"UBN STORY" булангийн ээлжит дугаарын зочноор жүжигчин Ц.Эрдэнэцэцэгийг урьж ярилцлаа. Мөрөөдлийн театраас жүжигчний гараагаа эхэлсэн тэрбээр хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлага аваад байсан. Тэгвэл жүжигчин Ц.Эрдэнэцэцэгтэй сүүлийн үеийн уран бүтээл болон бусад сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Жүжигчин Ц.Эрдэнэцэцэг буюу Ээнээг нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрлөө хэмээн харах хүмүүс байсан. Уран бүтээлдээ эргэн ирж, хоёр ч уран бүтээлээ цацсан байсан. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?
-Нэг хэсэг уран бүтээлээсээ завсарлага авчихлаа гэж яригдаж байсан. Тэр үедээ хүүхэдтэй болсон. Яалтчгүй эмэгтэй хүн ээж болохоороо үүрэг хариуцлагын хувьд ар гэртээ анхаарал хандуулах шаардлагатай болсон. 2-3 жил орчим гэрийн эзэгтэйн үүргээ сайн биелүүлсэн. Үүний хажуугаар хувийн бизнесээ хөл дээр нь босгох ажлуудыг хийсэн. Өнгөрсөн жилээс уран бүтээл рүүгээ түлхүү анхаарлаа хандуулж, мэргэжлээрээ ажиллаж эхэлж байна.
-Гадаадын кино компанид ажиллаж байсан гэсэн?
-2017-2019 он хүртэл Швейцарийн Хенна фильмд харьяалагдаж ажилласан. Швейцарын Хенна фильмийн хоёр уран бүтээлд гол дүрийн жүжигчнээр ажиллаад нэг уран бүтээл маань Шанхайн олон улсын фестивалиас гранпри шагнал хүртсэн. Швейцарын Хенна фильмд харьяалалтай ажиллаж байсан тул уран бүтээлүүдэд давхар оролцох боломжгүй байсан.
-Тухайн кино компанитай хэрхэн холбогдсон юм бэ?
-Тус фильмээс Монголд ирж проб авч байсан юм. 2015 он байх. Санал тавихаасаа нэг жилийн өмнө Швейцарь улсын кино компани ирж, дүр сонгон шалгаруулж байгаа гэдгийг сонсоод очиж проб өгч байсан юм. Сонгон шалгаруулалтад оролцсоноос хойш сураг чимээ байгаагүй. Тэгэхээр энэ удаагийн пробонд тэнцээгшщүй бололтой гэж бодож байтал эргэж холбогдсон. Ингээд л гэрээ байгуулж, хамтран ажиллах болсон.
-Хэн бүрийн атгаад байхгүй боломж. Таны хувьд анх саналыг сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?
-Тухайн үед маш их айж байсан. Яагаад гэвэл, хамтарч ажиллахад Ц.Эрдэнэцэцэг гэхээсээ илүү Монгол жүжигчин гэдэг нэр гарна гэж бодохоор өөрт сүрдмээр санагдаж, эмээх сэтгэгдэл төрж байсан. Хэрвээ би муу ажиллавал Монгол жүжигчин муу юм байна, дүрээ сайн гаргаагүй байна гэх ойлголт бий болох учраас уран бүтээлийн хувьд айдас байсан. Тухайн үед их сургуулиа төгсөөд гурван жил өнгөрүү л хугацаа өнгөрч байсан юм. Мөрөөдлийн театрт ажиллаад чөлөөт уран бүтээлч болсон байх жилдээ сонгон шалгаруулалтад орж байсан. Гэхдээ эргээгээд тус кино компанид ажиллахдаа маш их зүйлийг давуулж харсан юм шиг санагддаг. Монгол болоод Швейцарын түвшинд ямар стандартаар кино уран бүтээл бүтдэг вэ гэдгийг харж, харьцуулж, суралцаж чадсан. Ажиллах багийн зохион байгуулалтаас авахуулаад ялгаатай зүйл байна шүү дээ. Иймдээ ч ажиллах хугацаандаа маш их зүйл сурсан.
