Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК-ийн хууль үйл ажиллагааг зогсоохоор болж, гэмт хэрэгт оролцсон хүмүүсийг яллагдагчаар татан цагдан хорихоор болж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тус компани нь ихэвчлэн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний мөнгийг авч, улмаар сарын дараа хүү тооцон их хэмжээгээр нэмэгдүүлэн буцааж өгнө гэх утгатай үйл ажиллагаа явуулдаг компани юм байна. Ингэхдээ эхний удаад иргэдээс хамгийн ихдээ 10 хүртэлх сая төгрөгийг бэлнээр авч, 10 сая төгрөг байршуулсан иргэнд 3.000.000 төгрөгийн хүү нэмж олгоно хэмээдэг аж. Үүнийг цагдаагийн байгууллагаас залилангийн гэмт хэрэгт тооцож, хэрэг үүсгэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар тус компани иргэдэд 200-300 тэрбумын хохирол учруулаад байгаа, маш олон хохирогчтой томоохон хэмжээний залилангийн хэрэг байж болзошгүй байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна. Энэ талаар ЭЦГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг зогсоосон. Пирамид хэлбэрийн залилангийн гэмт шинжтэй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Улмаар холбогдох этгээдүүдийг нь яллагдагчаар татаж, цагдан хорихоор болоод байгаа” гэлээ.
Иймд иргэдийн сонор сэрэмжтэй болгоомжтой байж, энэ төрлийн залилангийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна.