Ерөнхий сайд аа! Авлигачдаасаа салахгүй бол “Сэргэлтийн бодлого” чинь “Ширгэлтийн” бодлого болно!

Улс төр
Оргилмаа
Унших: 4 мин 30 сек
10
legacy:oyun erdene/5743.jpg

-Боомтын боймыг тайлах ажил чинь “МТЗ”-ын төмөр замын туршилтын тээврийг явуулахаас эхэлнэ-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ оны босгон дээр “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Зургаан багцтай энэхүү бодлогын баримт бичигт заасан 20 төслийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсад одоо мөрдөж буй 28 хуульд “засвар” оруулж билээ. Өөрөөр хэлбэл “хуулиар засаглах” уу, засаглалаар “хууль засах” уу гэдэг маргаантай болоод ирж байгаа юм. Гэвч урагшлая гэвэл түгжээг тайлахаас өөр замгүй. Шинэ сэргэлтийн бодлогын зургаан багцийн эхнийх нь боомтын сэргэлт. Улсаараа “түгжирсэн” гацаагаа тайлах, үүнийг шийдэхгүйгээр үйлдвэрлэл, экспорт ярих нь утгагүйд хүрээд байгаа учраас эн тэргүүнд тавьсан нь зөв биз ээ.

УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд танилцуулахдаа “Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2022 онд бүрэн ашиглалтад оруулна, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай төмөр замын сүлжээтэй болж, Транзит Монгол болно” гэсэн. Алсын л хараа юм даа. Харин тулгамдсан асуудал болох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тухайд ямар нэг “үг хэлсэнгүй”, хайгаад ч олсонгүй.

Шинэ сэргэлтийн бодлого гоё л доо. Одоо байгаа 13 боомтоо нэмэгдүүлнэ, ”Транзит Монгол” болох гоё. Харин ойрын үеийн тулгамдсан асуудал, “шүдний өвчнөө” нуугаад яах вэ, Ерөнхий сайд аа!

Өнөөдөр бодит байдал амаргүй байна. Замын-Үүдийн нэвтрүүлэх хүчин чадал өдөрт 14 вагон. Түүний найм нь транзит, Монголд зургаа нь л ногдоно. Үүнээс дөрөв нь төмрийн баяжмалынх, нэг нь өнжөөд нэг гардаг Эрдэнэтийн зэсийн баяжмалынх, өнжих үед нь жонш, азотын бордоо гэх мэт бусад ачаа гардаг. Тэгэхээр өдөрт ганцхан вагон нүүрс гардаг байх нь. Ийм өрөвдмөөр нөхцөлд Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 416 төмөр зам тавьчихаад ашиглалтад оруулахгүй байгаа нь дэндүү арчаагүй хэрэг биш гэж үү? Эндээс ашиг сонирхлын асар том зөрчил харагдаад байна. Та үүнийг харсан байх учиртай. Харсан учраас “боомтын боймыг тайлна” гэх мэт “юм” хэлсэн байх.

Энэ төмөр замыг километр тутмыг нь 1.2-2.5 сая ам.доллараар биш 1 сая ам.доллараар бариулсан нь сайн хэрэг. Хэдэн бор цэрэг ажиллаж цалин авсан нь ч сайн хэрэг. Гэтэл бараг нэг их наяд төгрөгөөр төмөр зам барьчихаад ашиглалтад оруулахгүй байгааг юу гэж үзэх вэ? Холболтын цэгээ тохирсон тухай хамгийн үнэн мэдээлэл хаана байна вэ? Бариад дууссан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын туршилтын тээврийг эхлүүлэхэд чинь хаана, хэн саад болоод байна вэ? Эхлээд энэ хоёр асуултад хариулт нэхье.
Яагаад гэвэл шинэ төмөр замаа яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Энд Төрийн бодлого алга гэхгүй. Хангалттай бий. Харин “төрийнхний лобби” байсаар байтал таслан зогсоохгүй байгааг чинь гайхаж байна. Энэ нь салбарын удирдлагыг соль гэсэн үг биш. Одоогоор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орохоор бүх зүйл сайхан болох мэт “гал унтраах” арга хэрэглээд байна. Үнэндээ салбарын удирдлагыг солих солихгүй нь дараагийн асуудал. Гол нь “Яагаад хийхгүй байна вэ”, “Хийхгүй байгаа нь хэнд ашигтай вэ” гэдэг тухай л яриад байгаа юм.

