Зураачийн бийрээр дамжин "өвөг дээдэс ирэхүй"
10 САРЫН 07, 2020

Хэзээ ч юм бидэнд байсан зүйлс яагаад ч юм үгүй болчихсон байдаг. Хүчтэй, чадалтай байхдаа юуг ч өөриймсүүлж чаддаг хэрнээ сул дорой явахад өөрийн өмч хомсхон. Хичээн байж өөрийн гэсэн ганц хоёрхон зүйлээ авч үлдэж чадна. Монголын тодотголтой бүхэн цагийн эрхэнд элэгдэж, соёлын давамгайлалд бүдэрсээр ахуй дор үндэсний үзэл санаа, язгуур мөн чанар, бэлгэдлийг шингээсэн бүтээлүүдийг үзэхэд нэн таатай байсныг нуух юун.

- УЛАМЖЛАЛТ ТОГТСОН НЭГЭН ЗАГВАРТ БАРИГДААГҮЙ БҮТЭЭЛ-

Зургийн тайлбар: Монголын Уран Зургийн Галерей. Зураач Самбуугийн Заяасайханы "Hidden Identity" уран бүтээлийн үзэсгэлэн. Улаанбаатар хот. 2020.10.06. Гэрэл зургийг С.Хонгорзул

Уг язгуураа эрж хайсан бүхэн зураач С.Заяасайханы “Hidden Identity” буюу “Нуугдмал төрх” үзэсгэлэнгээр ороод гарсан гэдэгт итгэлтэй байна. Энэ л монгол гэмээр давтагдашгүй өв төрхийг уламжлан авч, баяжуулан хөгжүүлэгчид байгаад талархууштай. Мөн уг давтагдашгүй үндэсний өв төрхийг үлдээсэн өвгөддөө бүр их баярлаж С.Заяасайханы бүтээлүүдийг шимтэн шимтэн үзлээ.

Өвөл, хавар, зун, намар шиг үргэлж хувьсаж байдаг зүйл бол бүтээлийн хэлбэр. Ямар аргаар хэлбэр бүтээж байгаа нь чухал ч гэлээ. Хэзээ нэгэн цагт мартагдаж орхисон арга өнөө цагт шинэ хэлбэр үүсгэж олны анхааралд өртөж болно. Үзэсгэлэнг сонирхон ирсэн хүмүүс зураачаас агуулга нэхэх агаад заавал зураачийн амнаас гарсан авиа бүрийг анхааралтай сонсох аж. “Яагаад заавал эмэгтэй хүнд буу бариулсан юм бэ” гэхчлэн ил цагаан асуух нь асууж, зураачийг тойрч бүчсээр бүгд түүний очсон газарт л очиж, агуулга нэхэх агаад заавал зохиолчийн хэлж ярьснаар өөрийн санаагаа баглаж байх шиг.  Уламжлалт тогтсон нэгэн загварт баригдаагүй, хэлбэр төрх бага зэрэг өөрчлөгдсөн түүний бүтээлүүдийг хүлээж авах гэж ихэд мэрийх авай.

-“ӨВӨГ ДЭЭДЭС ИРЭХҮЙ” БҮТЭЭЛД ХӨХ ӨНГӨ ЗОХИЛОХ АГААД ТҮҮХЭН БҮСГҮЙЧҮҮДИЙН ДҮРИЙГ БУУ БАРИУЛАН УРЛАЖЭЭ -

Зургийн тайлбар:  Зургийн нэр “The Guards of Hope” 2020. Энэхүү зурагт улс эх орноо хамгаалахын тулд сонсож, үнэрлэж, харж, мэдэрч буй дүрүүдийг дүрсэлжээ. Сайтар ажиглавал зураг дээрх эмэгтэй олон өнгөөр тэмдэглэсэн мэдээллүүдийг сонсож байгааг харж болно. Тэрбээр энэ бүтээлийг хийхдээ 7 долоон хоног зарцуулсан байна. Зургийн эх сурвалж: “Art of Zaya” буюу түүний албан ёсны цахим хуудас.

Уламжлалгүй шинэчлэл гэж үгүй. Түүний бүтээлүүдийг зурвас харвал ноёд, хатад, хуяг дуулгатай дайчин баатрууд дүрслэгдсэн байна. Тэд өөрсдийн орчин цагийн өнгө төрхийг аль хэдийн олжээ. Уламжлалаа шинэхэн соёлтой гайхмаар сүлэлдүүлсэн агаад үүнийг л “уран санаа” гэх байх хэмээн уулга алдуулахуйц бүтээлүүд байлаа. Хөх өнгөөр зонхилсон нь монголчуудын өнгөний бэлгэдлийг ч харуулахыг зорьсон байж болох юм. Түүний бүтээлийн агуулга нь монгол хүний язгуур мөн чанар.

