Д.Алтангэрэл: О.Мишээл төрмөл авьяастай хүүхэд, дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэж байна
09 САРЫН 29, 2020

Зургийн тайлбар: Багш, шавь хоёр зургаан жилийн дараа олон улсын математикийн олимпиадад түрүүлэх зорилгоо биелүүлж чаджээ. Шинэ Монгол сургуулийн байр. Улаанбаатар хот. 2020.09.28. Гэрэл зургийг: С.Хонгорзул

Олон улсын математикийн “IMO” 61 дэх олимпиад есдүгээр сарын 21-нээс 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдсан билээ. Уг тэмцээнээс алтан медаль хүртэж, бахархам амжилттай оролцсон “Шинэ-Монгол” сургуулийн сурагч О.Мишээл болон багш Д.Алтангэрэл нартай ярилцлаа.

-БАГШ ХҮН БОЛ ХҮҮХДЭД МАШ  ИХ ХАЙРТАЙ БАЙХ ЁСТОЙ-

-Сайн байна уу Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Доржийн Алтангэрэл гэдэг. “Шинэ-Монгол” сургуулийн математикийн багш. Энэ сургуульдаа байгуулагдсан цагаас нь эхлээд 20 дахь жилдээ ажиллаж байна.

-Багшийн мэргэжлийг сонгох болсон түүх. Яагаад заавал математикийн багш гэж?

-Би дунд сургуулийн сурагч байхдаа математикийн олимпиадад их оролцдог байлаа. Наймдугаар ангиа төгсөөд улсын олимпиадад түрүүлж, МУИС-ийн дэргэдэх гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд урилгаар суралцах болсон. Энэ сургуульд байгалийн шинжлэх ухааны уралдаануудад маш амжилттай оролцсон хүүхдүүдийг тусгай гүнзгийрүүлсэн программаар сургаад, их сургуулийн багш, эрдэмтэд болгох зорилготой бэлддэг байсан юм билээ. Би МУИС-д орох мөрөөдөлтэй, хүсэл зорилготойгоор олимпиадад амжилт гаргадаг байсан. 1995 онд аравдугаар ангиа төгсөөд эдийн засагч больё гэсэн бодолтой байсан юм. Математикийн хичээл зааж байсан багш маань “Та нарыг энэ гүнзгийрүүлсэн сургуульд 2 жил сургасан зорилго бол математикч, фикикч. Юун эдийн засагч. Чи математикч болох” гээд математикийн ангид оруулсан. Тэр үед “заа яахав дээ” гэж бодоод орж байлаа. Төгсөхдөө математикч, болоод математикийн багш болж төгссөн. Нэг ёсондоо багшийнхаа хэлснээр л багш болчихсон хэрэг. Гэхдээ багш болоод огт харамсаагүй. Одоо бол хамгийн зөв сонголт хийсэн байна даа гэж бодож явдаг. Багшдаа их баярладаг даа.

-Багш хүн гэж яг хэн бэ? Багш ямар байх ёстой гэж боддог вэ?

-Мэргэжлээ эзэмшчихээд хамгийн эхний жилдээ хувийн дээд сургуульд оюутнуудад хичээл зааж байсан. Шинэ, залуу багшийн хувьд амаргүй. Тэр үеэс хойш хорин жил өнгөрсөн байна. Багш хүн хүүхдэд маш их хайртай байх ёстой. Өөрийнхөө хүүхэд шиг л хайрладаг байх хэрэгтэй. Тэгж байж шавь нараа сайн ойлгоно. Шавиа сайн ойлгож байж л амжилтанд хүрдэг. Тэгэхгүйгээр тоо бодож чаддаггүй юм, муу, тааруу гэж бодоод байвал тэр хүүхдээ багш сайн сургаж чадахгүй. Чадахгүй байсан ч гэсэн “чи чадна” гэсэн урмыг хүүхдэд өгөх нь чухал. Хүн чинь урмаар урагшилдаг учраас хамгийн амархан бодлогыг бодсон ч гэсэн “чи чадаж байна шүү” гэж хэлэхэд хүүхэд урамшдаг. Хүүхдүүдээ урмаар шагнаж явах нь зөв юм болов уу гэж боддог. Багш шавиа маш сайн мэдэрч, ойлгодог байх хэрэгтэй.

