Б.Наранбаатар: Тэмцээний өмнөх орой хийсэн бүх эд ангиа угсраад үзэхэд л яг онгоц болсон
09 САРЫН 30, 2020

Зургийн тайлбар: Нисэх загварын спортын мастер Б.Наранбаатар өөрийн хийсэн онгоцны хамт сургуулийнхаа үүдний хэсэгт зургаа авахуулав. Улаанбаатар хот. 2020.09.28. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг

Ихэнх хүн амьдралдаа ганц удаа ч болов нисэх онгоцонд сууж аялж үзсэн байдаг. Гэвч нисэх загварын спортын тухай хүн бүр төдий л мэддэггүй. Тэгвэл бид энэ удаа бодит онгоцны жижигрүүлсэн хувилбарын нисэх загварт дурлаж, энэхүү спортоор хичээллэн ирээдүйд ажил хэрэг болгон амьдарна гэсэн зорилготой, спортын мастер Баатархуягийн Наранбаатартай ярилцлаа.

-ХИЙСЭН ОНГОЦОО ТООЛЖ ҮЗЭЭГҮЙ, БҮРЭН ГҮЙЦЭД БОЛСОН НЬ АРАВ ДАВСАН БАЙХ -

-Нисэх загвараар хичээллээд хэр удсан бэ? Энэ хугацаанд хэр их онгоц хийсэн бэ?

-2015 оноос хойш хичээллэж эхэлсэн. Нийтдээ таван жил өнгөрсөн байна. Хийсэн онгоцоо тоолж үзээгүй ээ. Гэхдээ бүрэн гүйцэд болсон нь арав лав давсан байх.

-Хийж байсан хамгийн том онгоц чинь ямар онгоц байсан бэ?

-Төрөл ангилал гэж байдаг л даа. Нийт дөрвөн төрөлтэй бөгөөд дотроо дахиад ангилал болоод хуваагдчихдаг. Би болохоор “F2B” гэдэг ангиллаар хичээллэдэг. Энэхүү ангилалд жолоодлогот уран нислэг, биеийн хүч их хамаатай учир тийм ч том онгоц хийдэггүй хамгийн том онгоц нь энд харагдаж байгаа ягаан өнгөтэй. Хамгийн том бөгөөд боломжийн мотортой, физикийн хууль, аэродинамикын хуулиа бодоход яг таарсан онгоц юм. Үүнээс жижигхэн загвар ч хийж байсан. Машины моторыг хэдэн морины хүчтэй гэж ярьдагтай адил онгоцыг 22 СС, 25 СС, 45 СС хөдөлгүүртэй гэж ярьдаг. Энэ ягаан бол хамгийн том буюу 55 СС хөдөлгүүртэй онгоц.

-Энэ онгоцыг хийхэд хэр их хугацаа зарцуулсан бэ? Ер нь нэг онгоцыг хийхэд дунджаар хэдэн өдөр шаарддаг вэ?

-Тухайн хүн хэр их хугацааг онгоц хийхдээ зарцуулж чадаж байна вэ гэдэг маш чухал. Долоо хоногт хэр их нухаж хийж байгаагаар ажлынх нь үр дүн харагддаг. Миний хувьд энэ онгоцоо хийхэд нэг сарын хугацаа зарцуулсан. 2019 оны тэмцээнд зориулан хийж эхэлж байсан онгоц. Одоо нэг жил болчихжээ.

Зургийн тайлбар: Түүний хийсэн онгоцнуудаас хамгийн том, хүчтэй мотортой онгоц.  Улаанбаатар хот. 2020.09.28. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг

- ТЭР САЛХИНД ОНГОЦ НИСНЭ ГЭДЭГ БАРАГ БОЛОМЖГҮЙ САНАГДАЖ БАЙСАН Ч БҮХ ОНГОЦОО НИСГЭЖ ЧАДСАН -

-Анх яагаад нисэх загварын спортоор хичээллэх болсон бэ?

-Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль /ӨЗБЛАС/-д анх орж ирээд нисэх загвар гэж юу болохыг ойлгосон доо. Манай авга ах М.Гонгор 2015 онд Монгол Улсад анх удаа дэлхийн аварга зохион байгуулагдахад түүнд оролцож дэлхийн аваргаар тодорч байсан юм. Энэ спортоор хичээллэж буй хүнийг бага байхдаа хэд хэдэн удаа харж л байсан болохоос хичээллэнэ гэж бодож байгаагүй. Харин энэ сургуульд анх орж ирэхэд нисэх загварын кабинет ч дөнгөж байгуулагдаж байхтай таарсан. Хүүхэд учраас шохоорхоод л орсон, үнэхээр таалагдсан. Одоог хүртэл энэ сонирхлоо мэргэжил болгоод ШУТИС-д нисэх загвар, инженерийн ангид элсэн суралцаж байна.

