Facelook: 20.000 гаруй кинонд дуу оруулсан Ө.Наранбаатарын фото түүх
10 САРЫН 02, 2020

"Орчуулсан:

-Мэргэн

Дуу оруулсан жүжигчид:

-Дарамсүрэн,Цэмпилмаа, Нэргүйбаатар, Элбэгсайхан, Наранбаатар, Баттүшиг, Батцэцэг, Энхбаяр

Дууны найруулагч:

-Сүрэнхорлоо

Монголын үндэсний олон нийтийн телевизийн дуу бичлэгийн студид хөрвүүлэв 1999 он." хэмээх хэллэгийг уншихад л дуу хоолой нь чихэнд тод сонстоно. Энэхүү хэллэгийг бидний сэтгэл зүрхэнд хоногштол хэлсэн эрхэм дуу оруулагч бол Ө.Наранбаатар билээ.

Харин хүүхэд, багачууд, залуусын дунд "Үсэглэл зөв байна" хэмээх хэллэгээрээ илүү танигдсан энэ эрхэмтэй уулзаж үзэхийг оюутны ширээг тохойлдон суух үеэс л хүсэж явсан минь саяхан. Намайг бага залуу гэж гололгүй сэтгэл уудлан хөөрөлдсөн жиндүүхэн өдрийн "жинтэйхэн" яриаг хэрхэн буулгаснаа та бүхний өмнө барья. 

-Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Юун түрүүнд танд Телевизийн салбар үүсэж хөгжсөний 53 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

-Баярлалаа. Сайхан намаржиж байна. МҮОНТ бол намайг анх өлгийдөж авсан байгууллага яах аргагүй мөн. Тийм учраас Үндэсний телевизийнхээ нийт уран бүтээлчид, техникийн ажилчид, тэр тусмаа Кино албаныхандаа, үе үеийн уран бүтээлчиддээ ойн баярын мэндийг хүргэе.

-МАНАЙ АНГИЙНХАН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН КИНО, ДРАМЫН АНГИЙН АНХНЫ ЭЛСЭГЧИД БАЙГАА ЮМ-

-Та аль нутгийн хүн бэ? Бага насаа хаана өнгөрүүлсэн бэ?

-Би Дорноговь аймагт төрсөн. Аав ээж хоёр маань Дорноговь аймгийн нэг сумын хүмүүс. Аав маань 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин хүн байсан. Цэргээс халагдаж сумандаа ирээд ээжтэй минь гэр бүл болж байсан. Би ганц эгч, гурван ахтай, айлын бага хүүхэд байгаа юм. Аав маань цэргээс халагдаж ирээд насаараа жолооч хийсээр тэтгэвэртээ гарсан. Ээж маань харин бага ангийн багш хүн байсан юм. Миний хувьд бусдын адил ясли, цэцэрлэгээр хүмүүжсэн. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын найман жилийн сургуулийг төгсөөд дараа нь Дорноговь аймгийн Сайншанд хотын Нэгдүгээр арван жилийн сургуульд ес, аравдугаар ангиа төгссөн. 1989 онд аравдугаар ангиа төгсөөд Улсын Багшийн дээд сургуулийн кино драмын ангид шалгалт өгч байсан юм. Биднийг ордог жил Соёл урлагийн их сургууль Улсын Багшийн дээд сургуулиас тусгаарлагдан шинэ сургууль болж байгуулагдаж байсан. Тэгэхээр бид Соёл урлагийн их сургуулийн Кино драмын ангийн анхны элсэгчид байгаа юм. Жүжигчний ангид ингэж орж байлаа.

Зургийн тайлбар: Аав Г.Өлзий, ээж Д.Цагаан, гурван ах, эгчийн хамт. Улаанбаатар хот. 1990 он.

-Энэ мэргэжлийг сонгоход тань юу нөлөөлсөн бэ? Багадаа урлагийн наадамд их оролцдог хүүхэд байв уу?

