
Цагдаагийн байгууллагаас "Их Бит" ХХК-ийн “IHC” койны хэрэгт эл койныг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн гэх Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж буй. Тэгвэл (IHC)-ыг гаргасан “Их Бит” ХХК-ийн эл удирдлагууд нь “Ихбит” ХХК-ийн 25 хувийн хувьцааг өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэрээр дотоодын биржүүд дээр нээсэн дансыг ашиглан зах зээлд нууцаар IHC койн нийлүүлж, түүнийг худалдан борлуулсныг тогтоожээ.
Тодруулбал, О.Мөнхжин нь төрсөн эцэг Ц.Отгонбаатарын нэр дээр 846 сая ширхэг, хадам эх Б.Энхтуяагийн нэр дээр 540 сая ширхэг, эхнэр Н.Цолмонгийн нэр дээр 446 сая ширхэг, хадам эгч Н.Солонго, Н.Ариунаа нарын нэр дээр 50 сая ширхэг, Б.Эрхэмбаяр нь хүргэн дүү Г.Ганбатын нэр дээр 125 сая ширхэг, Б.Гантиг хамаарал бүхий этгээд Л.Мягмарсүрэнгийн нэр дээр 100 сая ширхэг, нийт 12 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 2,2 тэрбум ширхэг IHC койн оруулан ирж худалдан борлуулжээ. Ингэхдээ 3,4 сая ам.доллар болгон гадаад улсын FTX бирж рүү гаргасан болохыг тогтоосон байна.