-Хүүхдүүдийн амжилт гаргахад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлс юу вэ?

- Сурагч маань өөрөө хүсэл тэмүүлэл, зорилготой байх ёстой. Дургүйг хүчээр шахах хэцүү.  Нөгөө талаас багш сайн чиглүүлж, зөвлөх хэрэгтэй.

Зургийн тайлбар: Д.Алтангэрэл сургалтын амжилт гаргахын тулд багш хүн шавьтайгаа ойлголцох ёстойг онцлон хэлж байлаа. Шинэ Монгол сургуулийн байр. Улаанбаатар хот. 2020.09.28. Гэрэл зургийг: С.Хонгорзул. 

- МОНГОЛ ХҮҮХДҮҮД БАЙГАЛИЙН УХААНЫ ХИЧЭЭЛД ГОЦ АВЬЯАСТАЙ -

-Монгол хүүхдүүдийн оюуны чадамж болоод ур чадвар олон улсад аль түвшинд байна вэ? Мөн онцлог давуу тал?

-Миний хувьд монгол хүүхдүүд байгалийн ухааны хичээлд гоц авьяастай гэж үнэлж, дүгнэж явдаг. Аль ч түвшний олимпиадад манай хүүхдүүд хангалттай амжилт гаргаж байгаа. Зөвхөн энэ үзүүлэлтээр дүгнэх нь хэт өрөөсгөл болно. Дэлхийн томоохон их сургуульд сураад дэлхийд нөлөө бүхий компаниудад ажиллаж байна. Тухайлбал, миний шавь нэгдүгээр үеийн төгсөгч Батзаяа Харвардын Их Сургуульд зочин профессороор ажиллаад “Үүдэл эс”-ийн судалгаа хийгээд явж байна. Энэ зөвхөн нэг л жишээ. Монгол хүүхдүүд бол үнэхээр оюуны бядтай. Үүнийг дэлхий үнэлээд дэлхийд танигдаад эхэлж байна.

-Энэ гайхалтай ур чадварыг нээж, дэлхийд гарах нөхцөл боломжийг бүрдүүлээд өгчихвөл монгол хүүхэд хаана ч хүрэх боломжтой болох юм байна?

- Яг үнэн. Хаана ч монгол хүүхэд үнэлэгдэх боломжтой. Тэр үнэлэгдэх газраа хүрэхэд очих замыг нь бид зөв зааж өгөх ёстой.

-Багшилж байгаа сургууль болон сурагчдынхаа тухайд. Үүднээсээ эхлээд маш өөр орчин угтаж авч байна. Энэ сургууль анх байгуулагдахаас нь эхлээд нь өдийг хүртэл байгаа хүний хувьд юу гэж бодож байна? 

-Би дунд сургуулийн сурагч байх үедээ болон оюутан байхдаа Япон улсад сурахсан гэсэн хүсэл тэмүүлэлтэй байсан. Багшаар төгсчихөөд Япон руу явах боломж юу байдаг билээ гэж бодож эхлэх үест “Шинэ-Монгол” сургуулийн захирал надтай уулзаад “япон хэв шинжийн сургууль байгуулж байгаа юм, чи ажиллаач шавь нараа япон руу явуулах боломж бий, мөн багш нар нь мэргэжил дээшлүүлэхээр явах бололцоотой” гээд энэ сургуульд багшлах болсон. Мэндлэх, хүндлэх ёсноос эхлээд өөрийн гэсэн соёлтой сургууль. Анх багшилж байхад өглөө бүр багш нь сургуулийн үүдэнд зогсоод “Сайн байна уу, Сайхан амарсан уу?” гэж хэлэх хэцүү ч юм шиг санагдаж байлаа. Одоо бол энэ нь хамгийн чухал харилцааны нэг хэсэг гэдгийг ойлгосон. Өглөө багштайгаа мэндэлсэн хүүхэд маш итгэл үнэлшилтэйгээр хичээлээ хийж чаддаг, мэндлэх нь харилцааны маш чухал хэлбэр.

