Ахмадын баяр: Нийтлэг төсөөллөөс өөр түүхтэй манай ахмадууд
10 САРЫН 01, 2020

Тэтгэвэрт гарсан хүн гэхээр л хийх ажилгүй, орлогогүй, ач зээгээ хараад суудаг гэсэн нийтлэг ойлголт монголчуудын дунд бий.  "Улаанбаатар ньюс" сайт олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан тэрхүү нийтлэг хэв маягаас өөрөөр амьдарч, өвөрмөц түүхтэй ахмадуудыг онцлон хүргэж байна.

Д.ЛИЙЛАА: 15 НАСТАЙГААСАА ЭХЭЛЖ БАРИЛГАД ОРООД 32 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАСАН 

Зургийн тайлбар: 15 настайгаасаа ээж, эмээ хоёртойгоо барилга дээр ажиллаж байснаа дурсан ярьж буй Д.Лийлаа эмээ. Тэрбээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад гар бие оролцжээ. Улаанбаатар хот. 2020.09.30. Гэрэл зургийг: Д.Цэрэнчимэг

Ахмадуудын баяр болж буйтай холбогдуулан 15 настайгаасаа эмээ ээж нараа даган барилга дээр ажилласан ахмад Д.Лийлаатай ярилцлаа. Тэрбээр энэхүү мэргэжлээр 32 жил ажилласан бөгөөд одоогийн Улаанбаатар хотыг бүтээлцэх их үйлсэд хэрхэн гар бие оролцсон тухайгаа хуучиллаа.

- МИНИЙ ХИЙСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГЭВЭЛ “МОНГОЛ БАНК”, “ДӨЧИН МЯНГАТ”, “ТАВИН МЯНГАТ” ГЭЭД ОЛОН БИЙ -

Намайг Дэлгэрийн Лийлаа гэдэг. Одоо 77 настай. Эмээ нь 1962 оны наймдугаар сарын 21-ний өдөр анх барилгачин болж байлаа. Тухайн үед бүх л ажлыг гар, нуруугаа ашиглаж бүхнийг үүрч, зөөж хийнэ. Элсээ хөлдөөхгүйн тулд шөнөөр ээлжлэн босч ажилдаа шамдана шүү дээ. Миний хийсэн бүтээн байгуулалт гэвэл “Монголбанк”, “Дөчин мянгат”, “Тавин мянгат”, Гандангийн дэнж дэх 2 давхар хүүхдийн сувилал гээд олон бий. Өдөр ажлаас өгдөг сүүгээр нь цай чанаж уучихаад шавраа зуурна даа. Одоогийнх шиг өргөдөг кран байхгүй юм чинь модон шат ашиглана. Хуучин хотын барилгачдын соёлын ордонг тойроод л төмрийн завод, будагны цех, чулууны цех байдаг байлаа. Одоо ч нэг үеэ бодоход амар болжээ.

- ЭЭЖ, ЭМЭЭТЭЙГЭЭ ГУРВУУЛАА АМЬДРААД, ӨГЛӨӨ АЖИЛДАА ГАРААД ОРОЙ НЬ ИРНЭ -

Би өөрөө Увс аймгийн малчин сумын хүн. Ээж маань намайг эгчийндээ хөдөө үлдээчихсэн байж байгаад барилгад ажилладаг болсныхоо дараахан ирж аваад анх хот орж байсан. Ээж эмээтэйгээ гурвуулаа амьдраад, өглөө ажилдаа гараад орой нь ирнэ. Би тэр хоёрыгоо гэрийн ажил, хоол унд хийхэд ойртуулж үзээгүй ээ. Миний үед тавдугаар анги төгсгөдөг байлаа. Үсээ хоёр салаа сүлжсэн охин хичээлээ тараад гудамжаар явахад хятадууд замын хажуугаарх хоолны газрынхаа үүдэнд гахай чарлуулаад л аймар гэж. Хоёр ээж дээрээ өссөн болохоор тэрүүхэндээ гангалчихна. Хожим хүний хань болоод арван хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо эрдэнэ шиг таван үр минь эрүүл саруул бий. Ач зээ бол тоогоо алдсан. Би чинь гучаа үзээд амжсан.