-Нисэх загвараар хичээллэж үзэхээсээ өмнө ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог байсан бэ?

-Анх архитектор ч юм уу интерьер  дизайнер мэргэжлээр суралцана гэж боддог байсан даа. Том ах маань интерьер  дизайнер мэргэжилтэй, архитектор хүн. Багаасаа ахыгаа амжилттай явааг дэргэдээс нь харж өссөн болохоор тухайн мэргэжлээр суралцвал боломж бололцоо их юм байна гэх бодол төрсөн. Тэгээд удалгүй нисэх загвараар хичээллэж эхлээд яг л миний сонирхол бол энэ юм байна гэдгээ ойлгосон. Өөрийн дуртай зүйлээ хийгээд түүнээсээ сэтгэл ханамж авч байгаа учраас одоогийн амьдрал маань жаргалтай байна.

-Оролцож байсан тэмцээн уралдаан болон авсан шагналуудаасаа танилцуулбал?

-Би 2020 оны улсын аваргын тэмцээнд амжилттай оролцож, спортын мастерын болзол хангасан байгаа. Миний хувьд хамгийн том асуудлаа давж гарч чадсан нэг тэмцээн байдаг. Тэмцээн дээр салхитай, бороотой гэх мэт янз бүрийн нөхцөл байдалтай тулгардаг. Гэхдээ тодорхой м/секундээс дээш байвал тэмцээн зохиогдохгүй гэсэн стандарттай. Харин 2019 оны техник технологийн улсын аваргын үеэр гадаа хүчтэй салхитай байсан. Тэр салхинд онгоц ниснэ гэдэг бараг боломжгүй санагдаж байсан ч бүх онгоцоо нисгэж чадсан. Миний хувьд хамгийн бэрхшээлтэй тэмцээн бол тэр. Гэхдээ бүх саад бэрхшээлээ даван туулаад улсын аваргаар тодорсон. Үүнийг хэзээ ч мартдаггүй.

Зургийн тайлбар: Түүний яриандаа дурдсан онгоцны нэргүүр хэсгийн зураг. Улаанбаатар хот. 2020.09.28. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг

- УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ БОЛ НЭГ ЁСОНДОО ӨӨРӨӨ ОНГОЦОО ХИЙСЭН ГЭДГЭЭ НОТЛОХ ЗОРИЛГОТОЙ ЗҮЙЛ -

-Чиний онгоцны бусдаас ялгарах онцлог юу вэ? Онгоц хийхэд юу анхаарах шаардлагатай вэ?

-Тэр чигээрээ том бодит онгоцны жижигрүүлсэн хувилбар шүү дээ. Том онгоц сэнстэй бол сэнстэй, мотортой бол мотортой. Түүнтэй яг л адилхан хийгдэнэ. Харин миний ягаан онгоцны хувьд хэмжээ загварыг нь нэг украйн хүн зохиочихсон байсан юм. Онгоц зохион бүтээдэг моделист л доо. Түүний өөрөө хийж худалддаг онгоц нь бол зөндөө өндөр үнэтэй. Харин би түүний загварыг ашиглан жижиг деталь хэсгүүдийг компютер дээр зурж зохиомжлоод өөрийнхөөрөө хийсэн. Бусад онгоцноос мэдээж том жижгээрээ ялгарна. Түүнчлэн бөөрөнхийдүү далавчтай учраас аеродинамикын хуульд төгс зохицсон гэж хэлж болно.

-Онгоц хийхдээ бүх эд материалаа өөрөө сонгож авдаг уу?

-Тийм ээ, жижиг хэсгүүдийг хүртэл өөрөө явж цуглуулдаг. 10 дугаар хороололд нисэх загварын эд анги борлуулдаг “Hobby house” гэдэг дэлгүүр бий. 2016 оноос хойш Монголд нээгдсэн. Ихэнх эд ангиа тэндээс л олж авдаг даа. Зөвхөн мод гэхэд хүнд, хөнгөн, нимгэн, зузаанаараа ялгаатай. Тэр дундаас өөрийнхөө онгоцонд тохирох материалаа сонгож авна.

-Онгоц хийхээс гадна ур чадварын шалгалтад ордог гэж сонссон. Энэ шалгаруулалт хэр хүнд вэ?

