ЖУУЛЧИД: Аялалдаа хөлсөлж явсан машин бол зүгээр л аймшиг

Нийгэм
Bolortengis
Унших: 7 мин 26 сек
60
legacy:2025/06/ab24abbd669940e7ac2759a157bacb79.jfif

Манай улс аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгох зорилго тавьж, Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол зочлох жил” хэмээн албан ёсоор зарласан. Үр дүнд нь 2023 онд 651 мянган жуулчин хүлээн авсан бол 2024 онд 727.4 мянган жуулчин хүлээн авч өмнөх жилийнхээ амжилтыг 22 хувиар ахиулсан. Ингээд “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл сунгах шийдвэрийг Засгийн газраас гаргаж, энэ хүрээнд 2028 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авах зорилго тавиад буй юм. Харин энэ онд 1 сая жуулчин авах зорилготой байгаагаас эхний 6 сарын байдлаар 230 орчим мянган жуулчин хүлээж авчээ.

Тэгвэл Монголд ирж байгаа жуулчдын нүдээр манай улс яаж харагдаж байгаа бол. Энэ талаар жуулчид юу ярьсныг хүргэе.

Монголчууд маш найрсаг ард түмэн

Монгол орны юу нь танд хамгийн их таалагдсан бэ?

АНУ-ын иргэн Филип: Монголын байгаль маш гайхалтай. Бас хүмүүс нь их найрсаг, зочломтгой сайхан санагдсан. Өнгөрсөн 2 долоо хоногийн турш хөдөөгүүр том машинтай аялсан. Тэр үед байгаль болоод хүмүүс нь хамгийн их таалагдсан.

Герман улсын иргэн: Монгол бол маш гоё өв уламжлалтай орон. Надад байгаль нь бас хоол нь таалагдаж байна. Би Монголд ирээд тийм ч их удаагүй болохоор бусад зүйлсийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүс нь маш найрсаг юм байна.

Чили улсын иргэн Фернандо: Монгол Улсын Улаанбаатар хот нь их таалагдаж байна. Хүмүүс нь маш найрсаг, эелдэг байгаа нь их таалагдаж байна.

Тайланд улсын иргэн: Монголын хүмүүс их нөхөрсөг. Надад бүх зүйл дээр их тусалсан. Би монгол хоолонд их дуртай.

Англи улсын иргэн Викиардо: Би Монголын өв соёлд нь их татагдсан. Миний ирсэн шалтгаануудын нэг нь энэ. Би өчигдөр музей үзсэн. Маш гайхалтай байсан. Өв соёлыг нь илүү их мэдэхийг хүсэж байна. Надад Монголын байгаль бас маш их таалагддаг.

legacy:medeeb/de2d0c040796474fa4b56ff7d11b8e04.jfif

Аялалдаа хөлсөлж явсан машин бол зүгээр л аймшиг

Монголд аялахад хүндрэл, бэрхшээлтэй зүйл байв уу?

АНУ-ын иргэн Филип: Тиймээ надад асуудлууд тулгарсан. Аялалдаа түрээсэлж явсан машин бол зүгээр л fuck гэж хэлмээр байна. Үнэхээр аймшигтай. Хог гэж хэлмээр байна, уучлаарай. Миний мөнгөө төлж, хөлсөлж авсан машин аяллын турш маш олон эвдэрсэн. Явж байгаад унтарчихдаг. Эвдрэх бүрт засаж хэвийн болгох гэж маш их цаг зарцуулж, энэ нь надад маш хэцүү санагдсан.

Герман улсын иргэн: Сим карт авахад их хүндрэлтэй байсан. Маш ойлгомжгүй байгаа нь бага зэрэг хүндрэл учруулсан. Бас нэг жижиг асуудал байсан нь өчигдөр би аппликейшнаар такси дуудаад явсан. Гэтэл миний кредит картыг уншихгүй байсан. Тиймээс би АТМ-с 20 мянган төгрөг аваад таксины жолоочид өгсөн. Гэтэл 20 мянган төгрөг хамгийн том дэвсгэрт нь учраас жолооч надад хариуж өгч чадахгүй нь гэсэн.