- ШАВАР ЗУУРНА, ӨРНӨ, ЗӨӨНӨ, МАНААЧ ХҮРТЭЛ ХИЙЖ ЯВЛАА -

Ямар ч ажилд хамт олон чухал. Манай хамт олон дунд сайхан хүмүүс олон бий. Барилга барих гэдэг чинь багийн ажил юм шүү. Анх бага байхдаа барилгын ажил хийж эхэлсэн болохоор хүмүүс эхлээд зургаан цаг ажиллуулна гэдэг байсан. Гэхдээ би бол 8-10 цаг ч хамаагүй ажилладаг л байлаа. Аргагүй шүүдээ хоёр ээж маань бас барилгачин улсууд. Би барилгад ажилд орсон цагаасаа хойш олон ажил хийж үзсэн. Шавар зуурна, өрнө, зөөнө, манаач хүртэл хийж явлаа. Дөрөв дөх хүүхдээ төрүүлээд тэтгэвэртээ сууж байсан. Барилгад нийтдээ 32 жил ажилласан. Дээрхэн үед цаг хэцүү байжээ. Хүмүүс амьдралын эрхээр  хүүхдээ хүнд өргүүлэх энүүхэнд. Харин би 10 хүүхдээ хэнд ч өргүүлэлгүй, хүний гар харуулалгүй өсгөсөндөө баярладаг. Одоо энд ингээд инээгээд яриа өгөөд сууж байгаа нь тэдний минь буян юм шүү дээ. Залуучууддаа хандаж хэлэхэд нэг ажилдаа тууштай байж заавал амжилтанд хүрч эцсийг нь үзэж байгаарай. Залхуурч хойш суулгүй идэвх санаачлагатай цовоо яваарай хүүхдүүд минь.

.

Зургийн тайлбар: Д.Лийлаа эмээ хатуу бэрх ажилд халшралгүй зүтгэж, 10 хүүхдээ идэж уух, өмсөж зүүхээр дутаалгүй өсгөсөн аж. Улаанбаатар хот. 2020.09.30. Гэрэл зургийг. Д.Цэрэнчимэг

Н.БААСАНДОРЖ: ХУДЛАА ХЭЛЖ, ХУЛГАЙ ХИЙХГҮЙГЭЭР ҮНЭН ЗӨВӨӨР ХООЛОО ОЛЖ ИДЭХ ГЭСЭН ТЭМЦЭЛ

Зах зээлийн эдийн засагт шилжиж байсан цаг үеийн тогтворгүй үед ном зарж эхэлсэн түүний сайхан сэтгэл, буянт үйлс нь 30 жилийн уран зохиолын амьд толь болгоход нөлөөлсөн болов уу. Ямар нэгэн зүйлд тууштай байж, өнгө мөнгийг эрхэмлэлгүй, чин сэтгээлээсээ хандвал сайхан түүхийг бүтээж чаддэгийн нэгэн жишээ болсон ахмад настнаас авах зүйл олон байлаа. 1989 оноос хойш Сүхбаатарын талбайн баруун урд, Төв шуудангийн хажууд номын худалдаа хийсэн Н.Баасандоржийн яриаг хүргэе.

Зургийн тайлбар: Ном зарж эхэлсэн үе бол амьдрахын төлөөх тэмцэл байсан. Хүнд муу зүйл хийхгүй. Худлаа хэлж, хулгай хийхгүйгээр үнэн зөвөөр хоолоо олж идэх гэсэн тэмцэл байсан гэв. Улаанбаатар хот.

-Та хэзээнээс ном худалдаж эхлэсэн бэ?

-Би 1989 оноос Сүхбаатарын талбайн баруун урд, Төв шуудангийн хажууд номын худалдаа хийж эхэлсэн. Өнгөрсөн жил 30 жилийн ойгоо тэмдэглээд тэтгэвэртээ гарлаа. Машины чимээнд баруун чих хатуурч, нүд нарийн тоосноос болж бага зэрэг муудаад ном худалдаалахаа больсон доо.

-Зах зээлийн нийгэмд шилжиж байсан үед заавал яагаад ном худалдах болсон бэ? Хойшоо урагшаа ганзагын наймаанд явах бодол байгаагүй юу?

-Хойд хөрш рүү ганзагын наймаанд явж болох л байсан байх л даа. Би хилчин байсан хүн. Хил давна гэдэг тийм амар биш. Хамгийн наад зах нь хэл мэддэг байх ёстой. Мөн хоёр улсын хооронд зорчихдоо юу хийх ёстой, юу хийж болохгүйг мэдэх хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт тухайн үед хүмүүс огцом ядуу амьдрал руу орсон. Мянга гаруй төгрөгийн цалинтай байсан би л гэхэд гэнэтхэн хэвтэрт ороод 70 төгрөгийн цалин авдаг болсон. Юу хийж болох талаар судалж үзэхэд  хэвтрээс дөнгөж боссон бие муутай, мөнгө багатай хүнд ном зарах л боломжтой байлаа. Аав, ээжийн минь цуглуулж өгсөн болоод ажил хийж эхлээд цалин буух бүрт 3-4 ном авдаг байсан тэр номнуудаа зарж эхэлсэн. Хууль судлаад үзэхэд “Нэн эртний болоод эрдэнэсийн зүйлээр бүтсэн номыг зарахыг хориглоно” гэсэн заалттай. Тэгэхээр үүнээс бусад төрлийн бүх номыг борлуулах боломжтой.

-Хилчин байсан гэлээ?

-Өмнөговь аймгийн отрядад гурван жилийн цэргийн алба хаасан. Тэр үеийн залууст цэрэг, эх оронч үзлийг маш сайн суулгаж өгсөн гэж боддог. Эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй иргэдийг бэлдэж байсан даа.

Зургийн тайлбар: Сувилалд хэвтээд удаагүй байгаа хэдий ч эмч, сувилагч, үйлчлүүлэгч бүгдтэй хэзээний танилууд шиг элгэмсэг, найрсаг хандаж байлаа. Улаанбаатар хот. 2020.09.05 Гэрэл зургийг: С.Хонгорзул

-Ном зарж эхлэхдээ хайрлаж, харамсах сэтгэл төрсөн үү? Номын хорхойтой ихэнх хүмүүс тийм зоригтойгоор хайртай зохиолуудаа зарахгүй болов уу гэж бодож байна.

-Ном зарж эхэлсэн үе бол амьдрахын төлөөх тэмцэл байсан. Хүнд муу зүйл хийхгүй. Худлаа хэлж, хулгай хийхгүйгээр үнэн зөвөөр хоолоо олж идэх гэсэн тэмцэл. Дараагаар нь аймаг сумдаар явж ном авсан. Тэр үед БНХАУ-руу маш бага хэмжээний мөнгөөр олон тооны ном гаргадаг байлаа. Түүнээс арай өндөр үнээр аваад хуучин номтойгоо сэлгээд борлуулдаг болсон .

-Шантрах үе байсан уу?

-Шантрах үе байгаагүй. Огт байгаагүй. Ном зарж байгаад эхнэртэйгээ уулзлаа, үр хүүхэдтэй боллоо. Нэг л өдөр ном зарахгүй өнжчихвөл хүүхдүүд минь өлсчих вий, даарчих вий цангачих вий гэж бодогдоод гэртээ сууж чаддаггүй. Ер нь 30 жилийн хугацаанд нэг өдөр амарч байгаагүй шүү. Одоо л жаргалыг эдэлж байна. Би дөчөөд жил тариа хийлгээгүй хүн. Ямар сайндаа л энэ сувилалд ирээд эхний өдөр тариа хийлгэхдээ хүүхэд шиг уйлж байхав дээ. Хэдэн сувиалагч хүүхдүүдийг гайхшруулсан шүү.

-Ном зарж байгаад эхнэртэйгээ танилцсан гэж байна. Түүхээсээ хуваалцвал?