-Техник технологийн улсын олимпиадын өмнө ур чадварын шалгалт зохион байгуулагддаг. Би өөрөө онгоцныхоо бүх деталь хэсгүүдийг хийсэн байгаа шүү дээ. Харин ур чадварын шалгалтад яг нэг хэсгийг сонгож хийлгэдэг. Жишээлбэл, онгоцны далавчинд байрлах яс шиг хэсгийг нэргүүр гэдэг. Тэр нэргүүрийг сонгоод, загвар дуурайлган огт хэмжээ алдуулахгүй хийлгэдэг. Хэрэв би төгс хийж чадвал бүтэн оноогоо авах юм. Би онгоцоо хийхдээ жижиг хэсгүүдийг нь хүртэл өөрөө л хийсэн юм чинь дараа ур чадварын шалгалтад давтаад хийхэд ямар ч асуудал гарахгүй гэсэн үг. Ур чадварын шалгалт бол нэг ёсондоо өөрөө онгоцоо хийсэн гэдгээ нотлох зорилготой ажил.

Зургийн тайлбар: Тэмцээний өмнөх орой хийсэн бүх эд ангиа угсраад үзэхэд л яг онгоц болсон. Түүнийгээ хараад маш их урам зориг авсан тухайгаа ярьж байна. Улаанбаатар хот. 2020.09.28. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг

- ӨМНӨХ ШӨНӨ НЬ НОЙРГҮЙ ХОНОЧИХСОН БОЛОХООР ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР ШҮҮГЧИД МИНИЙ ОНГОЦЫГ ҮЗЭЭД ЯВЖ БАЙХАД НӨГӨӨ ТАЛД НЬ НАМ УНТЧИХСАН-

-Анх тэмцээнд оролцож байсан үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

-Хамгийн анх 2015 онд нисэх загварын клубт бүх хүүхэд цаасан онгоцноос эхлээд хийж сурч байсан. Харин би бол жижигхэн, анхан шатнаас арай хүндрүүлсэн хэлбэрийн онгоц хийж эхэлсэн. Тухайн үед өөрийгөө онгоц хийгээд байгаагаа л мэдэхээс биш энэ нь юу вэ гэдгээ ерөөсөө ойлгодоггүй байсан. Юу хийгээд байгаагаа ерөөсөө ойлгоогүй гэсэн үг /инээв/. Тэмцээний өмнөх орой хийсэн бүх эд ангиа угсраад үзэхэд л яг онгоц болсон. Түүнийгээ хараад маш их урам зориг авч байсан. Өмнөх шөнө нь нойргүй хоночихсон болохоор тэмцээний үеэр шүүгчид миний онгоцыг үзээд явж байхад нөгөө талд нь нам унтаад өгсөн /инээв/. Их сонирхолтой дурсамж шүү.

-Энэ спортоор дөнгөж хичээллээд эхэлж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэх зүйл бий юу?

-Спорт гэдэг утгаараа хүнд их зүйл өгдөг. Надад санхүү эд хөрөнгийн хувьд хийж чадахгүй авч чадахгүй хүнд үе зөндөө тохиолдож байсан. Гэхдээ л ямар нэг аргаар даван туулж, хийх зүйлээ хийдэг. Амжилтад хүрэхийн тулд тодорхой хэмжээний золиос гаргах хэрэгтэй учраас битгий шантраарай гэж хэлмээр байна.

-Ярилцлагын төгсгөлд хэлэх зүйл байна уу?

-Нисэх загварын спортоор анх хичээллэж эхлэхэд дэмжсэн хүн олон байгаа. Эсрэгээрээ наадхаа хая, ирээдүйд юу олж идэх юм гэж хэлж байсан хүмүүс ч бий. Хамгийн их дэмжсэн хүмүүс бол гэр бүл, багш, найзууд маань. Мөн эмээ маань намайг зорилготой болсонд үнэхээр их баярлаж дэмжсэн. Их талархаж явдаг даа. Намайг дэмжиж тусалж байсан бүх хүний ачаар одоогийн би бий болсон юм шүү. Баярлалаа.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Зургийн тайлбар: Нисэх загварын клуб дотор багш болон клубийн хамгийн бяцхан гишүүний хамт. Улаанбаатар хот. 2020.09.28. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг

Зургийн тайлбар: Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн нисэх загварын клубийн гадна, үүдний хэсэг.  Улаанбаатар хот. 2020.09.28. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг

 С.Хонгорзул

www.ubn.mn

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх