Мексикийн батлан хамгаалахын сайд асан баривчлагджээ
10 САРЫН 17, 2020

Мексик улсын батлан хамгаалахын сайд асан эрхэм Пүрэв гарагийн орой АНУ-ын Лос Анжелес хотын нисэх буудлаас баривчлагджээ.
Түүнийг хар тамхины наймаа, мөнгө угаах гэмт хэрэгт буруутгасан байна. Одоо 72 настай генерал Сальвадор Синфуэгос нь 2012-2018 онд, ерөнхийлөгч Энрик Пена Нетогийн үед батлан хамгаалахын сайдаар ажиллаж, тус улсын хар тамхины эсрэг дайныг удирдаж байжээ.
Генерал сайдаар ажиллах хугацаандаа Мексикийн Белтран Лейва картелийг хамгаалалтдаа авч, АНУ руу кокайн гаргах боломж олгодог байсан гэнэ. Тэр бас өрсөлдөгч гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийг баривчлах, эрүүдэн шүүх ажиллагаа явуулсныхаа төлөө Белтран картелиас авлига авдаг байжээ.
Үүнээс гадна Синфуэгос энгийн иргэдийн эсрэг аллага үйлдсэн армийнхаа цэргүүдийг хамгаалж, шийтгүүлэлгүй өнгөрч байсан юм.
Генералыг баривчлагдсаны дараа Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Лобрадор “Энэ бол неолибералуудын засаглалын үед төр засаг яаж ялзарч, доройтсон байсны тод жишээ юм” гээд одоогийн армийн удирдлагуудаа авлигаас ангид байгааг батлан мэдэгджээ.
Сүүлийн нэг жилийн дотор Мексикийн төр засгийн өндөр албан тушаалтнуудаас хоёр дахь хүн хар тамхины хэрэгт холбогдон АНУ-д баривчлагдаж байгаа нь энэ юм. 
2006-2012 онд ерөнхийлөгч Фелип Калдероны засгийн газарт цагдаагийн газрын дарга асан Генаро Гарсиа Луна өнгөрсөн онд Техас мужид баривчлагдаж байв. Түүнийг мөн адил картелиудад АНУ руу кокайн тээвэрлэх боломж олгосон гэж буруутгажээ.
Лунагийн шадар туслахууд болох хоёр офицерыг Синалоа картельд халдашгүй дархан эрх олгосныхоо төлөө олон сая долларын хахууль авсан хэргээр баривчилж, Нью Йорк хотод болсон шүүх хурлаар боссынх нь хамт ялласан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх