БАРИМТ: УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн төрсөн ахын хүүхэд “Админерал“ ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Х.Хасбатартай 2019 оноос хойш хамтарсан компани эзэмшиж, холбоотой байсан НОТОЛГОО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 24 секунд

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хэрэгт нэр холбогддог, тэр дундаа БНХАУ-ын иргэнтэй хамтарч Тавантолгойн орд газарт нүүрс угаах үйлдвэр барьсан гэх асуудал бүтэн хоёр жилийн хугацаанд маргаан дагууллаа. “Адменирал” гэх компанитай нэр холбогдсон тэрбээр, өнгөрсөн хугацаанд “Би Админералтай компанитай ямарч холбоогүй” гэсээр сонгуульд орж, улмаар УИХ-ын даргын албан тушаалд суусан. Харин түүний найз, өнгөрсөн хугацаанд Ардын нам дээр багагүй ойр хугацаанд ажиллаж буй МАН-ын хэвлэлийн албаны дарга Ц.Чулуунзагдын нэр “Админерал”-тай холбогдож өнөөдрийг хүрэв. Учир нь “Админерал” гэх компанийн гүйцэтгэх захирал Ц.Ламжав нь Ц.Чулуунзагдын төрсөн ах билээ.

Тэгвэл энэ удаад бид УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Тавантолгойн бүлэг ордуудын нэг болох Бортээгийн ордын яг хажууд баригдсан нүүрс угаах үйлдвэрийг барьсан БНХАУ-ын иргэний оролцоотой “Админерал” ХХК-тай шууд хамааралтай байж болохуйц гэдгийг нотлох зарим баримтуудыг хүргэж байна. Энэ нүүрс угаах үйлдвэр бол зөвхөн нүүрс угаах үйлдвэр биш гэдгийг нүүрсний сонсголын үеэр хангалттай баримт материалаар гаргаж ирсэн байдаг. Тодруулбал, Бортээгийн орд бол Тавантолгойн бүлэг ордуудын дунд байрлах нүүрс олборлох боломж, нөөцөөрөө "Ухаа худаг"-ийн дараа орох хоёр дахь том орд юм. Өнөөдрийн байдлаар нийт тогтоогдсон нөөц нь 400 ИХ НАЯД төгрөгийн нүүрс гаргах боломжтой гэдэг. Өөрөөр хэлбэл, 400 их наяд төгрөгийн нүүрсийг худалдах, борлуулах, үнэ тогтоох монопол эрхийг угаах үйлдвэр нэрийн дор ганцхан компанид өгсөнд л хамгийн том хулгай оршиж буй гэдгийг нүүрсний сонсголын үеэр хангалттай олон нийтэд мэдээлсэн билээ.

НЭГ, Д.Амарбаясгалангийн төрсөн ах Д.Амгаланбаатарын хүү А.Эрхэмбаярын үүсгэн байгуулсан

“Дижитал Пи Ар” компани...

Энэхүү баримтын учиг холбоог хөөж олоход өнгөрсөн сард ил болсон “Шинэ хоршоо”-ны хэвлэлүүдтэй хийсэн 1.7 тэрбумын төгрөгийн гэрээний дуулианы үеэр ил гарсан баримтуудаас улбаалж, хөөж олсон гэдгийг дурдах нь зүйтэй.

Д.Амарбаясгалан болон Ц.Чулуунзагд нар “Админерал” гэх компанийг мэдэхгүй, оролцоогүй гэх тайлбарыг олонтаа өгдөг. Ялангуяа УИХ-ын дарга өөрийгөө энэ компанитай ямарч холбоогүй гэх тайлбарыг өгсөөр өдийг хүрсэн. Тэгвэл түүний ахын хүүхэд болох Дашзэвгийн Амгаланбаатарын хүү Амгаланбаатарын Эрхэмбаяраас эхлээд хамаарал бүхий этгээдүүд нь “Админерал” компанийн хувьцаа эзэмшигч Хасануртын Хасбатартай харилцаа хамааралтай байжээ.