-Тийм. Тав, зургаа дугаар ангид байхад урлагийн үзлэг гэж болдог байлаа шүү дээ. Тэр бүрт ангиа аваад гарчихдаг нэг хүүхэд байдаг даа. Хөтлөгч хийгээд л, дуу дуулаад, шүлэг уншаад л гүйдэг тиймэрхүү л хүүхэд байсан юм. Бараг тав, зургаа дугаар ангиас авьяас илэрсэн гэх юмуу даа. Сургуулийн шинэ жилийн концертонд дуулдаг, алиалагч болдог байсан. Есдүгээр ангид аймгийн төвийн сургуульд ороод ангийнхаа урлагийн үзлэгийн хөтлөөд л, сургуулийн монолог ярианы аварга болоод л явдаг байлаа. Тэр жил кино, драмын ангид элсэлт авч байна гээд ангийнхан, багш нар маань надад зөвлөөд. Тэд нарын зөвлөгөгөөр шалгалт өгөөд үзтэл харин тэнцчихсэн. Кино, драмын ангид орсноос хойш өдий хүртэл урлагаар явж буй хүн дээ.

Зургийн тайлбар: 10 дугаар ангийн зураг. Ө.Наранбаатар хойд эгнээний баруун буланд зогсож буй. Дорноговь аймаг. Сайншанд хотын Нэгдүгээр арван жилийн сургууль. 1989 он.

- Телевизийн салбарт хэдэн жил ажилласан бэ?

-1992 онд СУИС-ийн жүжигчний ангийн хоёрдугаар курст сурч байх үед дадлага хийхээр боллоо. Би Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар Ц.Гантөмөр хэмээх Монголын алдарт жүжигчин мөн МУ-ын гавьяат багш, Соёл Урлагийн Их Сургуулийн Хүндэт доктор, Тайзнаас ярих урлагийн анхны тэнхимийг санаачлагч Р.Уртнасан хэмээх хоёр хүний шавь болсноороо өөрийгөө ихэд азтайд тооцон бахархаж явдаг юм. Хоёр багш маань тэр үеийн телевизийн удирдлагуудтай  “Хэдэн хүүхэд дадлага хийлгэе” гэж яриад бид нар дадлага хийхээр болсон юм.

Зургийн тайлбар: Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар Ц.Гантөмөр багшийнхаа хамт ангийн хөвгүүд. Улаанбаатар хот. 1994 он.

-БИ ЧИНЬ ЦАЛИНТАЙ ОЮУТАН БАЙЛАА ШҮҮ ДЭЭ-

-Тухайн үед Үндэсний телевиз л гэж байлаа шүү дээ. Би харин азтай. Хүүхдүүдийг хоёр хуваагаад заримыг нь телевизэд, заримыг нь радиод хуваарилсан юм. Би харин телевизэд хуваарилагдсан хүүхдүүдийн тоонд багтаад кинонд дуу оруулдаг тэр том хүмүүс дээр очоод шууд дадлага хийчихсэн юм/инээв/. Дадлага хийж байгаад л би тэр чигтээ энэ дуу оруулах ажлын амт шимтэнд ороод эхэлсэн. Алдарт нэвтрүүлэгч Б.Цэенханд эгч, Ж.Батбаяр ах, Д.Нарантуяа эгч, Ж.Бямбаа эгч зэрэг хүмүүс ажилладаг байсан. Тэр хүмүүс намайг хараад “Энэ хүүхэд ер нь энэ чиглэлээр явбал гайгүй хүүхэд байна” гэж сүүлд багшид хэлж байсан бололтой юм билээ. Түүнээс хойш төгсөн төгсөтлөө, дадлага дуусаад сургууль дээрээ очсон ч гэсэн ерөөсөө л телевиз рүү явмаар санагдаад л хичээлийнхээ дундуур уншиж болох уу гээд тэр хүмүүсээс асуутал “Унш, унш” гээд зөвшөөрч байсан юм. Би чинь цалинтай оюутан байлаа шүү дээ. Дуу оруулаад л, цалин аваад л /инээв/.

 