-Багш хүнд хамгийн түрүүнд ямар чанарууд байх ёстой вэ?

-Мэргэжилдээ хайртай байх ёстой. Би эхлээд “багш болоод яадаг бол доо” гэж боддог байсан бол нэг хоёр жил багшлаад өөрийнхөө мэргэжилд улам дуртай болсоор “миний хийх ёстой хамгийн чухал зүйл энэ юм байна” гэж бодож байгаа. Багш хүнд цалин мөнгө чухал байж болох хэдий ч хамгийн чухал нь ажилдаа дуртай, чин сэтгэлээсээ ханддаг байх. Ажилдаа дурлаж байж амжилт гарч ирнэ. Өөр зүйл бодож хийвэл ажлаа сайн хийж чадахгүй.

-БИ ГЭРИЙН ДААЛГАВАРЫГ МАШ БАГА ӨГДӨГ БАГШ-

-Математикийн хичээл хүүхдийн хүмүүжил төлөвшилд хэрхэн нөлөөлдөг вэ?

- Олимпиадын бодлогыг багадаа 3-4 цаг сууж боддог. Нэг хүнд бодлогыг 7-8 цаг бодох тохиолдол бий. Тиймээс математик хүүхдийг сууж сургаж байгаа юм. Сууж сурсан хүн төлөвшилтэй, тэвчээртэй болж байгаа хэрэг. Тэгэхээр хүмүүжлийн маш олон эерэг ач холбогдолтой. Бас нэг онцлог давуу тал нь аливаа зүйлийн зөв шийдлийг гаргаж чаддаг. Асуудлыг олон талаас нь харах чадвартайгаар хамгийн зөв шийдвэрийг гаргадаг.

-Математик амьдралд хэрэгтэй юу? Хүн бүр математикч болох албагүй гэдэг. Гэвч математик амьдралын ухаанаар илрэхдээ ямар нэгэн зүйлийг дэс дараалалтай сэтгэж чаддаг, аливаа асуудлын гүн рүү нэвтэрч чаддаг юм шиг санагддаг.

-Математик бол бүх шинжлэх ухааны хэл. Бүх шинжлэх ухаанууд математик гэсэн хэлээр хоорондоо холбогддог. Математикийн шинжлэх ухаан байхгүй бол физик, хими байх боломжгүй. Физик, хими байхгүй бол бидний амьдрал байхгүй гэсэн үг. Энэ талаараа маш чухал. 

-Таны хичээл ордог арга туршлага юу вэ?

-Хичээл дээр багш сурагчийн харилцаа дор хаяад тэнцүү байх ёстой. Эсвэл сурагчийн оролцоо идэвх багшаас ямагт илүү байх ёстой гэсэн сурагч төвтэй сургалтыг эрхэмлэдэг. Сурагчдаа мэдлэг бүтээлгэхийг чухалчилсан арга барилаар хичээлээ заадаг. Шууд онол хүүхдүүдэд хэлээд байвал хүүхдийн толгойд мэдлэг үлдэх нь бага болно. Онол хэлж байгаа хэдий ч яагаад гэсэн үндэслэлийг асуудаг ч юм уу сурагчаар аль болох мэдлэг бүтээлгэх, яагаад гэсэн асуултад хариулт авахыг хүсдэг. Мэдлэгийг дан ганц онолын хүчээр олж авах боломжгүй.

-Та гэрийн даалгавар өгдөг багш вэ? Гэрийн даалгаварын ач тус юу вэ?

-Би гэрийн даалгаварыг маш бага өгдөг багш. Гэрийн даалгавар их байвал хүүхэд залхана. Ангид үзсэн маш чухал ганц хоёр бодлогыг маргааш нөгөөдрийн хичээлтэй холбогдох нэг бодлогыг өгчихнө. Хүүхдүүдийг даалгавараар залхаахгүйн тулд цөөхөн чанартай даалгавар өгөхийг хичээдэг. Ангид үзсэн мэдсэн зүйлээ бататгах зүйл учраас огт өгөхгүй байж хэрхэвч болохгүй.

