Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гүндалай: Би тэмцэгч хүн. Авлигачдад төрийн “төмөр нүүр“ хэрэгтэй

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
33 минут 49 секунд

NTV телевизийн “Лхагвын тойм” хөтөлбөрийн энэ удаагийн дугаарт “Ард түмний хүч” намын дарга Л.Гүндалайг урьж, ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе?

-Сайн байцгаана уу?

-Таниар сонин сайхан юу байна. Сайхан хаваржиж байна уу?

-Сайхан хаваржаад, сайхан зусаж байна. Одоо сонгуульдаа бэлдээд байж байна даа. Саяхан Эрдэнэт, Хөвсгөл, Булган аймгаар яваад ирлээ. Ийм л ажилтай байна даа.

-За, “Ард түмний хүч” намаар сонин юу байна?

-“Ард түмний хүч” нам энэ удаагийн сонгуулиар бүх тойрогт гишүүдээ нэр дэвшүүлсэн. Мөн намын жагсаалтад нэлээд хэдэн хүн тавилаа. Нийт 68 хүний нэрийг дэвшүүлээд байна.

-Тойрогт нэр дэвших хүмүүсийн сонирхол татах жишээ хэн байна. Хэнийг аль аль тойрогт явуулж байна?

-Энэ жил тойрог том болохоор нээх сонирхол татах нь ч хаашаа юм. Би өөрөө намын даргын хувьд тойрогт явж байгаа. Дөрөвдүгээр тойрогт буюу Хөвсгөл, Эрдэнэт, Булганд өрсөлдөхөөр шийдчихсэн. Бусад бүх тойрогт 3-4 хүн дэвшүүлж байгаа. Тойргийг заавал гүйцээх гэсэнгүй. Жагсаалтын 48-ыг ч гүйцээх гэсэнгүй.

-Жагсаалтад чинь хэдэн хүн байна?

-10 хүн байгаа. Жагсаалтыг Г.Арслан гээд Германд сургууль төгссөн, “Шударга иргэдийн фронт” хөдөлгөөний тэмцэгч залуу бий дээ.

-Яагаад заавал тэмцэгч хүнээр жагсаалтаа толгойлуулах болов?

-Би чинь Германд Анагаахын сургууль төгссөн хүн шүү дээ. Г.Арслан бид хоёр Германд хамт байхын л танил. Г.Арслан өмнө нь ч “Ард түмний хүч” намаас нэр дэвшиж байсан. Тэмцэгч гэхээсээ илүү нэг баг болж ажиллах миний цэрэг. Мөн миний комманд дор миний үгнээс гарахгүй, бодлогоос зөрөхгүй ийм л хүмүүс байгаасай гэж бодсон. Энэ бол манай намын бодлого.

-С.Эрдэнэ намайг цахим сонгуулиараа ялсан-

-Та анх нам байгуулаад, Ардчилсан намаас тусдаа гарч байсан. Ингэсэн шалтгаан нь юу юм бэ?

-Би 2000 онд бие даагч байхдаа Ардчилсан намыг гудамжинд байхад нь тоож орж, амь тариа хийж өгч байсан. АН чинь бүр баларсан байсан шүү дээ. Навс ялагдаад, ганцхан хүнтэй. Тэр нь талийгаач Ж.Наранцацралт байсан. Тэгээд би энэ намд орж тэмцэл хийгээд, Ардчилсан нам, ардчилал гэдгийг чинь амилуулсан байхгүй юу. Улмаар 2004 онд “хүүхдийн мөнгө”-ийг санаачлаад, бараг АН-ыг ялуулсан хүн шүү дээ.

Гэтэл АН маань олон намын эвсэл бөгөөд цаанаа их мөнгөтэй хүн тоглодог нам болчихсон. Тэр хүмүүс нь намайг буланд шахах бодлого барьсан. Тэр олон фракцуудын дунд явж чадахгүй учраас энэ намаас гарч байсан юм. Намаас гараад Ардын нам нэгдээгүй байхгүй юу. Дандаа л өөрийнхөө овоохойг босгоод явдаг ийм хүн. Би уг нь АН-ыг олон фракцаасаа салаасай гэж бодож саяхныг хүртэл Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэж тамгатай байх үед даргынх нь сонгуульд өрсөлдсөн. Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвшиж явсан. Бүгдэд нь С.Эрдэнэд ялагдсан. С.Эрдэнэ намайг цахим сонгуулиараа ялсан гэж бодъё.