Тодруулбал, Д.Амарбаясгалан даргын төрсөн ахын хүүхэд болох Амгаланбаатарын Эрхэмбаяр нь 2017 оны 11 сард “Дижитал Пи Ар” гэх компанийг Эрдэнэтогтохын Амаржаргалтай хамт үүсгэн байгуулсан байдаг. Энэ Э.Амаржаргал нь Ц.Чулуунзагдын үүсгэн байгуулсан “Бууч” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэдгийг өнгөрсөн нүүрсний сонсголын үеэр шинжээч ил болгож байсныг сануулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, “Дижитал Пи Ар” гэх 2017 онд үүсгэн байгуулагдсан энэ компанитай УИХ-ын дарга болон МАН-ын хэвлэлийн албаны дарга байсан Ц.Чулуунзагд нар хоёулаа хамааралтай болох нь эндээс харагдаж байгаа юм.

Caption

ХОЁР, “Админерал”-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Х.Хасбатартай УИХ-ын даргын хамаарал бүхий этгээдүүд 2019 оноос хойш хамтарсан компани эзэмшиж байжээ

Хамгийн сонирхолтой нь өнөөдрийг хүртэл огт мэдэхгүй, холбоогүй гэгдэж байсан “Админерал” компанийн гол хувьцаа эзэмшигч “Моновант” компанийн үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн Хасануртын Хасбатар гэгчтэй бүр 2019 оноос хойш УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий этгээдүүд нь хамтарсан компани эзэмшиж байгаа явдал юм. Мөн Ц.Чулуунзагдын үүсгэн байгуулсан “Бууч” компанийн гүйцэтгэх удирдлага Э.Амаржаргал ч гэсэн хамтарсан компанитай байсан явдал юм.

Тодруулбал, Улсын бүртгэлд 2017 оны 8 дугаар сард бүртгэгдсэн “Сурвэйс майнинг Монголиа” ХХК-д анхаарал хандуулах ёстой юм. “Сурвэйс майнинг Монголиа” компанийн хувьцаанд дурдагдсан УИХ-ын даргын төрсөн ахын хүү А.Эрхэмбаярын хувьцаа эзэмшдэг “Дижитал Пи Ар” ХХК 20 хувийг, Пүрэвдоржийн Манлай-Эрдэнэ 40 хувь, БНХАУ-ын иргэн Хасануртын Хасбатар 20 хувь, Жарантайн Болд-Эрдэнэ 5 хувь, Болдбаатарын Тэнгис 15 хувийн хувьцааг тус, тус эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр дөрвөн иргэн, нэг хуулийн этгээд хамтарч “Сурвэйс майнинг Монголиа” гэх уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах компанийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа гэсэн үг.

Энэ дунд нь “Админерал” ХХК-ийн 45 хувийн хувьцааг эзэмшигч “Моновант” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Хаснуртын Хасбаатар байгаа юм. Эргэн сануулахад, “Админерал” ХХК-ийн 45 хувийг “Моновант” ХХК, 21 хувийн БНХАУ-ын Quzhou Longyuan Trading ХХК, 34 хувийг нь Хонконг Руйшен Глобал групп ХХК тус, тус эзэмшдэг юм. Харин “Админерал” ХХК-ийн хамгийн их хувьцаа эзэмшигч болох “Моновант” ХХК-ийн 20 хувийн хувьцааг БНХАУ-ын иргэн Хасануртын Хасбатар, 80 хувийн хувьцааг Ц.Чулуунзагдын төрсөн ах Цэдэнпилийн Ламжав эзэмшиж байгаа юм.

