2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хувь тэнцүүлсэн болон тэтгэврийн доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлээд байна. Ингэснээр 2016 онд дундаж тэтгэврийн хэмжээ 285.2 мянган төгрөг байсан бол 2025 оны нэгдүгээр сарын 1-ны өдрийн байдлаар 848 мянган төгрөг болсныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр төрийн ордонд болсон "Ахмадын үндэсний чуулган"-ын үеэр онцолсон юм.
2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 505 орчим мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр 6 хувиар нэмэгдсэн. Ингэснээр хувь тэнцүүлэн тогтоолгох тэтгэврийн доод хэмжээ 572.400 төгрөг, бүрэн тэтгэвэр 689 мянган төгрөг, дундаж тэтгэврийн хэмжээ 848 мянган төгрөг болон нэмэгдэж буй. Гэсэн ч тэтгэвэр авагчдын 57 хувь нь хамгийн доод хэмжээг авч байгааг Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тайлбарласан удаатай.
Мөн ахмадуудын тэн хагас нь тэтгэврийн хамгийн доод хэмжээг авч байгааг Хүний эрхийн үндэсний комиссын захиалгаар Мэргэжлийн социологичдын холбоо ТББ-ын 2022 оны тайланд дурдаж байв. Судалгааны дүнгээр, 2022 оны хагас жилийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас 333.046 ахмад настан өндөр насны бүрэн тэтгэвэр авч байжээ. Тэдний 73.49 хувь нь буюу 244.763 ахмад настан тэтгэврийн доод хэмжээ болох 500.000 төгрөгийн тэтгэвэр авч байгааг дурдсан юм. 2022 онд тэтгэврийн дундаж хэмжээ 562.500 төгрөг байсан нь улсын дундаж цалин хөлснөөс 2.7 дахин бага үзүүлэлт болох нь судалгаа харуулсан нь анхаарал татаж байлаа.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!