-Бид хоёр 1991 онд танилцсан. Миний эхнэр Анагаах Ухааны Сургуульд элсэх шалгалт өгөөд тэнцээгүй, уначихсан. Шалгалтад бэлдэж байсан номнуудаа надад авчирч өгч заруулж байгаа, би зарж өгч байгаа нэртэй. Тэгсээр байгаад дотноссон доо. Ирэх бүрт нь тав арван төгрөг өгсөөр байгаад танилцчихсан. Одоо бид хоёр дөрвөн хүүхдийн аав ээж болоод хүүхдүүд минь өсөж томроод сайн сайхан явж байна.

Д.ХАЛТАРХҮҮ: ЖОЛООЧ ХҮН ӨӨРӨӨ Л ЗОРИГТОЙ БАЙВАЛ АМЬДРАЛД ЯДАРДАГГҮЙ

Тээврийн жолооч хийж залуу насаа өнгөрүүлсэн, мэргэжилдээ хайртай Д.Халтархүү эмээтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр өдгөө 75 настай боловч өөрийн машинаар зээ хүүгээ өдөр бүр цэцэрлэгээс нь авдаг тухайгаа хуучилсан юм.

Орж гарсан хэнийг ч хоол ундаар дайлж, хөгжил хөөртэй яриа өрнүүлэх Д.Халтархүү эмээ ямар ч зүйлийг хийсэн чин сэтгэлээсээ хандаж, хүний өмчийг ч өөрийн мэт хайрлаж байхыг захиж байлаа. Улаанбаатар хот. 2020.09.30. Гэрэл зургийг. Д.Цэрэнчимэг.

- ХУУЧНЫ ОНЦ ТЭЭВЭРЧИД ШИГ МУНДАГ БИШ Ч ГЭЛЭЭ ДУНД НЬ МАШИНАА УНААД ӨВС БУУДАЙ АЧААД Л ИРДЭГ БАЙСАН -

Эмээ нь ачааны машины жолооч байсан. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамд үйлчлэхээс гадна хөдөө орон нутагт тээвэр хийдэг. Тээвэрт 1978 оноос эхлээд явж эхэлсэн. Хот дотор бол 51 маркийн машинтай ХХААХҮЯ -ны авто баазаас харьяа баазнууддаа үйлчилдэг байлаа. Манай бааз их гоё шүүдээ. Хүүхэн жолооч ихтэй. Тухайн үедээ улсын будаанд зөндөө олон 51 машин гараад л явдаг байлаа.

Одоо ч ажлын хамт олон маань харьяалалгүй болжээ. ХХААХҮЯ маань биднийг нэг цуглуулж уулзуулаасай гэж хүсэх юм. Хуучин шигээ инээж ханиаж, ярьж хөөрвөл мөн сайхан даа. Том машин жолоодоод тээвэр хийдэг мундаг хүүхнүүд олон байсан. Хүмүүс эмэгтэй жолоочидтой их хүндэтгэлтэй харьцдаг юм. Тэр хүндэтгэлийг хариулахын тулд эмээ нь гоё сайхан явж, тээвэрчин мэргэжлийг олон хүнээр бахархуулахын тулд мэрийдэг байлаа. Яамны үйлчилгээ болон орон нутгийн тээвэрт явахаас гадна улсын будаа, тэжээлийн тээвэрт хүчээр дайчлагдана шүүдээ. Хуучны онц тээвэрчид шиг мундаг биш ч гэлээ дунд нь машинаа унаад өвс буудай ачаад л ирдэг байсан. Тухайн үедээ оюутнууд, цэргүүд буудай хураагаад л маш том компанит их гоё ажил бидний үед зохиогддог байж билээ.

Д.Халтархүү“Lexus-570”-аас бусад бүх төрлийн машиныг унаж байжээ. Орой үдшийн цагаар болон замын түгжрэл их үед хүмүүст саад болохыг хүсдэггүй учраас машинаа унаж, замын хөдөлгөөнд оролцдоггүй байна. Гэвч жолооны ард суухаар хэдэн насаар залуужиж байгаа мэт болдог гэж хэлж байв. Улаанбаатар хот. 2020.09.30. Гэрэл зургийг. Д.Цэрэнчимэг.