Гэтэл АН-ын ҮБХ одоогоос 6-7 сарын өмнө хуралдаж, “оффшор” С.Баярцогтыг Тэргүүн дэд даргаараа сонгоход нь л “За уучлаарай. Хэрвээ энэ С.Баярцогтыг Тэргүүн дэд даргаараа тавиад сонгуульд орж байгаа бол АН хэзээ ч ялахгүй юм байна. Хоёрдугаарт, доторх фракц буюу мөнгөтэй хүмүүсийн тоглолтоос гарахгүй юм байна. Би хангалттай хүлээлээ, одоо больё” гэж намаасаа гарсан. Харин “Ард түмний хүч” намаа хамгийн итгэлтэй хүн буюу эхнэртээ өгсөн байсан учраас намын хурлаа хийгээд намын дарга болсон. Эхнэрээсээ намаа авсан гэсэн үг.

-“Ард түмнээ хайрлая” гэдэг нэртэй байж байгаад яагаад “Ард түмний хүч” болсон юм бэ?

-Ер нь улс орон гэдэг чинь ард түмнээ хамгаалах, амьдрах нөхцөл боломж олгох, харин иргэд нь улс орноо хүндэлж өөрийнхөө гэр бүл шиг хайрладаг байх ёстой. Япон, Солонгосыг харахад эх орондоо ямар их хайртай байна. Эндээс үлгэр жишээ авах хэрэгтэй. Би энэ жишгээр бодож “Ард түмнээ хайрлая” гэдэг нэрийг өгч байсан. Харамсалтай нь, монгол хүмүүс ийм юмыг ойлгох талдаа сонин ч юм уу, “Ард түмнээ хайрлая ч гэнэ үү гэх мэтээр инээгээд байдаг. Магадгүй тэр хүмүүсийн сэтгэлд ард түмнээ хайрлах сэтгэл байдаггүй байх л даа.

За тэгвэл ард түмэн хүчтэй юм чинь гээд “Ард түмний хүч” болгосон. Манай ард түмэн хүчээ үзүүлье гэвэл хүчтэй байхгүй юу. Даан ч хүчээ үзүүлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, хэзээ нэгэн цагт хүчээ үзүүлэх байх гэж бодоод энэ нэрээ өгсөн.

-Танай намын бодлогыг сонирхож байна. Ямар бодлого баримталж, юуны төлөө улс төрд зорьж байгаа нам бэ?

-Намын бодлого гэдэг чинь өөрөө намынхаа дарга лидерийнхээ бодлого, харизмтай салшгүй холбоотой байдаг. Улс төрийн онол практикаар ч намын лидер нь хамгийн чухал байж, сонгуульд ялалт авчирдаг.

Би нэг жишээ хэлье. Ли Куан Ю гээд хүн Сингапурын Ерөнхий сайдын албыг бараг насаараа хашсан. Түүний бодлогоор Сингапур улс ингэж хөгжсөн. Ли Куан Ю гэдэг хүний намын бодлогоор биш.

Зарим хүмүүс манай намыг нэг хүний нам, гэр бүлийн нам ч гэнэ үү, янз бүрээр ярьдаг. Нэг хэсэг манай эхнэр дарга нь байсан шүү дээ. Би чинь өөр хүнд өгнө гэхээр итгэхгүй байгаа юм. Хэн нэгэн хүнд өгчихвөл сонгууль болохоор тамгаа аваад хаяж зугтдаг эсвэл хурал хийгээд хэн нэгэнд зарж болно шүү дээ. Яагаад гэвэл би чинь улстөрчдийн онцгой анхаарлын төвд байдаг хүн. Та нар мэдэхгүй. Ер нь улс орныг хөгжүүлдэг зүйл бол лидертээ л байдаг. Жишээлбэл, Монгол Улс нэг лидертэй л байсан. Тэр лидерийг Чингис хаан гэдэг байлаа. Чингис хаан гэж хүн Монголыг хүчирхэг болгож чадсан тийм л лидер. Тэгэхээр улс төрийн намын хамгийн чухал зүйл бол лидер нь. Түүнээс биш олон гишүүнтэй, фракцтай байгаад улс орныг хөгжүүлдэггүй.

-Улс төрд олон жил явсан хүний хувьд хөрш хоёр орноос ирж буй геополитикийн дарамтыг юу харж байна. Ийм дарамт байдаг уу?