Зургийн тайлбар: Ахмад дуу оруулагч нарын хамт. Улаанбаатар хот. МҮОНТ. 1996 он

-ӨӨРИЙН ЭРХГҮЙ ХӨЛ ТЕЛЕВИЗ РҮҮ ЯВААД БАЙСАН-

-Гурав, дөрөвдүгээр курстээ хичээлийнхээ хажуугаар дуу оруулсаар л байсан. Хоёр гурван жил дуу оруулаад ирэхээр зүгшрээд эхэлсэн. Сургуулиа төгсөхөд манай ангиас уг нь таван хүүхдийг Драмын театрт хуваарилсан юм. Тэр дунд нь миний нэр байсан. Тэгтэл өөрийн эрхгүй хөл телевиз рүү яваад болдоггүй. Телевиздээ хэсэг дуу оруулалтаа хийж яваад “Ер нь нэг театр луу яваад үзье, манай ангийн теарт орсон хүүхдүүд ч намайг дуудаад байдаг юм чинь” гэж бодоод Драмын театр луу орох гэж явж байгаад хажуугийнх нь театрын хаалгыг татаад орчихгүй юу. Тэгтэл Хүүхэлдэйн театрын хаалгыг татаад орчихсон байгаа юм. Намайг яг очдог үеэр Хүүхэлдэйн театрт жүжигчид шалгаруулж авч таарсан юм билээ/инээв/. Хаягийг нь ч хараагүй орчихсон. н.Чойсон гуай намайг “За, хэний ангийг төгссөн?” гээд асуухаар нь “Гантөмөрийн ангийг төгссөн, миний нэр энд байгаа” гэтэл “За, тэгвэл чамайг авлаа” гээд шууд авчихсан. “Сайхан шинэ боловсон хүчин ирлээ. Гантөмөрийн шавь юм байна. Мундаг хүүхэд ирлээ” гээд шууд авчихгүй юу. Тэгсэн драм биш хүүхэлдэйн театр байсан байна лээ/инээв/. Хүүхэлдэйн театрт би 1994-1996 онд ажилласан юм. Тэнд ажиллаж байхдаа олон ч жүжгийн гол болон туслах дүрүүд дээр тоглосон. Хүүхэлдэйн театрт ажиллаж байх үедээ хүртэл киногоо санаад болдоггүй. Дундуур нь дахиад л телевиз рүүгээ гүйж очоод киногоо уншаад байсан. Тэгтэл харин хуучны ахмад хүмүүс айхтар мэдрэмжтэй. Тухайн үеийн удирдлагууд маань “Энэ хүүхэд бол ерөөсөө кинонд л дуу оруулах ёстой хүүхэд юм байна. Сэтгэл нь тийшээ яваад байна. Миний хүү тэгээд явбал яв даа” гээд надад хэлсэн. Тэгээд би театраас гарсан. Түүнээс хойш телевизийн кинондоо дуу оруулсан даа.

Зургийн тайлбар: “Леаполд муур” хэмээх Оросын орчуулгын жүжгийг өөрөө найруулан эмч нохойн дүрээр тоглож байсан үе. Улаанбаатар хот. Хүүхэлдэйн театр. 1995 он.

-АНХ ДАДЛАГА ХИЙЖ ЭХЭЛСЭН ЦАГААС ХОЙШ АМТАНД НЬ ОРЧИХСОН-

-Телевизийн салбарт 25 орчим жил ажилласан байна. Харанхуй, агааргүй орчинд хэдэн цагаар сууж кинонд дуу оруулдаг талаар сонссон. Энэ салбарт ажиллахын сайхан нь юу вэ?

-Түрүүн ярьсанчлан анх дадлага хийж эхэлсэн цагаас хойш амтанд нь орчихсон. Бид хэдийн ажил бол агааргүй битүү орчинд, цонх ч үгүй шүү дээ, нэг муу ширээний ёлтойсон гэрэлд л уншина. Ахмад жүжигчид маань намайг яваандаа “шил зүүнэ дээ”  гэж хэлдэг байсан. Одоо тэр нь ирж байна шүү дээ. Хараа муудаад эхэлсэн. Гэхдээ энэ ажлын онцлог нь ерөөсөө мэргэжлийн жүжигчин хүмүүсийн хийх ажил. Хамгийн түрүүнд мэргэжлийн жүжигчин байх шаардлагыг хангасан байх ёстой. Урлагийн сургуульд багш нар маань заасан тайзны хэл ярианы хичээл гэдэг нь ерөөсөө тэр чигтээ энэ ажилтай холбоотой. 

Зургийн тайлбар: Б.Уранчимэгийн хамт “Халтар царайт” кинонд дуу оруулж буй нь. Улаанбаатар хот. 1995 он

-Хүүхэлдэйн театраас гараад телевиздээ эргээд орчихоод байж байтал телевизийн анхны олон ангид кино гарах гээд. Зөвхөн мэргэжлийн жүжигчид дуу оруулна гээд “Халтар царайт” киноны дүрийн проб болсон юм. Тэр киноны Тонигийн дүрд би шалгалт өгч тэнцээд дуу оруулсан юм. Энэ дашрамд хэлэхэд “Халтар царайт” кинонд дуу оруулахаас өмнө нэвтрүүлэгч нар кинонд дуу оруулдаг байсан юм. Өөрөөр хэлбэл “Халтар царайт” кинонд анх удаа мэргэжлийн жүжигчид дуу оруулсан.