- СОЛОНГОТЫН ДАВААНД АЛСЫН ЗАМД ЯВАА ЖОЛООЧИДДОО ЗОРИУЛАН СУВАРГА БОЛГОЖ БАЙЛАА -

Эмээ нь 1946 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрж, өссөн. 1961 онд анх Улаанбаатар хотод ирж суурьшсан. Үе үе нутаг руугаа явна. Солонготын даваанд алсын замд яваа жолоочиддоо зориулан суварга болгож байлаа. Одоо очвол хэвэндээ бий. Холын замд хүнд дуу их хань болно шүүдээ. Эмээ нь амьдралдаа Хөвсгөл аймгийн “Цагаан Бургас” давааг давахдаа л их айсан. Гэхдээ давгүй гарсан шүү.  Зах зээл эхлэх үед гэрийн хүн маань ЗИЛ-130 машин хувьчлалаар аваад би түүгээр нь гурил будаа зөөж тээвэрт явах хойгуур тэр маань хүүхдүүдээ хараад, миний машиныг засаад суудаг байлаа. Түүхий эд, мах ачаад л хол замд гарна шүүдээ. Нэг удаа 53 маркийн машинд чиргүүл залгаад будаа ачаад явж үзсэн, их инээдтэй /инээв/. Дээр үед тээврийн яамны харьяа 6 сар сургадаг тусгай жолооны сургууль байсан. Жолооч бол маш хариуцлагатай тусгай мэргэжил болохоор төгсөхдөө механик зарим гэмтлийг засаж сургадаг юм. Бидний үед зам гэдэг их хэцүү байлаа.

Д.Халтархүү эмээ 5 хүү, 2 охинтой. Бага охиндоо өөрийн хамгийн хайртай дуучин болох Чимэдцэеэгийн нэрийг өгчээ. Улаанбаатар хот. 2018 он. Хувийн зургийн цомгоос.

-ХОЛ ЗАМД МАШИН ЭВДРЭХЭД ХОЁР ХҮҮ МИНЬ ААВЫГАА САНААД УЙЛАХАД НЬ ДААНЧ ИХ ӨРӨВДӨЖ БИЛЭЭ-

Хүний амьдрал дандаа сайхан байдаггүй ээ. Гэрийн маань хүн өнгөрөөд удаагүй байхад хоёр хүүтэйгээ Завхан аймгаас мах, түүхий эд ачаад  машинтайгаа гарсан юм. Тэр үед хоёр хүү маань 8, 9-р анги байлаа. Архангай аймгийн Чулуутын голын тэнд явж байсан гэнэт машин эвдэрчихсэн. Нөгөөхөө байн байн засаад л их удаан явсан юмаа. Аргагүй хоёр хүү маань тэр үед л аавыгаа санаад их уйлахад нь өрөвдөж билээ. “За миний хүү уйлж болохгүй, Ээж нь ахиад та хэдийгээ уйлуулахгүй ээ” гэж хэлж байсан. Тэрнээс хойш хүүхдүүд минь нээрээ л уйлалгүй өссөн дөө. Би ч тухайн үед уйлчихмаар байсан ч хүүхдүүд дагна гээд их л тэвчсэн. Одоо ч санаанаас гардаггүй. Жолооч хүн өөрөө л зоригтой байвал амьдралд ядардаггүй. Би чинь таван хүү, хоёр охинтой нийлээд долоон хүүхэдтэй хүн. Том хүүхдүүд маань надтай хамт амьдрал босголцоод их сургуульд сурч чадаагүй ээ. Гэхдээ одоо машиныг маш сайн засдаг болсон.

Амттанд маш дуртай Д.Халтархүү гуай отгон зээ хүүтэйгээ чихэр нууцаар идэж байгаад хааяа хааяахан отгон охиндоо баригддаг гэв. Түүний хамгийн чухал ажил бол зээ хүүгээ цэцэрлэгт нь хүргэх, тарахаар авах юм. Улаанбаатар хот. 2020.09.30. Гэрэл зургийг. Д.Цэрэнчимэг. 