-Мэдээж шүү дээ. Бид Эгийн голын УЦС-аа барих гэхээр л оросууд дарамталдаг гэж байгаа. Ер нь Орос, Хятадтайгаа учраа олоод зөв явах хэрэгтэй. Бид энэ хоёр улсаас зайлж чадахгүй. Энэ хоёр хөрштэй ямар ч бодлого ярих хэрэггүй. Сайн харилцаагаа аль болох хөгжүүлж, хөлд нь сууж байгаад наймаагаа хийх шаардлагатай. Бүр болохгүй бол “Уучлаарай орос ах аа, бид станцаа баримаар байна. Та нар зөвшөөрөөч ээ” гээд учраа хэлэх хэрэгтэй.

Болохгүй гэвэл “Яагаад байгаа юм, та нар бидэнтэй ингэж харьцаж болохгүй биз дээ” гэдгийг ил тод хэлээд асуудлыг шийдэх хэрэгтэй. Бүр болохгүй бол хүчинд автахаас өөр аргагүй.

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ШХАБ-д Монгол Улсыг оруулна гэх мэдээлэл гараад байна. Өмнөх Ерөнхийлөгчийн үед ч энэ асуудал яригдаж байсан?

-Үнэнийг нь л хэлчихье. Элдэв юманд орох шаардлагагүй. ШХАБ-д оръё гэхээр барууныхан бидэнд шахалт үзүүлэх асуудал гарч ирнэ. Тэгэхээр энд тэндээс шахалт оруулахгүйгээр төвийг сахиад явсан нь дээр.

-Нам байгуулж сонгуульд оролцоод, улс төр хийхэд асар их санхүүжилт шаардагдана. Танай нам энэ санхүүжилтээ яаж шийдэж байна?

-Манай нам энэ удаагийн сонгуульд нээх их санхүүжилт шаардлагагүй гэж бодож байгаа. Би түрүүн хэлсэн шүү дээ. Аливаа намыг, улсыг лидер л авч явдаг юм. Өнөөдөр монголчууд лидер, толгойлогчоо л хүлээж байна.

Манай нам бол Л.Гүндалай гэдэг хүний толгойгоор явж буй нам. Ардчилсан нам шиг олон толгой гаргаж хэрэлдэж фракцлаад, 2-3 тамгатай болоод байх асуудал байхгүй. Манай намын нэр дэвшигчид бүгдээрээ миний цэргүүд. Ингээд л ойлгочих. Би тэр цэргүүдийнх нь толгой нь. Чи өөрөө улс төрийн онол эд нар уншаагүй сэтгүүлч хүн.

-Л.Оюун-Эрдэнэ улс орныг аятайхан аваад явчихсан бол сонгуульд 100 хувь ялна аа гэж хөдөөнийхнийг хахуулдах гээд ядарч явахгүй-

-Уншаагүй гэж үү. Та яаж мэдэж байгаа юм?

-Би улс төрийг бүх хэл дээр нь үзээд ойлгосон, хорин хэдэн жил улс төр хийж яваа хүн. Чи надтай улс төрийн онол, практикийн цэц хаях яагаа ч үгүй. Тэрийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би чамд бусдад байхгүй нэг л юмыг хэлье. “Ард түмний хүч” намыг нэг хүний нам гэнэ үү, юу гэнэ үү хамаагүй. Энэ намын гол толгой нь ерөөсөө л би. Миний үзэл санаа, бодлогоор энэ хүмүүс явна. Би нийт ард түмэнд хэлж байгаа. Манай намын нэр дэвшигчдийг дэмжвэл Л.Гүндалайгийн зүрх сэтгэл, толгойгоор явах хүмүүс. Хоёрдугаарт, юмны толгой нь зөв байх ёстой.

Эсрэгээрээ нам гарч ирчхээд, хэдэн тийшээ харж хэрэлдээд сууна. Бас гарч ирсэн намын толгой нь муу. Эх орноо гэсэн зүрх сэтгэл байхгүй, улсын нийгмийн эдийн засгийг хөгжүүлээд авч явж чадахгүй хүмүүс гарч ирээд байна шүү дээ. Өнөөдөр МАН-ыг хар. Толгой нь Л.Оюун-Эрдэнэ. МАН 8 жил засаглалаа. Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр улс орныг аятайхан аваад явчихсан бол сонгуульд 100 хувь ялна аа гэж 50 сая төгрөгөөр хөдөөнийхнийг хахуулдах гээд ядарч явахгүй шүү дээ.

-Ер нь танай нам дотор ардчилал хэр байна?