-ШАВЬ МААНЬ ЗУРГААН ЖИЛИЙН ДАРАА ЗОРИЛГОДОО ХҮРСЭН-

-Есөн сарын хугацаанд танхимаар хичээл ороогүй. Хүүхдүүдээ их санав уу?

-Маш их саналаа. Дэлгэцийн цаанаас хичээл зааж байсан хэдий ч ангид нүүр тулаад орсноос маш өөр. Маш хүнд цаг хугацааг давлаа. Хавар төгссөн шавь нар маань их сургуулийн шалтгалтуудаа маш ажилттай өгсөн. Гарамгай амжилтуудыг гаргасан.

-Шавь нарын амжилтаас багш нь маш их урам авдаг байх.

-Мэдээж тэгнэ. Миний өөрийн амжилтаас илүүтэйгээр шавь нарын маань амжилт намайг маш ихээр баярлуулдаг. “Шавь нарынхаа амжилтаар жигүүр хийж нисч явна” гэж боддог.  Шавь нараас гадаад дотоодын олимпиадад амжилт гаргаад, их дээд сургуулийнхаа шалтгалтад тэнцэх нь намайг цэнэглэдэг. Бусад багш нар ч гэсэн надтай адилхан болов уу. Шавийн амжилт миний хамгийн том бахархал.

-Багш байхгүй бол шавь амжилт гаргаж чадахгүй. Шавь нь хичээл зүтгэлгүй бол мөн адил үр дүнд хүрэхгүй.

-Тэгэлгүй яахав. Математикийн шинжлэх ухаанд төрмөл авьяатай хүүхэд байдаг. Тийм хүүхэд сайн багштай уулзаж чадахгүй бол их хэцүү. Магадгүй байгаагаараа дуусах тохиолдол бий. Багш шавь хоёр зөв цагт уулзана гэдэг бол гайхамшигт учрал. “Шинэ-Монгол” сургуульд О.Мишээл маань тавдугаар ангиа төгсөөд надтай ирж уулзаад бид хоёр багш шавийн барилдлагатай болж байлаа. Түүнээс хойш зургаан жил хамт зүтгэж байна. “Соёмбо” сургуульд бэлтгэж байсан багш нарт нь маш их баярлаж, талархаж явдаг. О.Мишээлийг би ганцаараа бэлтгээд гаргачихсан гэвэл хэт өрөөсгөл зүйл болно. Бага ангид олимпиадыг бэлтгэл хийлгэж байсан Батбаяр багш, дунд ангийн Батцэнгэл  багш, мөн ахлах ангид ороод олон улсын математикийн олимпиадад бэлтгэлийн гишүүд гээд их олон хүний хамтын бүтээл гэж хэлж болно. “Шинэ-Монгол” сургуульд сураад надаар математик заалгаад явж байгаа хэдий ч энэ том амжилтыг үзүүлэхэд маш олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл бий гэдгийг хэлэх зүйтэй болов уу.

-О.Мишээл төрмөл авьяастай хүүхэд үү?

-Тийм. Математикт үнэхээр чин сэтгэлээсээ дурлачихсан хүүхэд. Цаг л гарвал тоо бодож байдаг. Хэтэрхий их тоо бодсоор байгаад ядарчих болов уу? гэж бодоод “багш нь чөлөө өгч байгаа шүү өөртөө зав гаргаад өөр зүйл сонирхоорой” гэж хэлдэг. Маш тууштай. Алтан медаль авах зорилгыг зургаадугаар ангид орж ирэхэд нь бид бие биедээ хэлж байсан. Зургаан жилийн дараа үр дүн маш сайхан гарч, зорилгодоо хүрч чадлаа. Өөрийнх нь зүтгэл маш их бий. Багш бол чиглүүлэх зүйлийг л хэлж өгч байгаа.

Зургийн тайлбар: Шинэ Монгол сургуульд 20 жил багшилж байгаа Д.Алтангэрэл "Шавь О.Мишээл маань дэлхийн чансаагаараа дөрөвт бичигдэж байна. Багш хүн шавийнхаа амжилтаар жигүүрлэн нисдэг. Би маш их баяртай байна" гэлээ.  Шинэ Монгол сургуулийн байр. Улаанбаатар хот. 2020.09.28. Гэрэл зургийг: С.Хонгорзул. 

-МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛД ОНЦ СУРЧ БАЙГАА ХҮҮХЭД БҮР ОЛИМПИАДААР ЯВААД АМЖИЛТ ГАРГАДАГГҮЙ-

-Эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөөч?

-Олимпиадын бодлогууд бол стандарт бус мэдлэг шалгаад байдаг. Математикийн хичээлд онц сурч байгаа хүүхэд бүр олимпиададаар яваад амжилт гаргана гэдэг худлаа. Эцэг эхчүүд хүүхдээ олимпиадад бэлдээд мундаг амжилт гаргахыг хүсдэг. Хичээлдээ сайн хүүхэд, олимпиадад амжилт гаргадаг хүүхэд хоёр өөр ойлголт. Үүнийг ялгаж, салгаж ойлгох ёстой болов уу. Нөгөө талаасаа ямарч хүүхэд тоондоо сайн болж болно. “Би чаддаггүй” гээд тооноос зугтдаг хүүхэд их бий. Багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал. Манай эцэг, эхчүүдийн оролцоо бага хэрнээ “манай хүүхэд чадахгүй байна” гэдэг. Би хүүхдэдээ дэмжлэг хэр өгч байсан билээ гээд өөртөө асуулт тавиад үзэх хэрэгтэй.

-Олон улсын математикийн олимпиадын онцлог нь юу вэ?

-Хоёр өдөр зургаан бодлого бодож уралдсан. Нэг өдөр гурван бодлого бодох зарчмаар зохиогдсон. 1-3 хүртлээ маш хүнд бодлогууд дараалан тавигддаг. Энэ зургаан бодлогоос дор хаяад таван бодлого бодож байж л түрүүлэх боломжтой.

-Өгөгдсөн бодлогууд урьд өмнө нь бодогдоогүй, нийтэд түгээгүй бодлого байх уу?

-Урьд өмнө нь хаа нэгтээ ямар нэгэн сурах бичиг, номд хэвлэгдэж байгаагүй. Санаа нь ч гарч ирж байгаагүй, олон улсын олимпиадын комиссын гишүүдийн зохиосон бодлогуудаас сонгогдсон зургаан бодлогоор өрсөлддөг. Мишээл шавийн хувьд сүүлийн хоёр жил гурван бодлого бодож байсан. Өмнөх жилүүдэд аль төрлийн бодлого дээр оноогоо алдаж байснаа нэлээн сайн дүгнэлт хийж ажилласны хүчээр энэ жил таван бодлого бодож алтан медаль авлаа. Хамгийн хүнд зургаа дахь бодлогоос хүртэл оноо авч чадсан.

100-аад орны 600 гаран математикч хүүхдүүд оролцсон. Үүний тал хувь нь медаль авдаг. Алтан медалийг 40 гаруй хүүхдэд өгсөн. Мишээл маань дээрээсээ дөрөвт жагссан.. Тэгэхээр дэлхийд дөрөвт жагсаж байна гэсэн үг. Энэ бол маш том ажилт. Эхний гурван алтан медалийг БНХАУ-ын хүүхдүүд авсан.

-Ярилцлагын төгсгөлд танд хэлэх үг байна уу?

-Олимпиадад оролцоход санхүүгийн болон анги танхим, бэлдэх нөхцөл бололцоог хангаж өгдөг “Шинэ-Монгол” сургуулийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье. Шавь маань сургуулийнхаа 20 жилийн ойд үнэхээр том бэлэг барьж чадлаа. Манай Мишээлийн гэр бүл хүүгээ болон багшийг маш сайн ойлгодог. Ээж, аавд нь талархмаар байна. Амралтын өдрүүдээр бэлтгэл хийж оройтоход,  ямар ч ном авах ёстой болоход аваад өгчихдөг гээд бүхий л талаар дэмжиж байдагт үнэхээр их талархдаг.

Д.Цэрэнчимэг

www.ubn.mn

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (15)

Нийтлэх
Зочин
[103.26.193.71]
2020-09-30
goy ymaa odoo ene huuhed harvard geh met olon mundag surguuliud tetgelegtei surah bolomj olgoh bhda
Хариулах
Алтан медалв
[66.181.190.58]
2020-09-30
Багш нь 93 онд алт авсан юм уу? 1 л алт өгдөг байсан шиг санагдах юм. Хүмүүс амьд сэрүүн бгаашд
Хариулах
Од
[66.181.161.91]
2020-09-30
Ямар сайхан багш шавь 2 вэ хайр юмаа
Хариулах
Bolormaa
[203.98.77.173]
2020-09-30
Суурь мэдлэгийг нь өгсөн тоочин багшид мэхийе. Үргэлжлүүлэн амжилтанд хүргэсэн мэдлэгтэй багшид баяр хүргэе.
Хариулах
Зочин
[202.131.248.250]
2020-09-30
Баяр хүргэе! Монгол хүүхдүүдийг зөв багшийн дор, зөв бэлтгэл, орчин, чиглэлээр хангавал ямар их потенциаль байгааг дахин баталлаа. Энэ бол Олимпийн алтан медаль авсантай дүйцэх амжилт, үнэхээр биширч байна
Хариулах
Зочин
[64.119.20.202]
2020-09-30
Энэ багштай яаж холбоо барих вэ?
Хариулах
Зочин
[203.98.77.173]
2020-09-30
ene saitiin yriltslaga gaigui bolj bn gekhdee bucad zvil deepee cain ankhaarakh kheregtei
Хариулах
Зочин
[203.98.77.173]
2020-09-30
Шинэ Монгол агуу сургууль болжээ. Баяр хүргэе.
Хариулах
Багш
[192.82.69.155]
2020-09-29
Багаасаа өөр сургуульд тоочин багшийн шавь.байна.Суурь зөв . Чи үргэлжлүүлж хөгжүүлж чадаж байна.
Хариулах
Зочин
[203.98.77.173]
2020-09-29
"Шинэ-Монгол" брендийг бий болгосонд баярлалаа. Сайхан багш, сайн шавь амжилт хүсье
Хариулах
Зочин
[150.129.141.44]
2020-09-29
Багшийн эрдэм шавьд гэдэг. Тэгээд ч бурхан дор мөргөмуу. ном дор мөргөмүү. багш дор мөргөмүү гэдэг. Алтангэрэл багшдаа болон IMO-д ач хүүг минь бэлтгэсэн бүх багш нартаа баярласнаа илэрхийлъе.. Багаас нь математикт сургасан Соёмбо сургууль, Шинэ Монгол Сургуулийн багш хамт олонд баярлаж явдаг шүү. О. Мишээлийн өвөө, эмээ нар
Хариулах
Зочин
[66.181.161.51]
2020-09-29
Nice
Хариулах
Зочин
[203.98.77.173]
2020-09-29
сайхан ярилцлага байна энэ сайхан, сайн багшаар хүүхдүүд минь хичээл заалгаж, одоо хоёулаа сайхан амьдарч ажиллаж байна. Танд ажлын амжилт хүсье. Олон хүүхдийн мэлмийг нээж явахыг ерөөөе
Хариулах
энхээ
[203.98.77.173]
2020-09-29
Оюунлаг хүүхдүүдийг засаг төр тоодоггүй шүү дээ зөндөө хүүхдүүд оюун ухаанаараа уралдаж тив дэлхийн , азийн аварга болсон шүү дээ. Чих нь дүлий юм шиг л он жилүүдийг өнгөрөөсөн шүү дээ. Допинг хэрэглэсэн бөхчүүд , сагсан бөмбөгчид, мисс хүүхнүүд түрүүлбэл хамгийн том шагналаа өгдөг ийм л засаг төртэй шүү дээ
Хариулах
Зочин
[202.126.88.167]
2020-09-29
За тэр цээжлэх тэмцээнийг ч энэ том олимпиадтай харьцуулааад яахав. Энэ олимпиадаас алт авсан хүүхдүүд бол ямар ч чиглэлээр явсан ирээдүй нь мундаг л даа. Ямар ч топ сургууль төвөггүй тэтгэлэг өгдөг юм билээ.