Хань минь өөд болоод удаагүй байхад нэг танил нь “Гоё дээлтэй ах уу” гэж нөхрийг минь хэлэхэд “Би нөхрөө өнгөтэй л авч явж дээ” гэж бодсон доо. Бага охин болон нөхрийн хамт. Улаанбаатар хот. Гандантэгчилэн хийд. Хувийн зургийн цомгоос.

 

Д.НАМХАЙДОРЖ: ХАНЬ МИНЬ "ЗАЛУУДАА ХИЙЖ ЧАДААГҮЙГЭЭ ОДОО ХИЙГЭЭД ҮЗ" ГЭСЭН

70 настай ч хүндийг өргөлтийн спортоор хичээллэж, залууст төдийгүй үеийн ахмад настнууддаа эрч хүчийг мэдрүүлж буй энэ эрхэм манай сайтын "Бидний нэг" булангийн зочин билээ. Түүний ярилцлагаас ахмадын баярын мэндчилгээ болгож товчлон хүргэж байна.

-Тэтгэвэртээ гарчихаад 54 насандаа спортоор хичээллэхээр шийдэж байх үед  гэр бүл ойр дотнынхон нь хэрхэн хүлээж авч байсан бэ? Таны аюулгүй байдалд санаа зовсон сэтгэлээр хандаж эсэргүүцэж байв уу эсвэл?

-Би залуудаа 1967-1969 онд барилгын техникийн сургуульд ОХУ-руу яваад 1970 онд буюу 20 насандаа төгсөж ирсэн. Тэгээд ирснээсээ хойш сонгомол барилдаан, чөлөөт бөх, үндэсний бөх, хүндийн өргөлтөөр хичээллэсэн. Миний анхны багш спортын мастер С.Хөхөө гэж хүн байгаа. Анх надад хүндийн өргөлт гэдэг зүйлийг заасан.Би найман сар хичээллээд спортын дэд мастер болчихоод тэрнээс хойш амьдралаа хөөгөөд спортоосоо холдож жолооч болсон. Тэгээд тэтгэвэртээ гарчихаад залуудаа хийж амжаагүй, хийхийг хүссэн ч боломж гараагүй зүйлдээ эргэн хөл тавьсан. Тэр нь спорт.  Намайг залуудаа спортод хоббитой байсныг манай гэр бүлийн хүн сайн мэддэг. Амьдралын шаардлагаар спортоо орхисон болохоор миний өмнөөс харамсдаг юм шиг байгаа юм. 2004 онд энэ спортоор хичээллэх гээд шийдэж байх үед хань минь “залуудаа хийж чадаагүй юмаа одоо хийгээд үз” гээд миний хүсэл сонирхлыг их сонсож дэмжсэн. Хүүхдүүд маань ч тэр дэмжиж эрүүл мэндэд тань ч сайн гэж их сайхан хүлээж авсан. Гэргий маань миний ар талыг авч явдаг болохоор надад санаа зовох зүйл багатай тайван бэлтгэлээ хийх нөхцлийг бүрдүүлдэг.  Миний ар талд намайг үргэлж дэмждэг сайхан гэр бүлтэй.  

Залуудаа спортоос өөр зүйлийг сонирхож хобби болгож байв уу?

- Хойно орост байхад сонгомол барилдаан гэдэг төрөл их хөгжиж байсан. Сургуулиа төгсөөд монголдоо 1969 онд иртэл сонгомол барилдаан хөгжөөгүй байсан. Тийм болохоор сонгомол барилдаанаараа явж чадаагүй. Орост байхдаа сургуулийнхаа спандраар, гийрээр тэмцээнд орж сургуулийн аварга, хотын аварга болж байсан.  Спортоос өөр зүйл сонирхож байгаагүй юм байна шүү.

Зургийн тайлбар: 1975 он. Үндэсний бөхөөр хичээллэдэг байсан үе.

Ер нь бол залуугаасаа л спортод ээлтэй хүн байсан юм байна шүү дээ.