-Хүүе, чамд нэг юм хэлье. Анх 2000 онд улс төрд орж байхдаа ардчилал гэдэг юм улс орныг хөгжүүлнэ гэж бодоод орж байсан юм. Гэтэл яг үнэндээ ардчилал гэдэг чинь буурай хөгжилтэй орнуудад зориулсан тоглоомын дүрэм байж магадгүй. Ганц зүйл хэлэхэд, Сингапурт ардчилал гэж зүйл байхгүй. Тэнд Ли Куан Ю-гийн нэг л нам бий. Түүний дараа хүү нь намын дарга, Ерөнхий сайд болсон. Мөн сөрөг хүчин болон дөрөв дэх засаглал гэж байхгүй. Гэсэн ч тухайн улс хөгжиж л байна. Тухайн улсын иргэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа шүүмжилбэл, та энэ улсаас зайл аа л гэнэ. Хоёрдугаарт, БНХАУ бол социализмтай улс. Гэтэл тэр улс яаж хөгжиж байна. Нийгэм, эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байна. Харин барууныхан Хятадыг задлах гэж л ардчилал, хүний эрхийн эсрэг зөрчил гарч байна гэж ярьдаг.

Монголд ардчилал нь анархизм болсон. Би хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ. Гэхдээ төр, засгийн бодлого нэг өөр. Нөгөө талаас нэгдсэн удирдлага, зөв удирдлагатай байх маш чухал. Манай намын тухайд, би зөвлөх найзуудтайгаа ярилцаад, эцсийн шийдвэрийг би гаргана. Миний тархи толгойгоор л явна. Би тэгэх гэж нам байгуулсан. Энэ бол “Ард түмний хүч” нам. Монголын ард түмний сайн сайхны төлөө зүтгэх гэж байгуулсан нам.

Харин надад юу ч дутаагүй. Би тийм баян хүн биш. Надад уул уурхайн том бизнес байхгүй. Зүгээр л биеэ засаад гэрээ зассан. Төрөө засахад бэлэн болсон л хүн. Тийм учраас бид энэ сонгуульд нээх мөнгө зарахгүй. Бүх тойргоор явах ч хэрэггүй. Нэр дэвшигчдэдээ хэдэн туг далбаа, “Ард түмний хүч” гэсэн малгай, подволк мөн 50-100 мянган төгрөг өгчихнө. Тэгээд тойрогтоо очно уу, байна уу хамаагүй. Бид Улаанбаатарт юу ч хийхгүй. Брошур ч тараахгүй. Бүр хүсвэл жижигхэн брошур эсвэл сонин тараана гэж бодож байна. Гэхдээ тэр нь ямар ч өнгөт зураг байхгүй, шатаахад бэлэн. Материалаа өгөхдөө “Уншчихаад гал түлээрэй” л гэнэ. Нээх зарцуулаад байх мөнгө ч алга, сонирхол ч алга. Ер нь нийт сонгогчдын бараг 60 хувь нь МАН, АН-д ялангуяа МАН-д саналаа өгөхгүй гэж байна лээ. Эд нар энэ судалгааг ил гаргахаас ичээд байгаа юм.

-Х.Нямбаатар “Ц.Гантулга бид хэд хамтарч ажилладаг юм аа, та хэлсэн санааг нь хүлээгээд авчхаарай” гэсэн-

-МАН, АН гэх хоёр нам ээлжилж, төр барьсаар ирлээ. Танай нам гуравдагч хүчин байхын тулд сонгуульд ямар нэг нам, эвсэлтэй нэг цул болоод оролцъё гэсэн бодол байсангүй юу?

-Гуравдагч хүчний хувьд хэд хэдэн нам манайхтай уулзаж, эвсэе, нэгдэе гэх зүйлийг ярьсан. Тухайлбал, “Шинэ эвсэл”-ийн дарга Ц.Гантулга надтай уулзсан. Би угаасаа тэр хүнийг танихгүй юм байна лээ. Ардчилсан намд байсан гэсэн. IRISH-д уулзах гээд очтол утсаа бариад өөдөөс гүйлээ. Ярьж байсан утсаа надад өгч байна. Аваад ярьтал “Нямбаатар байна” гэнэ. Ямар гэсэн чинь “Хотын дарга Х.Нямбаатар” гэсэн. Тэгсэн чинь “Ц.Гантулга бид хэд хамтарч ажилладаг юм аа, та хэлсэн санааг нь хүлээгээд авчхаарай” гэж байна. Гайхаад утсыг нь өгтөл нөгөө Ц.Гантулга чинь намайг буруугаар ойлгосон бололтой “Бид Х.Нямбаатараар дамжуулаад, Л.Оюун-Эрдэнэ бид хэд нягт холбоотой ажиллаж байгаа. Сонгуульд амжилттай оролцохын тулд МАН заавал хэрэгтэй. Тийм учраас эвсэе” гэх утгатай зүйлийг хэлсэн. Энийг нь дэмжчихнэ гэж тэр Х.Нямбаатартайгаа утсаар яриулж байгаа юм байна л даа.