-Гадаадад олон улсын түвшинд ажиллаж байгаад эх орондоо эргэж ирээд уран бүтээлдээ ороход манай улсын хувьд бусад орны уран бүтээлчдээс суралцмаар зүйл нь юу санагдсан бэ?
-Их сургуулиа төгсөөд арван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд арван жилийн өмнө миний харж, оролцож байсан кино уран бүтээл, баг хамт олон, хэрэглэж буй техник технологи хүртэл дэвшилтэт түвшинд ирсэн гэж хардаг. Одоогийн нөхцөлд манай улсын хувьд нэлээн нээлттэй болсон. Ер нь цаг барилт маш чухал болохыг ойлгосон. Би өөрөө уран бүтээлийнхээ хажуугаар хувийн бизнес хийдэг учраас цаг хугацаа маш нарийн зохион байгуулалттай байсны үндсэн дээр олон ажлуудыг амжуулах боломжтой байдаг.
Швейцарт тус фильмтэй хамтран ажиллаж байхад надад хамгийн түрүүнд мэдрэгдсэн зүйл нь цаг барилт байсан. Хэн ч, хэзээ ч цагаасаа хоцордоггүй. Ялангуяа кино урлаг бол хамтын уран бүтээл байдаг. Нэг жүжигчин байхгүй бол, нэг найруулагч байхгүй л бол тухайн кино зураг авалт урагшлахгүй. Хамтын уран бүтээл гэдэг утгаараа цаг барилт маш чухал. Үүний дүнд кино зураг авалт ч тэр яг төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ шүү дээ. Эмх цэгц, диктатур надад шууд мэдрэгдэж байсан. Энэ хэрээр өөртөө ч шаардлагуудыг тавьж, өөрт болоод өрөөлд төвөг учруулахгүйгээр ажлаа хийх ёстой гэх ялгааг харж байсан. Ер нь цаг барилтын хувьд манайхан жаахан дутмаг юм шиг санагдаад байдаг л даа. Тэгэхээр бусдыг хүндэлнэ гэдэг цаг барихаас эхэлнэ гэж боддог доо.
-Урлаг хэмээх айлын босгоор хэрхэн орж ирсэн талаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Арван жилийн сургуулийн төгсөх ангидаа жүжигчин болох шийдвэрийг гаргаж байсан. Намайг жүжигчин болсон байхад манай ангийнхан их гайхаж байсан. Би чинь ангидаа даруухан, чимээгүй, хичээл, гэр, номын сан, сургууль гэх маршрутаар л явдаг дуу цөөнтэй хүүхэд байсан юм. Ер нь дотогшоо тал руугаа гэх үү дээ. Иймээс ч манай ангийнхан жүжигчин мэргэжлийг сонгоход хамгийн их гайхаж байсан.
Мэргэжлээ би ээжтэйгээ зөвлөлдөөд сонгож байсан л даа. Кино Урлагийн дээд сургууль, “Жинжиймаа” кинонд тоглодог П.Цэрэндагва гуай ажилладаг юм байна гэх мэт мэдээллийг ээж маань хэлж өгч байсан. Тэгээд л ээжтэйгээ цуг КУДС-ийн жүжигчний ангид шалгалт өгөхөөр очиж байлаа. Хоёр шатны шалгалтдаа тэнцсэнээр жүжигчин хэмээх мэргэжлээр суралцахаар болж байсан.
-Тэгвэл ангийнх нь багш П.Цэрэндавга гуай байсан хэрэг үү?
-Тийм ээ. Манай багш хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн гэдэг шиг л хүн. Анх сургуульд орохоос эхлүүлээд төгстөл маань зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж яваарай их зөвлөдөг байсан. Бусдын зэмлэлд нугарачихгүйхэн шиг маш сайн хүн байх ёстойг багш маань нийт ангийнханд маш сайн суулгаж өгсөн юм болов уу гэж боддог.
Мөрөөдлийн театр миний "мөрөөдөл байсан
-Жүжигчин мэргэжлээр суралцаж буй залууст бүрийн алтан тайз бол драмын тайз гэлцдэг. Гэхдээ өөрийн тань хувьд яагаад Мөрөөдлийн театрыг сонгон ажиллах болсон юм бэ?