-ХҮҮХЭД БАЙХДАА ХООЛОЙГ НЬ СОНСДОГ БАЙСАН ТЭР САЙХАН ХҮМҮҮСИЙН ДЭРГЭД ТОХОЙ НИЙЛҮҮЛЭН СУУГААД ДУУ ОРУУЛНА ГЭДЭГ ГАЙХАМШИГ-

-Өгүүлэхүйн урлагийн үе үеийн шилдгүүдтэй ажилласан олон жилийн туршлага танд бий. Ахмад жүжигчдээс хэрхэн суралцдаг байсан тухайгаа хуваалцаач?

-Монголын кино үйлдвэр гэж том айл байсан. Зах зээл гээд тэр айл тарчихсан. Бүх жүжигчид нь гудамжинд гарчихсан, хувиараа юм хийж байсан үе. Манай Ц.Гүндэгмаа гээд дууны найруулагч байсан юм. Тэр хүн Монголын кино үйлдвэрт ажиллаж байсан том жүжигчдийг цуглуулаад телевизэд авчирсан. Алдарт Элбэгсайхан ах, Цэмпилмаа эгч, Дарамсүрэн ах, Нэргүйбаатар ах, Равдан ах гэх мэтчилэн энэ том хүмүүсийг телевизэд дуудаж авч ирсэн. Энэ ахмадуудтайгаа би олон сайхан кинон дээр хамтарч ажилласан. Түүгээрээ би мөн л бахархдаг. Сайхан байдаг юм. Хүүхэд байхдаа хоолойг нь сонсдог байсан тэр сайхан хүмүүсийн дэргэд тохой нийлүүлэн суугаад дуу оруулна гэдэг гайхамшиг.

-Та Монголын үндэсний олон нийтийн радиод хэдэн жил ажилласан бэ?

-2008 оноос эхлэн Монголын үндэсний олон нийтийн радиод олон сайхан найруулагч, нэвтрүүлэгч нартай хамтран ажиллаж байсан. Мэргэжлийн түвшинд үгтэй ажиллах эрдмийг би энэ газраас олж авсан. Монголын радиод би нэвтрүүлэгч хүн үгэн дээр хэрхэн ажиллах арга барилыг сурсан гэж боддог. Монголын радиогийн үе үеийн ахмадууд, нэвтрүүлэгч нараа үргэлж дурсан санаж явах болно. Тэдэндээ сайн сайхан бүхнийг хүсье. 

Зургийн тайлбар: МҮОНРадиогийн 75 жилийн ой. Найруулагч, нэвтрүүлэгчдийн алба. Улаанбаатар хот. 2009 он

-МЭРГЭЖЛИЙН ТАЛААС НЬ АНХ ЗӨВЛӨЖ БАЙСАН БАГШ МААНЬ БОЛ ЦЭЕНХАНД ЭГЧ-

-Анх удаагаа кинонд дуу оруулж байсан түүхээсээ хуваалцаач?

-Тухайн үед биднийг дадлага хийж байхад студи гэж байдаггүй байлаа. Эфирт гараад шууд уншина. Бичлэг хийдэггүй гэсэн үг. Тухайн үед шилжилтийн нийгэм байсан учраас голцуу л ЗХУ-ын харьяаны кинонууд л гардаг байлаа шүү дээ. Биднийг 10 сард дадлагаар очиж байхад сурагчдын амралтад зориулан Германы хүүхдийн олон ангит “Банштай зутан” гээд кино өглөө 10 цагаас гардаг байсан юм. Тэр кинон дээр л анх дадлагын оюутан хүүхэд орсон доо. Цэенханд эгч дүр хуваарилаад надад нэг аавын, нэг хүүгийн дүр таарлаа. Тэр үед хальсны аппаратан дээр киногоо эхлээд үздэг байлаа. Орчуулга нь хүрээд ирнэ. Хуучин бас гарч байсан кино болохоор орчуулгын цаас нь гэж шарлаж хуучирсан хуудас ирдэг байлаа. Одоогийнх шиг сайхан А4 цаас гэж байгаагүй шүү дээ. Компьютер гэж байхгүй. Тог тог гэж цохидог бичгийн машин дээр шивсэн орчуулгын хуудас ирдэг байсан. Тэр хуучирсан цаасан дээр чинь л үгээ тэмдэглэж аваад шууд эфир лүү орно доо. Анх ороход хар хөлс цуваад л кино унших манатай, Цэенханд гуай эфирийн студи рүү шууд ороод ирнэ. Бид нарыг уншиж байгаад л алдангуут араас чимхдэг. Эфир орон даяар шууд явж байгаа учраас “ёооё” гэж орилж болохгүй/инээв/. Тэгээд гараад ирэхээр Цэенханд гуай загнадаг байсан. Тэр чинь үнэндээ маш том сургууль болж байгаа юм шүү дээ. “Наранбаатар өнөөдөр тэр үгэн дээр ингэж дуугарсан, тэгэж хэлэхгүй, сандарч байна, ингэж ингэж дуугар” гээд мэргэжлийн талаас нь хэлдэг байсан. Мэргэжлийн талаас нь анх зөвлөж байсан багш маань бол Цэенханд эгч.