-Тийм шүү. Ер нь бол их спортлог талын хүн байсан. Гар барилдаан хийх дуртай, Төмөр өргөх хоббитой, тухайн үедээ өөртөө таарсан булчинлаг авъяастай байлаа. Тэгээд тэр авъяасыг нь манай таван хүүхэд бүгдээрээ тодорхой хэмжээгээр өвлөж авсан байх. Тэр тусмаа манай Баярмаа яг аавынхаа хүндийн өргөлтийн талыг аваад Монголын анхны хүндийн өргөлтийн гавъяат эмэгтэй тамирчин болж хоёр ч удаа олимпод улсаа төлөөлж оролцсон.

Та ОХУ-д барилгын техникийн сургуульд сурч байсан. Яаж явж байгаад жолооч болчихов?

-Би уг нь нимгэн төмрийн мэргэжилтэй. Байшингийн төмрөн дээвэр хийдэг гэсэн үг. Хойноос ирээд хэсэг спорт хөөнгөө аавынхаа тэргийг их барьдаг байсан. Манай аав хилийн цэрэгт насаараа жолооч хийсэн хүн. Тэгээд аав маань чи ер нь жолооч болсон нь дээр байх гээд 1972 онд жолооч болоод тэр чигээрээ л тээврийн жолооч хийсэн. 22 насандаа 0119 дүгээр цэргийн ангид хил хамгаалах ерөнхий газрын барилгын тусгай хороонд жолоочоор хуваарилагдан очиж байлаа. Манай анги их том анги байсан. 3000 гаруй цэрэгтэй, 2000-аад офицер ахлагчтай. Монгол улсын бүх аймгийн цестав, отредийн барилгыг манай анги барьсан.Тэрний тээврийн ажлыг бүгдийг би гүйцэтгэж хийсэн. Тэр цэргийн ангидаа 27 гаруй жил тээврийн жолооч хийж байгаад тэтгэвэртээ гарсныхаа дараа дахиад жолоочоороо ажиллан 30 гаруй жилийг тээвэрт яван өнгөрүүлсэн байна. Хөдөлмөрөө улсаас үнэлүүлж 2000 онд гавъяат тээвэрчин цолоо авсан. Аав маань намайг өөрийнх нь замналаар амьдраад гавъяат авсныг минь харж чадаагүй л дээ.

Б.ЧУЛУУН: БҮЖИГ НАДАД ЭРЧ ХҮЧ ӨГДӨГ

Өдгөө 79 настай Б.Чулуун эмээ нь Москвагийн Их Сургуулийг хүн судлал мэргэжлээр,  Монгол Улсын Их Сургуулийг санхүү эдийн засагч мэргэжлээр  төгсчээ. Дунд сургуульд байхаасаа эхлэн бүжиглэсэн бөгөөд “Ритм” бүжгийн клубэд зургаа дахь жилдээ явж байна. Тэрээр өдөр бүр Яармагаас автобусаар гурван цаг яван бүжгийн клубдээ ирдэг бөгөөд үүний хажуугаар малгай ороолт, энгэрийн зүүлт нэхэж зуны цагт жуулчдад үүнийгээ борлуулдаг гэнэ.

Бүжиглэсний ач тус маш их, ханиад ч хүрэхгүй. Ханиад хүрмэр аядсан үедээ бид энд ирээд хөлсөө гартал бүжиглээд инээж ханиагаад, эдгээд гардаг. Улаанбаатар хот. 2020.09.29. Гэрэл зургийг. Б.Амарбаясгалан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ноос ноолуураар хэрхэн гар урлалын бүтээгдэхүүн хийхийг заадаг ба бүтээлийн дээжээс. Улаанбаатар хот. 2020.09.29. Гэрэл зургийг. Б.Амарбаясгалан.

УЛААНБААТАР НЬЮС.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (2)

Нийтлэх
ankhaa
[203.98.77.173]
2020-10-01
Saihan buurainuud mine urt nasalj udaan jargaarai
Хариулах
Зочин
[66.181.161.57]
2020-10-01
Мундаг
Хариулах