-Мэдээж эхний 1-2 дугаар курсдээ сонгодог жүжиг дээр ажилладаг. Тухайн үед жүжигчин мэргэжлээр суралцаж буй оюутан бүрийн мөрөөдөл нь тайз л байдаг. Их сургуулиа төгсдөг жил Мөрөөдлийн театр байгуулагдаж байсан. Шоу драм гэх чиглэлийг гаргаж ирсэн. Ингэхдээ тайзан дээр шоу драм хосолсон гэдэг утгаараа миний сонирхлыг маш их татаж байсан. Тэгэхэд л төгсөөд Мөрөөдлийн театрт ажиллах хүсэл сонирхол төрж бодож байсан. Төгсөөд нэг жилийн хугацаанд кинонуудад туслахаар нэлээн ажилласан.
Сургуулиа төгссөний дараа зун нь Мөрөөдлийн театрт одоогийн Этик продакшны Зулаа маань харъяалагдаж ажиллах болсон. Тухайн үед н.Даваазултай холбогдож, театрт нь ажиллах хүсэл сонирхолтой байгаагаа хэлж, шалгалт өгөх боломжтой эсэхийг захирлуудаас нь асууж байсан. Тэр үед Мөрөөдлийн театрын шоу драмын бэлтгэл ажил явж байсан юм. Тэгээд жүжигчин Г.Алтаншагай ахтай уулзаж, шалгалт өгч Мөрөөдлийн театрт тэнцэж орж байв. Эхнийх нь уран бүтээлд бүжигчин туслахаар оролцож дараа дараагийн уран бүтээлүүдэд жүжигчнээрээ оролцож байсан.
-Мөрөөдлийн театрт ажиллах байх хугацаанд гаргаж буй дүрээ гаргах тал дээр хэрхэн ажилладаг байсан бэ?
-Хоёр жилийн хугацаанд Мөрөөдлийн театрт ажилласан. Ажиллаж байх хугацаанд сургуулиа төгсөөд удаагүй, анх удаа тайзан дээр олон хүний нүдэн дээр гарч байгаа гэдэгт утгаараа маш их сандардаг байсан. Ийм, тийм дүр гэхээсээ илүүтэйгээр өөрт оногдсон дүрийн хэсгийг үзэгчдэд нэг үйлдэл аль эсвэл нэг үгээрээ хоногшуулчих юм сан гэж их бодож ажилладаг байсан.
“Охин минь чи амьдрал дээрээ ийм эрх, томоогүй байвал чамд нөхөр олдохгүй” гэж хэлэх ч хүнтэй таарч байсан
-“Хөгжилтэй гэр бүл”-ийн Сувдгэрэл гэх цовоо, сэргэлэн охины дүрээр үзэгч олны хайрыг татсан гэж боддог. Тухайн үед “Хөгжилтэй гэр бүл” ОАУСК-нд хэрхэн тоглох болсон бэ?
-Боловсрол телевизийн “Хөгжилтэй гэр бүл” ОАУСК-ны дүрийн сонгон шалгаруулалт авч байх үед нь С.Баттулга найруулагч дээр очиж шалгалт өгч байсан. Сувдгэрэлийн дүр бол миний анхны гол дүр басхүү дэлгэцийн томоохон уран бүтээлүүдийн маань эхлэл гэж би боддог.
Сувдгэрэл бол сахилгагүй, дураараа, томоогүй оюутан охины дүр байсан л даа. Зураг авалтын зургаан сарын хугацаанд маш их зүйлийг өөртөө бий болгож байсан. Тухайлбал, зохиол дээр илүү эмх цэгцтэй ажиллах, дүрийнхээ шугамыг илүү сайн гаргах гэдэг ч юм уу. Энэ мэт нь оролцож тоглосон уран бүтээл бүр эргээгээд тухайн жүжигчнийг ямар нэг байдлаар туршлагажуулж байдаг гэж харсан. Үүний суурийг "Хөгжилтэй гэр бүл" ОАУСК тавьсан.