-20000 ГАРУЙ УРАН БҮТЭЭЛ-

-Таны урын санд дуу оруулсан кино, уран зохиолын бичвэр гээд олон бүтээл бий. Тоолж үзэж байв уу?

-За тэр бол тоогоо алдсан. Би 2007 онд Соёлын Тэргүүний ажилтан цол хүртээд, 2015 онд Алтан гадас одон хүртсэн юм.  Хөдөлмөрөө үнэлүүлэх сайхан л юм байна лээ. 2015 онд Төрийн одон медаль тодорхойлуулахад материал өгөх болоод нэг тоо гаргаж байсан юм. Тэр материал дээр телевизийн олон ангит кино, орчуулгын УСК, МУСК, хүүхэлдэйн кино, баримтат кино зэргүүдээ нэмээд нэг тоо гаргахад бүгд нийлээд 20’000 гаруй болж байсан. Телевизийн олон ангит киноны нэг ангийг нэгээр тоолсон л доо. Үндэсний телевиз, Улаанбаатар телевиз, 25 телевиз, Ийгль телевиз, Тв9 телевиз гээд тав зургаан телевизийн кинонууд багтсан юм шүү дээ.

Зургийн тайлбар: "Хөөрхөн төрөх албагүй" киноны дуу оруулалтын үеэр. Улаанбаатар хот. Тв9 телевиз. 2007 он

-“Халтар царайт” киноны Тони, “Анхны хайр” киноны Чанвугийн дүр гээд таны дуу оруулсан кинонуудаас сэтгэлд хамгийн ойр үлдсэн нэг киног нэрлэвэл?

-Олон кино бий л дээ. Жишээлбэл, Мил Гибсоны тоглосон Гамлетийн дүр байна. Тэрийг би гайгүй хийчихсэн гэж боддог юм. Мөн Дастин Хоффманы тоглосон “Тоззи” гээд кино бий. Кинон дээрээ мань эр эмэгтэй болж тоглодог юм. Кинон доторх кинонд тоглодог тийм дүр. Эмэгтэй болж ярьж байгаад л гэнэтхэн өөрийнхөө хоолойгоор яриад л. Дуу оруулагчийн хоолойны ур чадвар буюу мэргэжлийн ур чадварын гүйцэтгэлийг их шаардсан тийм кино байсан юм. Хоолойгоо жаахан шингэлээд хагас өнгөөр дуугартал найруулагч маань “За Нараа, яг наад өнгө чинь шүү, наад өнгөө барьж дуугараарай” гэж байсан. Тэр өнгөө алдалгүй киноны турш тэгж дуугарсаар дуусгаж байгаа юм. Орчуулгын киноны дуу оруулагчийн ур чадварыг ихээхэн шаардсан дүр гэвэл түүнийг хэлнэ л дээ.

Зургийн тайлбар: Юн Жи Ли "Анхны хайр" олон ангит киноны Чан Вугийн дүрд Ө.Наранбаатар дуу оруулж байсан. Улаанбаатар хот. 2001 он.

-БАР ЮМУУ ЧОНЫН ДҮРД ЯГ ТЭР ХАРАКТИРИЙГ ГАРГАЖ ДУУГАРНА-

-Хэвлэмэл зохиолыг урнаар унших, кинонд дуу оруулах хоёр алд дэлэм зөрүүтэй байх. Таны хувьд хэр зэрэг ялгаатай вэ?

-Тийм. Би дэлхийн сонгодог уран зохиол болоод Монголынхоо зохиолуудаас олныг уншсан л даа. Радио, телевизийн архив, сан хөмрөгт байгаа. Би өөрөө “Сургамжит өгүүллэгүүд” гээд өөрийн бие даасан орчуулгын гурван CD гаргасан. Кино өгүүллэг хоёрын дунд асар их ялгаа байлгүй яах вэ. Жүжигчин хүний хувь орчуулгын УСК-нд дуу оруулах, хүүхэлдэйн кинонд дуу оруулах, баримтат кинонд дуу оруулах хүртэл дотроо янз янз байдаг. Тэгэхээр уран зохиол ойлгомжтой, бүр өөр. Сонгодог зохиолуудыг яг радиогийн нэвтрүүлэгчийн хэв маягаар уншдаг гэх юмуу даа. Киноны дүр шиг тийм өндөр жүжиглэлттэйгээр уншихгүй.  Түүхэн өгүүллэгийг унших, орчин үеийн өгүүллэг унших нь ч ялгаатай. УСК бол тодорхой шүү дээ, гүйцэтгэл их өндөр, тоглолттой. Тэр дүрийнхээ зан араншинг гаргах шаардлагатай. Хүүхэлдэйн кинонд бол жишээ нь амьтан болдог. Бар юмуу чонын дүрд яг тэр характирийг гаргаж дуугарна. Тэгэхээр маш их ур чадвар шаарддаг. Баримтат киног бол тоглож уншихгүй гэх мэт.

 

Зургийн тайлбар: Есүсийн тухай баримтат кинонд дуу оруулж буй нь. Баримтат кинонд дуу оруулах талаараа тэрээр “Баримтат киног хэт тоглолттой уншдаггүй” хэмээн хэлсэн. Улаанбаатар хот. 1997 он.

-“ЗА МИНИЙ ДҮҮ ОДОО НЭРЭЭ ХЭЛЭЭРЭЙ, ДУУ ОРУУЛСАН ТЭР ГЭЭД НЭРИЙГ ЧИНЬ ХЭЛДЭГ ЮМ” ГЭСЭН ЧИНЬ “АХАА, ЗҮГЭЭР” ГЭЖ БАЙНА-

-“МҮОНТ-ийн дуу бичлэгийг студид хөрлүүллэв, тэдэн он” гэж хэлээд бичлэг дуусах мөчийг юутай зүйрлэх вэ?

-Нэг сайхан амьсгаа авдаг даа. Сайхан кинонд дуу оруулна гэдэг өөрөө их сайхан байдаг. Олон сайхан уран бүтээлчидтэйгээ хамтраад нэг том уран бүтээлийн ард гарахад авах мэдрэмжийг зүйрлэхэд хэцүү. Энэ ташрамд нэг хөгжилтэй түүхийг хэлье л дээ. Нэг хүүхдийн кинонд дуу оруулах охин хайгаад, хүүхдүүдээс шалгалт автал нэг охин тэнцсэн юм. Хөөрхөн хоолойтой охин байсан юм. Дуу оруулж дуусаад “За миний дүү одоо нэрээ хэлээрэй, дуу оруулсан тэр гээд нэрийг чинь хэлдэг юм” гэсэн чинь “Ахаа, Зүгээр” гэж байна. “Юун зүгээр гэж нэрээ хэлээч” гэтэл “Харин Зүгээр” гээд байна. Тэгтэл жинхэнэ нэр нь Зүгээр байсан юм байна/инээв/. Тэгээд би уншихгүй юу “Дуу оруулсан зүгээр Наранбаатар” болчих гээд эсвэл “дуу оруулсан Наранбаатар зүгээр” болчих гээд нэг хөгжилтэй юм болж билээ/инээв/.

Зургийн тайлбар: Монголын үндэсний олон нийтийн телевизийн кино редакцийн хамт олон. Улаанбаатар хот. 2004 он

-МИНИЙ ХАНЬ ХҮҮХДИЙН РЕДАКЦИД ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН НАЙРУУЛАГЧ Ө.АЛТАНСЭРЭЭ ГЭЖ ХҮН БИЙ-

-"Тоглож болохгүй нас", "Он цагийн эрэлчид", "Азтай бондгор", "Чингис хаан" анимэйшн зэрэг хүүхдийн кинонууд дээр ажилласан байсан. Хүүхдэд зориулсан уран бүтээл дээр ажиллах их сонирхолтой бололтой?

-Миний хань, гэр бүлийн хүн маань МҮОНТ-ийн телевизэд 20 гаруй жил ажиллаж байгаа. Хүүхдийн редакцид олон жил ажилласан найруулагч Ө.Алтансэрээ гэж хүн бий. Манай хүн Оросд мэргэжлийн урлагийн сургууль төгссөн, хүүхдийн редакцид олон жил ажилласан учраас хүүхдэд их ойрхон хүн. 2015 онд хүүхдийн уран бүтээл их ховор байсан учраас манай хүн зохиолыг нь бичээд “Тоглож болохгүй нас” гээд хүүхдийн кино хийж байсан. Манай хүн өөрөө зохиолыг нь бичээд найруулсан. Би түүн дээр нь продюссерээр ажилласан. Их хөөрхөн кино болсон. Дараагаар нь хоёр дахь уран бүтээлдээ орсон. Бас л хүүхдийн уран бүтээл барьж авсан. Хуучнаар БСШУЯ-аас хүүхдийн уран бүтээлийн кино зохиолын уралдаан зарласан юм. Түүн дээр манай хүн телевизийн олон ангит хүүхдийн киноны зохиол өгсөн юм. Тэр нь нэгдүгээр байранд шалгараад яамнаас 50 хувийн санхүүжилт өгөөд “Он цагийн эрэлчид” гэдэг нэртэй хүүхдийн цуврал киног хийсэн. Ер нь хүүхэдтэй ажиллах их сайхан байдаг.

Зургийн тайлбар: Эхнэр Ө.Алтансэрээгийн хамт. Улаанбаатар хот. 2016 он.

-Ярилцлагын маань сүүлийн асуултад тулж ирээд байна. Залуус хүүхдүүддээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Бид нарын хүүхэд нас сайхан байжээ. Одооны залуус гар утаснаас салахаа байсан байна. Би Сургамжит өгүүллэгийг хүүхэд залуустаа зориулан танин мэдэхүйн чиглэлээр гаргасан өгүүллэгүүд л дээ. Ер нь ном их унших хэрэгтэй. Ном их уншихаар хүний ярианы баялаг сайжирдаг. Хүнтэй харьцах харилцааны соёлтой болно. Үгийн баялагтай болно, юмны цаадхыг өөр өнцгөөр хардаг болно гээд маш их ач холбогдолтой. Гар утас ухаад байхдаа биш шүү гэж дүү нартай хэлье. Эцэст нь хэлэхэд телевизийн салбарт ажиллаж буй, орчуулгын киноны дуу оруулагч жүжигчин дүү нартаа уран бүтээлийн өндөр амжилт, гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье.

-Урилгыг минь хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Зургийн тайлбар: “Саятан болохыг хүсвэл” нэвтрүүлгийг хөтлөх үеэр. Улаанбаатар хот. 2000 он            

Б.Амарбаясгалан

www.ubn.mn 

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (5)

Нийтлэх
зочин
[66.181.161.113]
2020-10-17
Их сайхан ярилцлага байна. Уншиж байхад л дуу оруулсан кино нь шууд чихэнд сонсогдоод сайхан ярилцлага болжээ. Ангийн охиныхоо гэр бүлд аз жаргал, сайхан бүгдийг хүсэн ерөөе
Хариулах
Зочин
[66.181.161.112]
2020-10-05
Ёстой сайхан ярилцлага бна. Ийм л эгэл баатруудыг бид хүндлэх ёстой, бахархал болгох ёстой гэж бодогдох юм
Хариулах
Зочин
[66.181.161.20]
2020-10-05
таалагдлаа. сайхан хүн. тайзны ард байдаг ийм эгэл хүмүүс л амьдралыг илүү сайхан болгодог. ажлаа чанартай хийдэг.
Хариулах
Zochin
[124.11.241.57]
2020-10-04
Deer taaraad mendlehed nudend dulaahan elgemseg hun baisan. Mundag yum aa. Amidrald ni az jargal husey.
Хариулах
Зочин
[66.181.189.231]
2020-10-04
Сайхан ярилцлага болжээ. Сэтгүүлч Амарбаясгалан дүүдээ улам их амжилт хүсье.
Хариулах