Сэтгүүлчид Хотын дарга Х.Нямбаатараас энэ талаар асуугаарай. Үгүй гэхийг нь харъя. Хүн гүтгээд байх шаардлага надад байхгүй. “Ард түмний хүч” нам бол МАНАН бүлэглэлтэй холбоогүй, тэдний гар хөл болоогүй ганц нам. Энийгээ би цахим орчноор олон хэлсэн.

“Шинэ эвсэл”-ийн дарга Ц.Гантулга гэдэг хүн миний хажууд “Хунтайжтай ярилаа” гэж байна. Тэр нь хэн бэ гэсэн чинь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм байна. Тэгснээ “Заза хоёулаа дараа уулзъя. Би Л.Оюун-Эрдэнэтэй уулзлаа” гээд Төрийн ордон руу явсан.

-“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар чинь манай гэрт 2-3 хонох шахсан-

-Танай намыг эвсэлтэй нэгтгэхийн цаана МАН байгааг та хэллээ. Ямар шалтгаанаар танайхыг эвсэл болгож, өөрсөд рүүгээ татах гээд байгаа юм?

-Магадгүй би тэд нартай нэгдвэл тэд илүү хүчтэй болно. Хоёрдугаарт, цаагуураа Ардын намын санаа байгаа л гэж ойлгосон. Дараа дараагийн сонгууль буюу орон нутгийн, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гээд эвсэлээсээ асуух болчихно. Эвсэл өөрөө 50, 50 хувь гэхээр би сонгуульд орж чадахгүй.

Бас “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар чинь манай гэрт 2-3 хонох шахсан. Шалтгаан нь мөн л эвсэе, нэгдэе гэх утгатай. Би үгүй ээ л гэсэн. Энэ намууд чинь бүгдээрээ МАН-аас санхүүжээд байгаа юм билээ. Мөн өөрсдийгөө тэмцэгч гэсэн 10 гаруй хүн манай намд элсэх гээд ирсэн. Нэг хүнд 60 сая төгрөг өгвөл танай намаас нэр дэвшье гэхээр нь үгүй гэсэн чинь “Үнэн ба зөв нам” руу явчихсан. Надад тэгж нэр дэвшигч, фракц тэжээх мөнгө байхгүй.

-Би эрх баригчидтай нийлдэггүй, тэднийг долоодоггүй, юм гуйдаггүй биеэ даасан хүн-

-Танай намынхан танд итгээд байна. Гэвч та нэг АН дээр очоод, буцаж намаасаа гарч явсан. Буцаж намдаа ороод, даргын төлөө өрсөлдсөн. Одоо өөрийнхөө намыг сонгуульд авч орох гэж байна. Энэ үйл явцыг юу гэж харж байна?

-Ардчилсан намаа л өөрчлөгдөөсэй, ядаж би дарга нь болоод сонгуульд ялуулчихъя л гэж бодсон юм. АН-ын даргад өрсөлддөг чинь 2024 оны сонгуульд ялуулъя л гэх зорилготой байсан. Харамсалтай нь, С.Эрдэнэ гэдэг хүн чинь цахим сонгуулиараа намайг луйвардсан шүү дээ. Хэрвээ намын гишүүд дотроо сунгаа явуулсан бол би тасархай ялах байсан. Ялсан бол өдийд АН-ыг ялуулах гээд явж байх байлаа. Нээрээ шүү.

Би өөрийгөө “Ард түмний хүч” намын лидер гээд байгаа болохоор хийх хэд хэдэн зүйл байна. Хийж чадах хүн нь би. Энийг миний амьдралын түүх харуулна. УИХ-ын чуулганы нээлтийг ганцаараа гурван удаа тарааж байлаа. Би эрх баригчидтай нийлдэггүй, тэднийг долоодоггүй, юм гуйдаггүй биеэ даасан хүн. Хоёрдугаарт, би “хүүхдийн мөнгө”-ийг санаачилсан. Би халамжийн бодлогод дуртай. Монголын 1.3 сая хүүхэд мөнгө авлаа. Тэдгээрийн аав ээж, эмээ өвөө нь бүгд надад баярлаж, ач буян санах ёстой. Мөн би Германд эмч мэргэжлээр сургуулиа онц төгссөн. Нэмээд өөрийгөө хөгжүүлсэн, улс орны талаар мэдсэн сурсан зүйл зөндөө бий. Гуравдугаарт, би тэмцэнэ. Юутай тэмцэнэ гээч. Хулгайч, луйварчид, нүүрсчид, Монголыг доош нь хийсэн бүх нөхдийг би хатуу цээрлүүлнэ.