“Сурвэйс майнинг Монголиа”

“Сурвэйс майнинг Монголиа”-г бүртгүүлэхдээ өгсөн бичиг баримт

“Моновант”-г бүртгүүлэхдээ өгсөн бичиг баримт

“Сурвэйс майнинг Монголиа”-г бүртгүүлэхдээ өгсөн бичиг баримт

ГУРАВ, “Шинэ хоршоо”-гоос 200 сая төгрөгийн санхүүжилт авсан ТББ-ын хувьцаа эзэмшигчдийн хэвлэлийн компанийн 60 хувийн хувьцааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ахын хүүхэд эзэмшиж байжээ

Өөр нэг баримт нь “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг далимдуулж, хэвлэлийн байгууллагуудын нэрийг барьж 200 сая төгрөгийн санхүүжилт авсан гэх “Тусгай сурвалжилга” ТББ-ын тэргүүн Д.Майцэцэг болон хувьцаа эзэмшигч байсан Т.Оюумаа нарын хамтарч эзэмшдэг “Товч Репорт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ахын хүүхдийн эзэмшдэг “Дижитал Пи Ар” байгаа юм. “Товч репорт” ХХК буюу ТОВЧ.МН сайтын 60 хувийн хувьцааг өнгөрсөн жилийн 10 дугаар сар хүртэл “Дижитал Пи Ар” компани эзэмшиж байгаад Өлзийхишигийн Адъяасүрэнд шилжүүлсэн байгаа юм.

ДӨРӨВ, “Шинэталст” хэмээх УИХ-ын даргын гэр бүлийн компани...

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ах, ахынх нь хүүхдүүд нь ах дүү хамаатан садны холбоо гэхээс гадна бизнесийн ашиг сонирхол нэгтэй болохыг нотлох компани бол “Шинэталст” гэх гэр бүлийн компани юм. Тодруулбал, тус компанийг 2006 онд үүсгэн байгуулсан бөгөөд идэвхтэй хувьцаа эзэмшигчээр нь УИХ-ын даргын эхнэр Дашхүүгийн Бямбасүрэн, төрсөн ахынх нь хүү болох Амгаланбаатарын Эрхэмбаяр, төрсөн ах нь болох Дашзэвгийн Лувсандорж нар бүртгэлтэй байна. Мөн “Шинэталст” ХКК-ийн гүйцэтгэх захирлаар “Сурвэйс майнинг Монголиа” ХХК-д “Админерал”-ийн хувьцаа эзэмшигч Хасануртын Хасбатартай хамтарсан хувьцаа эзэмшигч Амгаланбаатарын Эрхэмбаяр ажиллаж байна.

Шинэталст ХХК

Ийнхүү УИХ-ын даргын хамаарал бүхий этгээдүүд буюу нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд нь аль 2019 оноос хойш БНХАУ-ын иргэн Хасануртын Хасбатартай “Админерал”-аас ч өмнө холбоотой, бизнесийн ашиг сонирхол нэгтэй явж ирсэн байж болзошгүй баримтуудыг UBN сайт хүргэлээ. Ингэснээр УИХ-ын даргын өмнө хэлж байсан “Мэдэхгүй, хамааралгүй” гэж байсан тайлбарын талаар дахин нэг эргэцүүлж бодох шаардлага гарч байгаа юм. Мөн хууль хяналтын байгууллагууд, УИХ эдгээр асуудлыг хэрхэн үнэлж дүгнэж, хариуцлагын асуудлыг хөндөх вэ гэдэг сонирхолтой байна. Үүнээс гадна нүүрсний хулгайтай тэмцэж, шударга ёсыг тогтооно гэж өдөр шөнөгүй пиардаж, “Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ, Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан гэж байхгүй” хэмээн 21 аймгаар тойрсон Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ дэргэдээ байгаа “эрдэнэ”-ийнхээ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэдэг улс төрийн асуулт ч хариулт нэхэх нь гарцаагүй.

Үргэлжлэл бий...

Админерал ХХК
Моновант ХХК

МАРГААШ: Улаанбаатарт 3 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 3 хэм дулаан байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Сэтгэгдэл (32)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!