Канад улсын иргэн Жордан Вайт: Хамгийн том бэрхшээл нь Канад хүмүүсийн хувьд бол цагийн бүс солиглож байгаа учраас цагийн зөрүү нэлээд хүндрэл учруулсан. Бусдаар бол бүх зүйл нь сайхан санагдаж байна.

Чили улсын иргэн Фернандо: Монголд ирэхийн тулд бараг 4 өдөр аялсан. Манай нислэг хойшилсон учраас нэлээд хүлээсэн. Тэр нь бага зэрэг асуудалтай байсан.

Тайланд улсын иргэн: Надад ямар нэг асуудал байгаагүй.

Англи улсын иргэн Викиардо: Асуудал бараг гараагүй ээ. Гэхдээ таксины аппликэйшн нь асуудалтай юм билээ.

legacy:medeeb/d2c00f596fd1451382ae433dde221d7b.jfif

Монголын нүүдэлчин өв соёл, бас байгалийг нь сонирхож ирсэн

Та яагаад Монгол Улсыг сонгож аялахаар шийдсэн бэ?

АНУ-ын иргэн Филип: Би ер нь Азийн орнуудаар аялж байгаа. Эхлээд Япон, Солонгос орнуудаар аялсан. Одоо Монголд ирж байна. Дараа нь Хятад руу аялахаар төлөвлөж байгаа. Монгол орныг хүмүүс сайн мэддэггүй болохоор ирж үзье гэж бодсон. Бас Солонгосоос Монгол руу нисэх нислэгийн үнэ хямдхан байсан болохоор ирсэн. Бас Монгол руу ирэхэд виз шаардахгүйгээр нэвтэрч байсан болохоор ирэх нэг шалтгаан болсон. Манай аяллынхан Монголын талаар сайн мэдэхгүй байсан болохоор илүү их сонирхсон.

Герман улсын иргэн: Олон шалтгаан байгаа. Монголын зэрлэг амьтад, онгон дагшин байгалиас гадна 3х3 сагсны тэмцээн болж байгаа учраас зорьж ирсэн.

Тайланд улсын иргэн: Говийн элсийг үзэх гэж зорьж ирсэн. Гэхдээ өчигдөр л ирсэн учраас хараахан үзээгүй байна. Тэр байгаль маш гоё байна байх. Тэнд очоод нүүдэлчдийн хоол идэж үзэх байх гэж бодож байна. Монгол орон бусад орнуудаас маш өвөрмөц гэж бодсон учраас зорьж ирсэн.

АНУ-ын иргэн: Би нэг баримтат кино үзсэн юм. Тэгээд би Монгол очиж үзэх ёстой юм байна гэж бодсон.

Англи улсын иргэн Викиардо: Би Монголын өв соёлыг мэдэхийг хамгийн их хүссэн. Хөдөө явж бүр ихийг судалж мэдэхээр маргааш явах гэж байна. Би аялах их дуртай. Өмнө нь Монголд ирж байгаагүй болохоор яагаад болохгүй гэж бодсон.

legacy:medeeb/a59172af74b5448e9a4051f50a35c741.jfif

Монгол руу аялахыг хүмүүст санал болгоно

Та танилууддаа Монголд аялахыг санал болгох уу?

АНУ-ын иргэн Филип: Тиймээ. Хөдөөгүүр сайн машинтай аялахыг санал болгоно.

Герман улсын иргэн: Сайн мэдэхгүй байна. Гэхдээ зөвлөх байх аа.

Канад улсын иргэн Жордан Вайт: Найзууддаа Монголыг зорьж ирэхийг зөвлөнө. Монгол руу ирэх гэж байгаа Канадуудад хэлэхэд Монгол бол маш гайхалтай орон. Ийшээ ирж аялаж үзвэл таны амьдралд өөрчлөлт гарах байх гээд хүмүүст санал болгоно.

Чили улсын иргэн Фернандо: Ойр дотныхондоо Монголд аялахыг санал болгоно.

АНУ-ын иргэн: Тиймээ. Монгол маш сонирхолтой газар. Яагаад болохгүй гэж. Би танилууддаа зөвлөнө.

