Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр өр, орлогын харьцааг сулрууллаа. Тодруулбал, тус хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөл өөрчилсөн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаа /ӨОХ/-ны дээд хязгаарыг 55 хувь болголоо.
2019 оны дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс хойш саяхныг хүртэл өр орлогын харьцааны дээд хязгаар 60:40 байсан юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын 60 хувиас давж болохгүй. Тэгвэл энэ нөхцөл 5 хувиар суларч байна.
Сануулахад, 2018 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргасан. Энэ тогтоолын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш иргэдэд шинээр олгох зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын хэмжээний 70 хувиас давж болохгүй байх шийдвэрийг гаргаж байсан удаатай.
Өр, орлогын харьцаа гэж юу вэ?
- Монголбанкны “Өр, орлогын харьцааг тооцох аргачлал”-ыг удирдлага болгон гаргасан лавлагаа юм. Тухайн иргэний татварын дараах цэвэр орлогын сарын дундаж дүн болон нээлттэй зээлүүдийн сарын төлөлтийн хэмжээг орлогод эзлэх хувиар нь дэлгэрэнгүй харуулдаг лавлагаа юм.