БНСУ-д зургаан жил ажиллаж, хуримтлуулсан мөнгөөрөө “Грийн хоум” хотхонд байр захиалсан иргэн Ү.Нямдулам орон сууцаа жил дамнан хүлээж, захиалгаа цуцалсан ч 51 сая төгрөгөө буцаан авч чадахгүй байна

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд баригдаж буй “Бизнес кластер групп” ХХК-ийн “Грийн хоум” эко хотхонд орон сууц захиалсан иргэн Ү.Нямдулам байр нь ашиглалтад орохгүй, төлсөн 51 сая төгрөгөө буцаан авч чадахгүй байгаа талаараа ярилаа.
Тэрбээр БНСУ-д зургаан жил ажиллаж, хуримтлуулсан мөнгөөрөө тус хотхонд орон сууц захиалж, нийт 51 сая төгрөгийг дөрвөн удаагийн шилжүүлгээр төлсөн байна. Тухайн үед орон сууц 2025 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох байсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.
Улмаар байр ашиглалтад орох хугацаа удаа дараа хойшилсон тул Ү.Нямдулам захиалгаа цуцалж, төлсөн мөнгөө буцаан авах хүсэлт гаргасан байна. Компанийн зүгээс тавдугаар сард багтаан 50 сая төгрөгийг буцаан олгохоор тохиролцсон ч төлбөрөө авч чадаагүй, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж Ү.Нямдулам мэдээлэв.
Иргэн Ү.Нямдуламын хэлснээр: "Эхлээд өвлийн улиралд барилгын ажил зогссон, хавар ажил эхэлнэ гэж тайлбарласан. Харин хавар болоход санхүүжилтгүй болсон шалтгаанаар ажил түр зогссон гэсэн.Жил дамнан хүлээлээ. Надад хариу хэлэх бүрдээ хоёр сарын дараа ашиглалтад орно гэдэг. Гэрээг зөрчсөн тал нь гүйцэтгэгч компани байхад төлбөрөө буцаан авч чадахгүй байна. Өнгөрсөн 8 дугаар сард борлуулалтын албанаас нь нэг хүн залгаад "буцаан олголтдоо барилгын материал бартер хийх үү" гэж асуусан. Би зөвхөн мөнгө авмаар байгаагаа л илэрхийлсэн. Түүнээс хойш холбоо бариагүй. Цагдаад мэдэгдсэн ч дорвитой шийдэл гараагүй “Бизнес кластер групп”-тэй ч холбоогүй байсан. ” гэв.
Харин “Грийн хоум” эко хотхоныг хэрэгжүүлж буй “Бизнес кластер групп” ХХК-ийн борлуулалтын албанаас "Ү.Нямдуламын гомдлыг барагдуулахаар ажиллаж байгаа бөгөөд захиалсан байр нь хоёр сарын дараа ашиглалтад орно. Манай барилгын ажил санхүүжилтийн асуудлаас шалтгаалан түр зогссон бөгөөд гэрээнд захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалсан тохиолдолд төлсөн төлбөрийн 10 хувийг үйл ажиллагааны зардалд суутгаж, үлдэгдлийг дараагийн захиалагчийн төлбөрийн гүйцэтгэлээр буцаан олгохоор заасан. барилгын ажил хэвийн явагдаж байгаа. Санхүүжилт л орж ирэхгүй байна.
Одоогоор манайх оффис байхгүй тул уулзаж мэдээлэл өгөх боломжгүй байна. Холбогдох албан тушаалтнаас тодорхой мэдээлэл аваад эргэн холбогдоно" гэлээ.
Харин Ү.Нямдулам компанийн “барилгын ажил хэвийн явагдаж байгаа” гэх тайлбартай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, "Цагийн өмнө барилгын талбайд очиход ажил явагдах нь бүү хэл ганц ширхэг хадаас хадаж байгаа хүн байгаагүй" гэж хэлсэн юм.