Англи улсын иргэн Викиардо: 1000 хувь санал болгоно. Хүмүүс нь маш их нөхөрсөг, хоол нь үнэхээр амттай, өв соёл, түүх нь үнэхээр гоё.

legacy:medeeb/127101f55cb4400098f05eaf9ff7b7b0.jfif

Монголд дахиад аялахаас татгалзахгүй

Та дахиад Монголд аялах уу?

АНУ-ын иргэн Филип: Үгүй байхаа. Яагаад гэвэл би АНУ-д амьдардаг. Тэндээс Монгол руу шууд нислэг өндөр үнэтэй.

Герман улсын иргэн: Мэдэхгүй байна. 2 долоо хоногийн аялал төлөвлөсөн байгаа. Таалагдвал дахиад ирэх байх.

Канад улсын иргэн Жордан Вайт: Магадгүй. Одоогоор бол 3х3 тэмцээн үзэх гэж ирсэн. Найзуудтайгаа дахиад Монголд ирэх байх гэж бодож байна.

Чили улсын иргэн Фернандо: Тиймээ.

Тайланд улсын иргэн: Дахиад ирнэ гэж найдаж байна.

Англи улсын иргэн Викиардо: Тиймээ би ирнэ.

Монголыг хуучны хэв маягтай байх гэж бодсон ч орчин үеийн хот байсанд гайхсан

Монгол Улс таны хүлээлтэд хүрсэн үү. Төсөөлж байснаас чинь хэр байна?

АНУ-ын иргэн Филип: Миний төсөөлж байсан шиг байсан. Хөдөөгүүр машинаар аялах маш гоё байсан. Байгаль, зэрлэг амьтад, мал бүгд маш гайхалтай, үзэсгэлэнтэй байсан. Улаанбаатар хотыг бол нэг иймэрхүү байх болов уу гэж төсөөлж байсан.

Герман улсын иргэн: Монгол Улсыг би хүн ам ихтэй гэж төсөөлж байсан. Гэхдээ өчигдөр бүтэн сайн өдөр байсан болоод ч тэр үү хүн бага харагдсан. Би бас Монголыг маш хүйтэн гэж бодож байсан. Гэвч маш халуун байна.

Чили улсын иргэн Фернандо: Монголын талаар сайн мэдэхгүй. 3х3 тоглогчдыг л мэднэ.

Канад улсын иргэн Жордан Вайт: Бараг л миний төсөөлж байсан шиг байсан. Магадгүй тэрнээс ч илүү байх.

Англи улсын иргэн Викиардо: Улаанбаатар хотод ирэхээс өмнө судалгаа хийлгүй ирсэн. Ирсний дараа шинэ газар учраас надад их өөр санагдсан. Ази орнуудаас илүү барууны орнуудтай илүү адилхан зүйл ихтэй байсан болохоор надад таалагдсан.

АНУ-ын иргэн: Миний төсөөлснөөс өөр байсан. Би монголыг нэлээд хуучны хэв маягтай байх гэж бодсон. Гэтэл орчин үеийн хот байсан учраас гайхсан.

legacy:medeeb/0b239765fb4546778befcd611d0c0793.jfif

Монголын талаар өмнө нь сонсож байгаагүй учраас огт мэддэггүй байсан

Монголд ирэхээсээ өмнө Монголын талаар хэр их зүйл мэддэг байсан бэ?

АНУ-ын иргэн Филип: Би Монголын талаар өмнө нь сайн мэддэггүй байсан. Үнэндээ сонсож байгаагүй. Солонгосоор аялж байхдаа олж мэдсэн. Тэгээд сонирхол татсан.

Герман улсын иргэн: Үнэндээ мэддэггүй байсан, уучлаарай.

Канад улсын иргэн Жордан Вайт: Ерөнхийдөө бол мэддэг байсан. Наашаа нислэгээр ирж байх хугацаандаа бага зэрэг судалгаа хийсэн. Ирээд Чингис хааны маш том морьтой хөшөөг очиж үзсэн. Гайхалтай санагдсан.

Англи улсын иргэн Викиардо: Ихэнх хүн ам нь Улаанбаатартаа байдаг гэдгийг мэдэж байсан. Өв соёл талаас нь бага зэрэг судалж байсан. Миний ирсэн гол шалтгаан бол өв соёлыг илүү мэдэхийг хүссэн.

Танд энэ мезейн юу нь таалагдсан бэ?

Англи улсын иргэн Викиардо: Маш тодорхой байдал нь их таалагдлаа. Музейн үзмэрүүдийн тайлбарууд нь их ойлгомжтой. Мөн хөшөөнүүд нь маш их таалагдсан. Ялангуяа Чингис хааны аварга том хөшөө үнэхээр гайхалтай.

Монголд аялж байгаа жуулчдын нүдээр Монгол Улс ингэж харагджээ. Нүүдэлчин өв соёл, онгон дагшин байгаль гадны жуулчид Монголыг зорих гол шалтгаан аж. Харин ирсний дараа жуулчдад тулгардаг асуудал нь үйлчилгээний чанар, ялангуяа хөдөө орон нутагт аялахад тээврийн үйлчилгээ асуудал үүсдэгийг энэ хэдхэн жуулчны ярианаас харж болохоор. "Чингис хаан" музейг үзэж буй жуулчдад үйлчилж байсан хөтөчийн хэлснээр Улаанбаатар хотоор жуулчин авч явахад зогсоолын асуудал хамгийн их тулгамддаг гэнэ. Ялангуяа "Чингис хаан" музейн ойр хавьд зогсоол олддоггүй бөгөөд жуулчдын автобусыг 1-р эгнээнд зогсоохоос өөр сонголт байдаггүй болохыг хөтөч ярьж байв. Тиймээс Монгол ирэх жуулчдын тоог нэмэхийн тул эхлээд энэ мэт ахуйн жижиг асуудлуудаа шийдэх ёстой гэдгийг ч тэр онцолж байв. Харин гадны хүмүүс монголчуудыг маш найрсаг, тусч хүмүүс хэмээн дүгнэдэг ажээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    Дарга нар нь жуулчдыг ихээр авна гэдэг . Гэхдээ тэд нэг ч 00 барьж үзээгүй

  • З
    Зочин1 жил өмнө

    Үнэхээр гадаадын жуулчдад монгол орноо мэдүүлэхийн тулд хуучин гээд өмнөх дурсгалт барилгуудыг нураах хэрэггүй юм. Харин түүнийгээ сайжруулж өв соёлоо хамгаалах ёстой. Аль болох орчин үетэйгээ хослуулан ашиглаж хамгаалах нь хамгийн чухал. Үүнийг холбогдох байгууллага мэргэжлийн түүхч архив, архитектур, барилга байгууламжийн эрдэмтэн судлаачид үе үедээ анхаараасай. Төр засаг энэ тал дээр тогтвортой бодлоготой ухаантай хандаасай.

  • З
    Зочин1 жил өмнө

    Машин хөлслүүлдэг газруудыг маш сайн шалгаж байх хэрэгтэй. Гадаадын хүн ч бай, монгол хүн хүн ч бай аль ч хүний амь нас, эрүүл мэндийг хэдэн халтар бор төгрөгнөөс дор үздэг муу луйварчдыг хатуу шийтгэвэл зохино.

  • З
    Зочин1 жил өмнө

    Европчууд агуу юмаа соёл юм даа харин азиуд тэр дундаа солонгосууд дандаа муулах юм оо алга энэ тэр ер нь бол шийдэх ёстой асуудал л даа гэвч монгол бол монгол европчууд бол байгаараар нь хүлээж авдаг тэнд хүндрэл бэрхшээл бол адал явдал соёл гэдэг ийм хол зөрүүтэй байх юм даа

  • Х
    хуучин сургууль1 жил өмнө

    хүү хаа гээд л хүний түрийвч өлийгээд, манж ёс хэргэжиж байгаа бол бидний мэдэх дох_ европ, америкийн зарим аймгийн үнэт зүйлээс залуусаа хамгаалах хэрэгтэй байдаг,

  • Ф
    Фургон1 жил өмнө

    Одоо сэг Фургон ...болиул