-Энэ олон хийнэ, бүтээнэ, цээрлүүлнэ гээд байгаа зүйлээ ямар дарааллаар, ямар хуулийн хүрээнд арга замаар хийх юм?

-Хэн нэгэн үүнийг ярихаар хүмүүс хардаг юм. Энэ хүн ийм юм хийж байлүү, мэдлэг боловсролтой билүү гэж ярьдаг.

-Та тэгвэл өнгөрсөн улс төрд байхдаа эд нарыг хийж байсан юм уу?

-Би энийг яаж хийх юм. Энийг чинь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүн хйидэг.

-МАН буюу МАХН галзуурч байхад УИХ-ын чуулганы нээлтийг би тарааж байсан-

-Тэгээд нам нам солиод, улс төрийн үзэл баримтлалгүй яваад байхаар та яаж хийх юм?

-Чи надад улс төр заахгүй. Чи юу ч мэдэхгүй жулдрай за. Юу ч мэдэхгүй байж битгий юм яриад бай за. Чи юу ч мэдэхгүй байж юун их юм бодсон юм. Би мэдэж байгаа юмаа ярьж байна. Хэн нэгэн хүн цээжээ дэлдэхээр хүн үнэмшдэггүй юм. Миний туулсан замаар явчхаад цээжээ дэлдээрэй. Би түрүүн хэлсэн. Одоогоос 20 жилийн өмнө УИХ-ын чуулганы нээлтийг МАН буюу МАХН галзуурч байхад би тарааж байсан. “Бороо гоулд” руу 200 хүн авч дайрч ороод, ажлыг нь зогсоож байлаа. Харамсалтай нь бүх цэрэг, цагдаагаараа тараалгаж байсан.

-Ямар шалтгаанаар дайрч байсан юм?

-Ерөөсөө л манай улс эх орны баялгийг хамаад авч явж байна, энийг зогсооё гээд дайрч байсан. Энэ бол 2006 оны үйл явдал. Би УИХ-ын гишүүн, сайд ч байсан. Тогтвортой байдлын 5 жилийн гэрээ хийгээд Монголын 50 тонн алтыг хулгайлаад, нэг ч төгрөгийн татвар төлөхгүйгээр аваад гарч байсан юм.

-Хүүхдийн мөнгийг санаачилсан гээд өмнө та дурдсан. Халамж хавтгайрлаа гэх шүүмжлэл байдаг. Монголд халамж ямар байна. Халамжийг нэмэх шаардлагатай юу?

-Халамж хэтэрлээ гээд цөөхөн хүмүүс шүүмжилдэг. Үүнд битгий авт. Монгол Улсад халамж хэтрээгүй. Харин үйлдвэр, ажиллах хүч байхгүй. Тэр үйлдвэр чинь хаана байгаа юм. Би бол хүүхдийн мөнгийг нэмэх ёстой гэж үздэг. 100 мянга бол бага байна. Аль болох нэмэх хэрэгтэй. Яадаг юм, Монголын үр хүүхдүүдэд очиж байгаа мөнгө.

Нэмээд хэлчихье. Малчдын зээлийг тэглэхэд 1.3 их наяд төгрөг хэрэгтэй. Нүүрсний хулгай чинь 44 их наяд. Тооцоод үзэхээр, бараг 33 удаа малчдын зээлийг тэглэх мөнгийг идээд уусан байна. Нүүрсний хулгай чинь зүгээр том хулгай нь. Гэтэл үүнээс доогуур, дундуур жижиг хулгай Монголоор дүүрэн байгаа. Монгол Улс ядуудаа биш, хулгайч луйварчид ихтэйгээс болж ядуураад байна. Тийм учраас малчдын зээлийг тэглэх нь зөв, яадаг юм.

-Зөв гэж үү?