Кино маань цацагдаад эхлэхэд хүмүүс жаахан таньдаг болж эхлээд л. Би ч дагаж сандраад л. Гадаа гарахад хүмүүс намайг таних болов уу гэх бодол ч төрдөг байж. Хүмүүсийн харж байгаа нь мэдрэгдэхэд их ичиж, санаа зовдог байсан. Заримдаа настай эгч нар тааралдахаараа киноны Сувдгэрэл, амьдрал дээрх Ц.Эрдэнэцэцэг мэтээр хандах тохиолдол их байсан. Тэр байтугай “Охин минь чи амьдрал дээрээ ийм эрх, томоогүй байвал чамд нөхөр олдохгүй” гэж хэлэх ч хүнтэй таарч байсан шүү/инээв/. Хүүхэд байсан болохоор энэ мэт бодлууд их орж ирдэг байсан. Маш дурсамжтай цаг үеүдийн нэг шүү.
"Хүн чадна гэсэн зүйлийнхээ ард гарч чаддаг л байх хэрэгтэй"
-Сүүлд Цагаан сүүдэр болон Гэрэлт ертөнц гэх хоёр уран бүтээл нь ойролцоо хугацаанд цацагдаж, үзэгч олонд хүрч байгаа. Тус кинонууддаа ямар дүрийг бүтээсэн талаараа ярьж болох уу?
-Цагаан сүүдэр уран сайхны кино нь сэтгэлзүйн драм төрлийн уран бүтээл. Гэрэлт ертөнц болон Цагаан сүүдэр киноны хувьд аль аль нь эмэгтэй хүний амьдрал, хосуудын харилцааны тухай сэдвийг хөндөж өгсөн байдаг. Гэхдээ гаргаж ирж буй төрөл жанр болоод хөндөж буй сэдэв нь хоёр өөр талын гэж хэлж болно. Цагаан сүүдэр уран сайхны киноны Ариунаа гэх дүр бол гэр бүлээ хамгаалж авч үлдэхийн төлөө бүх зүйлээ зориулж буй эмэгтэйн тухай өгүүлдэг. Гэр бүлээ, анх дурласан хайртай эр нөхрөө, охиноо бусдын нөлөөнөөс хамгаалахын тулд өөрийгөө хаяж, гэр бүлийнхээ төлөө тэмцэж байгаа эмэгтэй. Гэхдээ энэ эмэгтэйн гэр бүлийнхээ төлөө хийж байгаа алхам буруу байснаас амьдрал нь орвонгоороо эргэж байгаагаар гарч, эцэстээ өөрөө хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээгээд дуус буйгаар гардаг.
Гэрэлт ертөнц нь гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн эмзэг сэдвийг хөндсөн кино. Гэрэлт ертөнцийн миний дүр бол ядруухан амьдралтай эмэгтэй. Цагаан сүүдэр дээр хангалуун, баян чинээлэг эмэгтэйн дүр. Хоёр уран бүтээлийнхээ хугацааг нь бодоод ойролцоо гарч магадгүй юм байна гэж бодсон учраас Гэрэлт ертөнцийн Гэрлээгээс шал өөр хүнийг гаргахын тулд маш их цаг зав, деталь бүр дээр ажиллаж байсан. Киноны маршрут, шугамыг гаргахын тулд Цагаан сүүдэр кино дээр өөр дээрээ ажиллаж болох бүхий л зүйл дээрээ ажилласан.
-Та өөрийгөө арван жилд байхдаа их даруухан хүүхэд байсан гэсэн. Тэгэхээр жүжигчний мэргэжил өөрийг тань нээж өгсөн таарах нь. Аргагүй ч юм. Мэргэжлийн онцлог байх л даа?
-Жүжигчин мэргэжлийн давуу тал нь хувь хүн өөр дээрээ илүү тулж ажиллах боломжтой байдаг юм болов уу гэж би боддог. Миний хувьд олон хүний өмнө гарах нь бүү хэл багшийнхаа хажууд гарахдаа л сандарч мэдэж байгаагаа мартах нь холгүй байдаг байсан хүүхэд байсан. Жүжигчний мэргэжил хувь хүн талаас нь алхам тутамд нь нээж, хөгжүүлж байдаг гэж би боддог.
