Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕРЭГ: Охид нь улаан, хөвгүүд нь ногоон хантаазаар жигдэрч, ҮНДЭСНИЙ ХУВЦСААРАА гангардаг 2ж ангийнхан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 31 секунд

UBN сайтын сурвалжлах баг Монголын БАГШ нарын баярыг тохиолдуулан ангиараа монгол үндэсний хантаазаар жигдэрсэн Нийслэлийн ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн 2ж ангийг онцолж байна. Тус санаачлагыг ангийн багш Ц.Насанбуян гаргаж, нийт сурагчдын эцэг эхчүүд нь дэмжснээр бодит ажил болжээ. Ц.Насанбуян багш Монгол өв соёл, ёс заншлыг харуулсан зүйлд дуртай, маш их ач холбогдол өгдөг учраас багш болсноосоо хойш дааж авсан анги бүртээ энэ ажлыг хэрэгжүүлж, долоо хоногийн нэг өдөр монгол хувцсаар ижилсэж, гангардаг болсон байна.

Биднийг хичээл эхлэхтэй зэрэгцэн ангид ороход улаан, ногоон өнгийн хатаазаар жигдэрсэн хүүхдүүд угтлаа. Тэднийг харах төдийд л нүд баясаж, сэтгэл цэлмэж байсныг нуух юун.

Бид ангийн багш Ц.Насанбуянтай уулзаж цөөн хором ярилцсан юм.

-Та болон танай ангийнхан үнэхээр гоё харагдаж байна. Монгол хантаазаар ингэж жигдрэх санаачлагыг та өөрөө гаргасан уу?

-Багш нь даасан анги бүртээ энэ санаачлагаа хэрэгжүүлж 7 хоногийн нэг өдөр үндэсний хувцсаараа жигдэрдэг. Багш болсноос хойш 11 жилийн хугацаанд миний төгсгөсөн ангиуд бүгд жигдэрдэг байсан. Өмнө нь эцэг эхчүүдтэйгээ ярилцаж материал аваад оёдол хийдэг ээж нараараа оёулдаг байсан. Энэ удаад, эцэг эхчүүдтэйгээ ярилцаад бэлэн хантааз худалдаж аваад жигдрэх шийдэлд хүрсэн. Онцгой баяр л биш бол үндэсний хувцсаа өмсдөггүй хүүхдүүд өдөр тутамдаа өмсөөд ирэхээр үнэ цэнийг нь илүү мэддэг болдог юм шиг санагддаг.

-Монгол үндэсний хувцас хантаазаараа жигдрэхийг хүүхдүүд нь яаж хүлээж авсан бол. Сая хүүхдүүдтэй ярилцаж үзэхэд хантаазаа их дурлаж өмсдөг юм шиг санагдаж байна?

-Манай хүүхдүүд хантаазаа өмсөх маш их дуртай. Манай анги долоо хоног бүрийн даваа гарагт хантааз өмсдөг. Хантааз өмссөн өдрөө хүүхдүүд маань өөртөө итгэлтэй, илүү их хүчтэй болж байгаа нь шууд мэдрэгддэг.

-Танай ангийнхныг харсан хүмүүс ямар сэтгэгдэл хэлдэг вэ. "Хөөрхөн юм бэ, гоё харагдаж байна" гэх үгсийг байнга сонсдог болов уу гэж бодож байна?

-Хичээл эхлэх болон тарахад манай ангийнхан коридороор жагсаад явдаг. Тэр үед бусад ангийн сурагчид болон багш, эцэг эхчүүд "Ямар гоё юм бэ. Яасан хөөрхөн юм бэ" гээд бүгдийг нь өхөөрддөг. Тэр гоё эерэг таатай сэтгэгдлүүдийг хараад хүүхдүүд маань бүр их баярлаж, хөөрч, догдолдог.

-Танай ангийг сургуулийнхаа хөтөч анги гэж сонссон?

-Ёс заншил, өв соёл гэдэг ойлголт биднээс улам бүр алсарч байгаа юм шиг санагддаг. Тиймээс хичээлээрээ дамжуулж хүүхдүүддээ энэ талын ойлголт мэдлэгийг өгөөд цаашлаад бусад ангиуддаа хөтөч болоод ёс заншлын мэдлэгийг түгээх үйл ажиллагаа энэ хичээлийн жилээс явагдаж байгаа. Ангиа монгол ахуй шингээж тохижуулах, долоо хоногийн нэг өдөр монгол хувцсаараа жигдрэхээс эхлээд энэ талын мэдлэгийг авах гээд олон төлөвлөсөн ажил байгаа.

Харин тус ангийн сурагчдын тухайд, "Хантааз өмсөх гоё. Хүмүүс "Ямар хөөрхөн юм бэ. Гоё харагдаж байна" гэж хэлдэг. Хантааз өмсөхөөр бахархах мэдрэмж төрдөг. Бас гоё тухтай санагддаг" хэмээн ам уралдан ярьж байсан юм.

Өдөр бүр нэгэн хэвийн хувцаслаж, дүрэмт хувцсаа өмсөхийн хажуугаар нэг өдөр нь үндэсний хувцсаараа ижилсэх нь хүүхдүүдийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөхөөс гадна үндэсний гэх тодотголоо тээж, сурталчилах гээд олон давуу талтайг тус ангиас сурвалжилга бэлтгэх үедээ мэдэрсэн юм.

“Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг өргөн баримагц УИХ-ын дарга яаран сандран  нэр дэвших мэдэгдлийг хийсэн“
“Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг өргөн баримагц УИХ-ын дарга яаран сандран нэр дэвших мэдэгдлийг хийсэн“
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.