-Зөв. Монголын ард түмэнд л очиж байгаа мөнгө. Малчдын амьдрал хэцүү байна шүү дээ. Бэлчээрийн мал аж ахуйгаа аврах ёстой. Ийм аж ахуйтай, борог өвстэй улс дэлхийд байхгүй. Зээлийг нь тэглэхгүй бол тэд малаа зараад байна. Ингэхээр малгүй болно. Энэ хүмүүстээ тусал л даа, яагаад болдоггүй юм. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн биз дээ. Орон сууц авах гэж байгаа залуу гэр бүлдээ мөнгө өг л дөө. Ард түмний л мөнгө. Идэж ууж байгаа мөнгөн чинь 40, 50 их наяд гарчхаад байна. Кувейт, Катар эд нарыг хар л даа. Гэр бүл болоход нь 100 мянган доллар өгч байна лээ. Хаант Засагтай шүү, энэ улсууд чинь.

-Та Монгол Улсыг парламентын засаглалтай байх нь зөв гэж байна уу, хаант засаглалтай байг гэж байгаа юм уу?

-Парламентын засаглал нь байж байг л дээ. “Ард түмний хүч” нам олон суудалтай болж, миний бодлогыг Монголын төрд хэрэгжүүлэх ёстой. Би өөрөө тэмцэгч, лидер хүн. Монголын ард түмэнд хийсэн юм надад их байгаа. Хоёрдугаарт, би худлаа хоосон цээжээ дэлдэгч биш. Ийм ч учраас би сонгуульд оролцож байгаа.

-Энэ удаагийн сонгууль 2012 оныхтой адилхан тогтолцоотой болоод өөрчлөгдсөн. Зөв тогтолцоо юу, буруу тогтолцоо юу?

-Буруу. Ийм том тойрогт нэр дэвшигч тавиад, түүнийг нь хүмүүс олж мэдэхгүй. Зүгээр л МАН өөрсдөдөө зориулж гаргасан арга ядсан зүйл. Уг нь Л.Оюун-Эрдэнэ хийсэн ажлаараа дүгнүүлэх ёстой. Гэтэл ийм том тойрог хийгээд, аль хэдийнэ 20-30 мянган царцаа нүүлгэсэн шүү дээ.

-Та Булган, Эрдэнэт, Хөвсгөл аймгийн тойргийг яагаад сонгов?

-Биеийн амрыг хараад, жагсаалтын нэгт өөрийгөө тавьж болох байсан. Гэхдээ хүн явбал нутаг руугаа л явдаг юм. Би Хөвсгөл далайн эрэг дээр төрж өссөн Ламжавын Гүндалай. 11 хүүхэдтэй айлын 8 дахь хүүхэд. Найм гэдэг чинь Хятадаар “баяжуулах” гэсэн үг юм билээ. Тийм учраас Бээжингийн олимп 2008 оны 8-р сарын 8-ны 8 цаг 8 минут 8 секундэд нээж байсан. Хоёрдугаарт, Хөвсгөлийн энэ тойрог 8 мандаттай. Би хятад биш цэвэр монгол хүн.

-У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр зөвлөлдөөд 2020 оны сонгуульд орж байсан-

-Танай тойрогт Ерөнхийлөгч байсан ҮАБЗ-ийн бүх мэдээллийг мэдэх хүн нэр дэвшиж байгааг та юу гэж харж байна?

-Би бас гайхаад байгаа. Ямар учир шалтгаанаар тэр хүн тийшээ явж байгаа юм. Төрсөн нутаг нь Баянхонгор байхад яагаад манай Хөвсгөл рүү явж байгаа юм бэ. Үүнийг одоо болтол ойлгохгүй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх гэж явдаг шүү дээ. АН-аас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүн яагаад Ардын намын Ерөнхий сайдын зөвлөх болчихов гэдэг нь сонин. Уг нь У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр зөвлөлдөөд 2020 оны сонгуульд орж байсан байхгүй юу. Юу гэж вэ гэхээр МАН парламентад ялаад, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялахаар тохирсон ч У.Хүрэлсүх мурьсан. Мурьснаас хойш хоёр намын хооронд зөрчилдөөн үүсээд, үүнийгээ намжаах гэж хийсэн тохиролцоогоороо явж байгаа юм болов уу.

Миний хувьд нам байгуулаад нэр дэвшиж байгаагийн бас нэг шалтгаан нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх. Ингэхийн тулд парламентад суудалтай байх шаардлагатай. Тиймээс л намайг парламентад суудалгүй болгож, нэр дэвшүүлэхгүй гэж их эртнээс арга хэмжээ авдаг юм. Тэр арга хэмжээнүүдийнх нь нэг байх.

-Тэдгээрийн нэг нь 2020 оны сонгуулиар таныг тойрогт ажиллахад саад учруулсан гэх явдал уу?

-Тэрний өмнө ч юм байгаа. Юу вэ гэхээр 2016 он буюу 8 жилийн өмнө Эрдэнэтэд нэр дэвших гээд “Ард түмнээ хайрлая” намын штабаа байгуулсан байсан. Тэгсэн чинь надад Ардын намын нэг нөхөр “М.Энхболд, Б.Жаргалсайхан хоёр тохиролцсон шүү. Б.Жаргалсайхан санал хувааж, чамайг унагахаар Эрдэнэт рүү явж байгаа” гэж хэлсэн. Тэгээд 2016 оны цагаан сарын өмнө Б.Жаргалсайхан чинь ноосон цамцаа тараагаад л баахан хүн дайлж цайлаад эхэлсэн юм.

Б.Жаргалсайхан бол Эрдэнэттэй ямар ч холбоогүй хүн. Эцсийн мөчид би өөрийнхөө нэрийг татаад эхнэрийнхээ нэрийг оруулж, Б.Жаргалсайханыг өөрийг нь хорлочхоод ирээрэй гээд явуулсан байдаг. Харин тэгээд илүү санал авсан байсан. Би байгаагүй болохоор Б.Жаргалсайхан буудлаар ингэж тэгж байгаад буцаад явсан. Энэ бол 8 жилийн өмнө манай намыг нэр дэвшүүлэхгүй байх үйл ажиллагааны нэг баталгаа.

Хоёрдугаарт, би 4 жилийн өмнө гэр бүлээрээ Тайландад очсон байсан. Гэтэл яг ковид гараад, тусгай үүргийн онгоцоор явах гэтэл надад суудал өгөөгүй. 3-р сард манай эхнэр 2 хүүхэдтэй Монголд ирээд, би тэнд ганцаараа үлдсэн. Тэгээд сонгуулийн өмнөх өдөр суудал өгч Монголд ирж байсан. Ирснийхээ дараа коняк уугаад уйлж байсан түүх бий шүү.

-Та өөрийгөө өмнө нь хулгай, авлигын хэрэгт оролцож байгаагүй гэж ярьсан. Тантай холбоотой Зайсангийн газар гээд л яригддаг. Энэ талаараа тайлбар өгөөч?

-Зайсанд надтай холбоотой ямар ч газар байдаггүй. Хэн ч тэр барилгыг үзээгүй, телевизээр гаргаагүй. Очоод гарга л даа. Ардын намын С.Амарсайханы, MCS-ийн, Д.Өнөрболорын юмнууд л байгаа. Намайг унагаах, харлуулах юу ч байхгүй болохоор л гүтгэлэг хийдэг. Хоёрдугаарт, би тэнд газар авсан байсан ч яадаг юм. Манай улстөрчид бүгдээрээ хулгай, авлигын хэрэгт холбогдсон. Холбогдоогүй үлдсэн ганц хүнээ харлуулах юм олдохгүй болохоор дайраад байгаа. Тэр нь явахгүй шүү дээ.

-Танай намын дүрэмд сонгууль амжилтгүй оролцвол даргадаа хариуцлага тооцно гэсэн зүйл байгаа юу?

-Би ер нь амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа. Намын лидер хүн улсыг өөрчилнө. Надад тийм зүрх зориг бий. Үүнийг Монголын ард түмэн харж мэдэж байгаа болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт, би хулгай луйварт холбогдоогүй ганц улстөрч. Гуравдугаарт, ард түмэн үнэхээр Л.Гүндалайд итгээд, туган доорх цэргүүдийг дэмжээд гаргавал 60 суудал авахыг ч үгүйсгэхгүй. Тэгвэл энэ засгийг толгойлоод, түрүүний ярьсан үйлдвэржилтийн бодлого зэргээ хэрэгжүүлээд, эргэлзэхгүй шууд хийнэ. Монголчууд яг үнэндээ Чингис хаанаа ч юм уу, удирдагчаа хүлээж байгаа. Ялангуяа, ядуу улс бүр өөрчлөлт шинэчлэлтийг авчрах хүнийг хүлээж байдаг. Би тэр хүн нь болохыг хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Эвгүй хандсан бол уучлаарай. Гэхдээ ах нь гараад л мартчихдаг юм дөө.

Улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүллээ
Улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүллээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.