Хөгжлийн хувьд маш олон ахицтай талууд харагддаг. Олон нийттэй харилцах, ядаж л нөхөрлөлийн үнэ цэн, гэр бүлийн харилцаа гэх мэт тал дээр харьцангуй мэдээлэл сайтай байх боломжтой. Бид мэргэжлээрээ дамжуулаад олон төрлийн мэргэжилд ч хувирч чадна шүү дээ. Энэ ч маш том давуу тал.
-Сүүлийн үед кино уран бүтээлүүдэд жүжигчин мэргэжлийн бус хүмүүсийг тоглуулах болсон байдал их ажиглагддаг. Энэ байдал нь эргээгээд жүжигчин мэргэжлийн үнэ цэнийг унагааж байна хэмээн шүүмжлэх хүмүүс ч байдаг. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Хүн чадах нь л чухал байх. Би үүнийг хийж чадна гээд зорьж сонгосон бол чадах л ёстой. Магадгүй чадна гэсэн даваандаа хүрч чадаагүй хүмүүс илүү шүүмжлэлд өртөх, олны анхааралд сөргөөр тусах магадлал өндөр байдаг. Мэдээж бид жүжигчин гэх мэргэжлээр багадаа дөрвөн жил суралцаж, бага багаар туршлагажсаар явдаг.
Энэ мэтчилэнгээс харвал бидний хувьд жүжигчин гэх мэргэжлийг үнэ цэнийг тодорхойлохын тулд, өөртөө ногдох дүрийг сайн бүтээхийн тулд мэргэжлийн бус хүний зориулаагүй зүйлийг мэргэжилдээ эд, эсээрээ зориулдаг. Мэдээж харьцуулагдах боломжгүй. Гэхдээ унаган авьяастай хүмүүс уран бүтээл дээр орох зүйл байдаг. Үүнийг эсэргүүцэхгүй. Гэхдээ чадна гэсэн зүйлийнхээ ард хүн чаддаг л байх хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол хүмүүсийн хэлдгээр талх талхаа идье гэдэг шиг л өнцгөөс харж болох байх. Хэнийг ч шүүмжлэх боломжгүй цаг үе.
-Ойрын үед өөртөө ямар төлөвлөгөө, зорилтыг тавьсан байна вэ?
-Уран бүтээлүүд дээрээ ажиллана. Одоогийн нөхцөлд өөрийгөө маш их сорьсон, эвдсэн уран бүтээлүүдэд ажиллахыг хичээж байгаа. Энэ жил өөрийгөө эвдэж, шинэ түвшинд хүрнэ гэх төлөвлөгөөнүүд гаргасаар л байгаа.
Анх сургуулиа төгсөж байх үед эерэг талын дүр ногддог байсан. Харин одоо өөрийгөө эвдсэн дүр гаргахыг хүсэж байна. Гэхдээ дүр бүр дээр өмөөрөл байгаа. Тэрхүү шугамаа алдахгүйгээр илүү сайн ажиллана л гэж бодож байна.
-Ярилцлагын төгсгөлд залуустаа “дайх” үг бий юу?
-Хүн дуртай зүйлдээ сэтгэл гаргадаг гэдэг. Дургүй байгаа зүйлдээ жаахан бэрхшээл гарахад л орхидог. Гэтэл хийж байгаа зүйлдээ дурласан байхад жаахан бэрхшээл байсан ч түүнийг даваад гарах тэнхээтэй байна. Мэргэжлээ маш сайн сонгоорой гэдгийг залуустаа хэлмээр байна.
Сүүлийн үед гэхдээ нэг эрсдэл бий болох гэж байна уу даа гэж би хардаг. Сошиал их хөгжиж, олон дагагчтай инфльюнсерүүдийг даган дууриах, хошуурах хандлага харагддаг болчихсон. Тиймээс өөрөө өөрийнхөө бодлыг маш сайн удирддаг байгаасай гэж хэлмээр байна. Хүн бүр алдартай од байх албагүй. Гэхдээ хийж байгаа зүйлдээ, орчиндоо тод од нь байж чадах юм.
-Ярилцсанд баярлалаа.