“Бид социализм коммунизм бүтээж байна” гэсэн уриан дор “Будда”-ийн дүрийг бүтээжээ. Буддагийн зулай хэсэгт “Бид социализм коммунизм бүтээж байна” гэсэн медаль байх агаад социализмийн үед бурхны шашны соёлыг үгүйсгэж, устгаж байсан нь түүхэн үнэн. 1921-ээс хойш олгогдсон одон медалуудаар бурхны хөргийг бүтээсэн нь зураачийн уран санаа, түүгээр дамжуулах гүн утгыг илэрхийлж буй. Түүний үзэсгэлэнгийн ихэнх зайг эзлэн байх “Өвөг дээдэс ирэхүй” бүтээлд хөх өнгө зохилох агаад түүхэн бүсгүйчүүдийн дүрийг буу бариулан урлажээ. Хэрэв уламжлал соёлоо мартвал өнгөрсөн чинь ирээдүй рүү  галлана гэсэн санаа ч байж болох юм.

- МАГНАЙДАА ОДОН МЕДАЛЬ ЗҮҮСЭН ЕСӨН МОРИНЫ НҮД ХҮНЭЭС Л ХАРЖ БОЛОХУЙЦ ТИЙМ ХАРЦААР ШИРТЭЖ БАЙЛАА -

Зургийн тайлбар: Зураач С.Заяасайханы өөрийн бие даасан "Hidden Identity" уран бүтээлийн үзэсгэлэнгийн танхимд сууж байна. Монголын Уран Зургийн Галерей. Зургийн эх сурвалж: “Art of Zaya” буюу Самбуугийн Заяасайханы албан ёсны цахим хуудас.

Бүтээлүүдийн тод хурц өнгөний шийдэл гайхалтай санагдаж байсныг нуух юун. Үүний зэрэгцээ зөвхөн С.Заяасайхан гэдэг хүнийг төлөөлж чадахуйц үнсэлтийн хээ, зүрхэн сум, элдэв одон, жижиг толь гэх мэх элементүүдийг бүтээлдээ чадварлаг тусгажээ. Үзэсгэлэнгийн голд байрлах “Шидэт сарнай” болон “Алдарт эх” хоёр зургийг нийлүүлэн байрлуулсан нь хараа булаам өвөрмөц шийдэл байсан тул хэдэн хором харц салгалгүй зогссон юм. Дээрх хоёрхон зураг нэгэн цагт амьдарч байсан залуу болоод бүсгүйн амьдралыг нэг дор өгүүлэх шиг санагдаж байв. Мөн “Хатагтай маргарита” хэмээх зурагт дүрсэлсэн цээжин дээрээ хундага маргарита тавьсан биерхүү эмэгтэйн дүрээр хөрөнгө чинээлэг эмэгтэйн “эго”-г харуулжээ. Магнайдаа одон медаль зүүсэн есөн морины нүд хүнээс л харж болохуйц тийм харцаар ширтэж байлаа. С.Заяасайханы бүтээлүүд нэгэн зэрэг олон төрлийн мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ эмэгтэй хүний шийдэмгий байдал болоод гоо үзэсгэлэнг тодотгож, бүтээл бүрдээ өвөрмөц өгүүлэмжийг шингээжээ. Тус үзэсгэлэн аравдугаар сарын 10 хүртэл Монголын Уран Зургийн Галерейд гарах тул та бүхэн үзэж сонирхон ирээдүй өнгөрсөн одоог эргэцүүлэн бодоорой.

Зургийн тайлбар: Энэхүү бүтээлдээ эр хүнийг дайнд явуулахдаа эмэгтэй хүн үнсээд тэврээд үддэг. Тэр эр хүний сэтгэлд хадаатай байж урам зориг өгдөг гэсэн санааг илэрхийлжээ. Зургийн эх сурвалж: “Art of Zaya” буюу түүний албан ёсны цахим хуудас.

Зургийн тайлбар: Монголын Уран Зургийн Галерей. Зураач Самбуугийн Заяасайханы "Hidden Identity" уран бүтээлийн үзэсгэлэн. Улаанбаатар хот. 2020.10.06. Гэрэл зургийг С.Хонгорзул

 

Д.Цэрэнчимэг

С.Хонгорзул

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (3)

Нийтлэх
Зочин
[203.98.77.173]
2020-10-08
bravo
Хариулах
зураач
[203.98.77.173]
2020-10-08
баярлалаа
Хариулах
уран зураг сонирхогч
[203.98.77.173]
2020-10-07
заяасайхан бол жинхэнэ уран бүтээлч мөн
Хариулах