргэдээ хамгийн түрүүнд визний болоод бичиг баримтын зөрчилд хэрхэн оруулахгүй байх вэ гэсэн асуудал дээр анхаарч ажиллаж байна.

Жишээ нь, Унгарын харьяатын асуудал хариуцсан Кишш Аттила гэх хүнтэй уулзаж, 3,4 асуудал дээр яриа хэлэлцээр хийсэн. Нэгдүгээрт, богино хугацаатай ирсэн иргэдийн визний асуудал, хоёрдугаарт оюутнуудын асуудал, гуравдугаарт ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн асуудал байна. Тэдний хувьд хэрэв явах хүсэлтээ өгчихсөн, гэсэн ч онгоц байхгүйн улмаас явж чадахгүй байгаа бол 30 хоногийн хугацаагаар виз нь сунгагдаад явж байгаа. Энэ нь Унгар Монгол хоёр улсын найрсаг харилцааны илрэл болж байна. Тэр байтугай виз сунгалтан дээр миний ойлгож байгаагаар оюутнуудаас төлбөр авахгүй байгаа.

-Унгарт халдварын оргил үе тохиож байхад Биокомбинатын сүүлийн гэрээн дээр гарын үсэг зурсан нь манай Ерөнхийлөгч Хятадад 30,000 хонь бэлэглэсэн шиг баярт үйл явдал болсон-

-Унгарын зүгээс манай улсад элэгтэй хандаж байгаа гэж ойлгож болох уу? 

-Ер нь бол Унгарын Засгийн газраас маш сайхан дэмжлэг, туслалцаа үзүүлж байна. Би хоёрхон юм хэлье.

Нэгдүгээрт, дөрөвдүгээр сарын 28-нд буюу Унгар улсын хувьд халдварын оргил үе тохиож байсан, цаашдаа нөхцөл байдал, эдийн засаг яаж ч магадгүй хэцүү цаг байсан. Тэр үед Унгарын Гадаад эдийн засаг, гадаад харилцааны сайд тухайн үеийн МУ-ын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нартай утсаар яриад “Би энд Унгарын Экзим банкны ерөнхийлөгчтэй Биокомбинатын сүүлчийн гэрээн дээр гарын үсэг зурж байна” гээд 57 сая долларын гэрээнд гарын үсэг зурж, гэрээг үргэлжлүүлэхээ хэлсэн. Мөн яг тэр үедээ тэтгэлэгээр суралцах монгол оюутнуудаа үргэлжлүүлэн авахаа ч хэлсэн.

Манай улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж, 30 мянган хониор тусламж үзүүлэхээ илэрхийлэхэд хятадууд яаж баярласан билээ. Би хувьдаа яг тэрэн шиг Унгар улсын шийдвэрийг маш их баяртайгаар хүлээж авсан. Тэрнээс илүү анд нөхдийн харилцаа, эртний уламжлал, ах дүү, магадгүй хамаатан садны холбоог илэрхийлсэн зүйл гэж юу байхав. Энэ боломжийг ашиглан хэлэхэд Унгар улс манай улсын хувьд эдийн засгийн маш өвөрмөц партнер байх боломжтой гэдгийг хэлмээр байна.

-Унгарт байгаа монголчуудын хувьд бие биедээ хэр тусалж байна вэ? Энэ хэцүү цаг үед нэгдэж чадаж байна уу?

-Хандив цуглуулж бие биедээ туслах, гэртээ байлгах гээд монголчууд маань энэ үед эвтэй байж, нэгдэж чадаж байгаа. Жишээ нь, 

Унгарт ажиллахаар ирсэн залуу тодорхойгүй шалтгаанаар ухаан алдаж унаж эхэлсэн. Наадмын үеэр 7 хоногийн дотор 5 удаа түргэн дуудсан. Залуу маань одоо гайгүй, эмчийн зөвлөснөөр нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн. Тэр залууг нэг айл тавдугаар сараас сая долдугаар сарын 26 хүртэл гэртээ байлгасан гэх жишээний.

Мөн цаашдаа иймэрхүү хүндрэлүүд их тохиолдож магадгүй учраас бид аль гуравдугаар сараас Унгар улсад ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсээсээ туслалцаа хүсээд олон хүнийг нэг дор оруулах байр сав бэлдэж эхэлсэн. Улмаар 2 хүнтэй тохироод, байдал хүндэрсэн хүмүүсээ тийшээ явуулж байгаа. Мэдээж ганган, тансаг байшин биш ч харьцангуй хямд үнээр оруулахаар хэд хэдэн хүнийг тийш нь явуулсан.

Өнөөдөр жишээлбэл, түрүүчийн тавдахь өдөр ярьсан яриа ажил хэрэг болоод хэдэн Унгар танилууд маань надад 3 оюутны байр санал болгож байна. Хэрвээ тэр байрууд дээр үнэ хөлсийг нь гайгүй тохирч чадах юм бол сургуулиа төгсөөд сар бүрийн тэтгэмжгүй, орон гэргүй болчихсон байгаа оюутнуудаа хэрвээ хүсэлт гаргавал байлгах төлөвлөгөөтэй байна.

Ерөнхийдөө манай монголчууд хүнд үед нягтарч чаддаг гэдгээ харуулж байгаа. Элчин сайдын яаман дээрээ ирээд нэг сайхан инээж байгаа монгол хүн хараад, нэг сайхан намирч байгаа тугаа хараад явахад 7 хоногт бяр ордог гэж хэлдэг хүн ч байдаг.

-Элчин сайдын яамны фейсбүүк хуудаст сүүлийн үед 50-60% нь Монгол руу буцах биш, Монголоос наашаа ирэх хүсэлтэй хүмүүс хандаж байна

-Одоо Монгол руугаа буцах хүсэлтэй хичнээн иргэн Унгарт байна вэ? 

-Энд байгаа 3500 монгол иргэнээс 250 хүн буцах өргөдөл гаргасан. Гэхдээ энэ тоог бас бодох хэрэгтэй. Тухайн үед сандарсан монголчууд маань өргөдлөө цахимаар, бичгээр хоёр удаа өргөдөл өгөх, тэрийг нь бид хүн бүрийг бүртгэх ёстой учраас давхардуулах тохиолдол ч байсан. Мөн Монгол руугаа буцна гээд өргөдөл гаргачихсан байсан оюутнууд маань явж амжаагүй байтал хичээл нь орох болоод явахаа больж ч байна. Зарим нь саяхан буцах өргөдлөө ч өгч байна.

Гэтэл Монгол руу буцах хүсэлтэй иргэдээс гадна нөгөө талдаа Монголоос наашаа ирэх хүсэлтэй хүмүүсийн асуудал байгаа. Жишээ нь, манай элчин сайдын яамны хувьд фейсбүүк хуудсаа нээлттэй байлгаж, иргэдээс ирсэн хүсэлт, өргөдөл бүгдэд хариу өгч ажиллахыг оролддог. Гэтэл сүүлийн үед манай хуудаст монгол руугаа буцах гэсэн хүмүүс биш, бүр 50-60 хувь нь монголд байгаа хүмүүсийн асуулт болчихлоо. Яаж Унгар руу очих вэ, виз хүлээж авч байгаа юу гэх асуултууд ирэх болсон. Унгарын тэтгэлэгт тэнцсэн 200 монгол оюутан тэтгэлэг авчихлаа гээд бөөн баяр болж байна. Гэтэл тэд яах вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Тэгэхээр бүх зүйл 2 талтай л байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Х.Үүрийнтуяа

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    Отгонжаргал Гүржав

    Элчин сайд танд их баярлалаа. Урлагийн сургуулийн хүүхдүүдийг сайн зохион байгуулалттай явуулж бүгд сайн явж ирсэн.Танд их баярлалаа, их сэтгэл зүрхтэй хүн шүү.Таньд ажлын амжилт хүсье!

  • Т
    Тамир

    Сайн элчин сайд шүү. Ажлын амжилт хүсье.

  • O
    Otgonjargal Borarosova

    Mundag said shvv. Amjilt husie.

  • З
    Зочин

    Ажилаа сайн мэддэг мундаг залуу гэсээн ажилиин амжил хүсьe

  • З
    Зочин

    Mundag said shvv amjilt hvsie tand

  • З
    Зочин

    Энэ цар тахалын үёэр маш сайн мэдээлэлээр хангаж байсан сайддаа маш их баяарлаж байгаа та бүхны цаашдын ажилд улам их амжилт хүсэё энэ үёд унгар дахь монголчууд мааньч их хичээсэн

  • A
    Ariuka

    Unheer sain mundag Said shuu

  • J
    Jargalmaa

    Hungary-t baigaa Mongoliin elchin said Batbayar bolon counciliin ajiltanuud bugded ni bayarlalaa. Delhii niited garsan tsar tahliin uyd socialaar bainga tsag tuhaid medeelel ogch, buhii l bolomjooroo mongolchuuddaa tuslaj ajillaj baisan shu. Elchingiin live- videog uzeedl setgel ih uujirdag bailaa. Olon ulsad eh ornoo toloolon ajillaj bui diplomat ajiltnuud Batbayr elchin said shig l baigaasai! Ta buhnii ajild undur amjilt husey.

  • З
    Зочин

    Яг үнэн. Эртхэн авчирсан бол тэр мөнгө Монголдоо орох байсан. Монголд 1 доллар ч гэсэн гаднаас олж авчирдаг хүн хэрэгтэй. Энэ элчин залуу гайгүй, иймэрхүү тухайн улсынх нь хэлээр ярьдаг, соёлыг нь мэддэг, хүнд сурталгүй хүмүүсийг элчин сайдаар томилж баймаар юм даа.

  • З
    Зочин

    үнэхээр тэгж ажилдаг шүү

  • З
    Зочин

    Энэ хүнийг сайд болгож явуулсанд баярлалаа.ажиллаа мэддэг бас мэдлэг ихтэй ба с бүх юм ньд чин сэтгэлээсээ хандаж байдаг шүү.их мундаг сайд.таньд ажлын амжилт хүсье.

  • L
    Luya

    sanaachlagatai ajillaj baigaad bayar hurgie mongol ulsiin irgediinhee tuluu ulam sharguu ajillaaarai

  • M
    Magyar hun

    Шал худлаа авилага авч өөрийнхаа ажилийн төлөө хийж байгаа шоу

  • E
    Erdenetsetseg

    Унгарт өрнөж байга цаг үеийн мэдээлэл, бүх талын эрх зүйн асуудал, ер нь тэгээд өөрөөс хамаарахгүй зүйлсэд санаа зовохгүй тайван байгаа нь энэ хүний ач юмуу даа. Ажлаа мэддэг сайд гэж Унгарт байгаа бүх хүн дуу нэгтэй хэлнэ дээ.

  • N
    Naran Naran

    Угаасаа маш өндөр боловсролтой зан харьцаа сайтай тусархуу сайн хүн бна лээ бүх улсын элчин ийм байгаасаа зарим нь ажлаа ч мэдэхгүй худлаа сансарт рөөрцсөн амьтад бна

  • С
    С Баттогтох

    Элчин сайддаа маш их баярлаж явдаг шүү хүнд хэцүү үед минь сэтгэл санаагаар дэмжиж надад маш их тусалсанд танд болон танай гэр бүлд Унгар дахь консулын газрын хамт олонд аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье

  • З
    Зочин

    Europd Ene elchin said l irgediinhee tald uilchleed baih shig sanagddag yum busad ni ch hudlaadoo