Сүүлийн арван жилд манай улс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд мухар төмөр зам тавьсан. Энэ нь огтлолцлын цэгийн асуудалтай байсныг саяхан шийдсэн гэж Засгийн газраас мэдээлсэн ч яаж шийдсэн талаараа ил хэлж болох хэсгийг нь дуулгавал сайнсан. Учир нь яг эндээс “шилжүүлэн ачих” гэгч бизнесийн түүх эхэлдэг. Дээрх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг төмөр замчид санхүүжүүлээгүй банкир санхүүжүүлсэн учраас хаана нь, ямар “санхүүгийн нууц” явдгийг хардах эрхтэй. Тийм шалтгаангүйсэн бол “шилжүүлэн ачих” гэгч гацааг “бий болгохгүй”, “устгахад яарах” байсан биз ээ гэж хардаж байна.

Өнөөдөр Чойр, Даланжаргалан, Олон Овоот дээр компаниуд нүүрсээ ачуулахын тулд арав нугалсан авлига өгч байна. УБТЗ-ынхан ч авлигын асуудлаа нууж хаахын аргагүй болж, хэзээ, хэн нэгэн ирж “хуйгаар нь цэвэрлэхийг” хүлээж буй бололтой. Хэн цэвэрлэх юм бэ, Ерөнхий сайд аа!
Энэ “мафийн сүлжээ”-г задлахын тулд “цэвэрлэгээ хийх”, Тагнуулын байгууллагыг оруулах шаардлагатайг та ч, бид ч харлаа. АТГ өнгөрсөн хугацаанд тэнд ажилласаны үр дүн одоо ч таг чиг байна.
Аргагүй шүү дээ, 14 вагон нэвтрэх хүчин чадалтай зам дээр 50 вагон тавьчихаар “хахна”, “дараалал үүснэ”. Вагон байхгүй хоёр хоноход төмөр замын ачаалал хоёр дахин нэмэгддэг. Урд хөршийн компаниудтай хугацаатай гэрээ хийчихсэн компаниуд аргагүйн эрхэнд авлига өгдөг. Хэнд өгдөг вэ гэдгийг л илрүүлээд хариуцлага тооцоод өгөөч! Ингэхгүй бол тэдгээр авлигачдад ашигтай, харин та тэднийг “хаацайлагч” болж таараад байна.
Үнэндээ Ерөнхий сайд “лоббины эзэд”-ийг мэдэхгүй байна гэхэд итгэхгүй байна. Харин мэдсээр байгаа хэрнээ хэлж чадахгүй байна гэвэл ойлгож болох юм.
Хэрэв Ерөнхий сайд Та энэ заваан асуудлыг шийдэхийг хүсч байгаа л бол “Монголын төмөр зам”-ын барьсан төмөр замыг маш яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байна. Юун ирэх 3 дугаар сарын 15-нд вэ?! Урьд нь өнгөрсөн оны 7 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна, туршилтын тээвэр эхлүүлнэ гэсэн. Дараа нь 8 дугаар сарын 1-нд гэсэн. Ингээд сар бүрийн 1-нд, 15-нд гэсээр өнөөдрийг хүрч байна. Одоо энэ сарын 15-нд туршилтын тээвэр эхлүүлнэ гэсэн. Энэ бүхэн хуйвалдаан шиг, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол шиг харагдахгүй байна гэж үү?
Тэд Ерөнхий сайдад танилцуулахдаа “Цогтцэций өртөөний ойролцоох төмөр замын хайрган чигжээс дутуу” гэдэг. Тэгвэл Манлай өртөөнөөс явуулж яагаад болохгүй гэж? Шаардлагатай мөнгө хөрөнгийг хувийн хэвшлээс тээврийн урьдчилгаа хэлбэрээр босгож болно гэсэн эрхийг нь Засгийн газар “Монголын төмөр зам” ТӨХК-д олгооч. ЗГХЭГ-т хүсэлт очсон бичгүүд нь Ерөнхий сайдад хүрдэг л юм бол үүнийг шийдэх нь амархан баймаар юм.

Нийтлэлч: У.Оргилмаа

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • W
    William4 жил өмнө

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]