Жендерийн мэдрэмж бол шударга ёсыг хангах нэг хэрэгсэл
09 САРЫН 03, 2020 НИЙТЭЛСЭН: Б.Пүрэвсүрэн

2018 онд Монгол, Гүрж, Филиппин улсад харьцуулсан судалгаа хийхэд орон сууц, газар эзэмшигчийн олонх нь эрчүүд, тэр дундаа Монголд энэхүү жендерийн зөрүү хамгийн өндөр гэж дүгнэжээ. Зургийн эх сурвалж: Inside Asian Gaming



Жендер гээд ярихаар эмэгтэйчүүд л өөрсдийгөө дөвийлгөх гээд байна гэсэн өрөөсгөл хандлага монголчуудад бий. Би ч тэгж боддог байлаа. Заавал өндөрлөг рүү мацаад яах вэ дээ, албан тушаалд дуртай юу, шуналтай байна уу, үгүй юү гээд л шүүсэн өнгө аястай хардаг байв. Харин саяхан Канадын санхүүжилттэй МЕRIТ төслийн хамт олонтой “Жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт” сэдэвтэй сургалтад сууж, орчуулга хийх боломж олдох үед канад багшийн хэлснийг сонсоод бодол санаа маань ихээхэн өөрчлөгдсөн. Зүгээр нэг хүний сэтгэгдэл, үзэл бодол байсан бол яах вэ, сонсоод л аан тийм үү, монгол эмэгтэйчүүд бол өөр, бид гэр орондоо түгжигдэж, нялзрай туяхан эмс болдог юм биш, бид эрчүүдээсээ дутахгүй, ер нь монгол эмэгтэйчүүд “базна” гэсэн нийтлэг ойлголтыг өөдөөс нь хэлээд суух сан. Гэхдээ Монгол Улсад жендерийн зөрүүтэй байдал бийг баримт статистикаар харуулсан учир судалж үзлээ. Азийн хөгжлийн банкнаас өмч хөрөнгийн эзэмшлийн талаар 2018 онд Монгол, Гүрж, Филиппин улсад харьцуулсан судалгаа хийхэд орон сууц, газар эзэмшигчийн олонх нь эрчүүд, тэр дундаа Монголд энэхүү жендерийн зөрүү хамгийн өндөр гэж дүгнэжээ.

Монгол айл өрхүүдэд хамгийн ач холбогдолтой өмч болох орон сууцыг хэн эзэмшиж буйг 2019 онд хийсэн жендерийн нөхцөл байдлын судалгаанаас харж болно. Үүнд дурдсанаар нийт эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 33 хувь нь сууцаа өөрсдөө өмчилдөг, өмчлөлөө баримтжуулсан байдал нь эрэгтэйчүүдийнх 55, эмэгтэйчүүдийнх 27 хувь байжээ. Сууц өмчлөлөө баримтжуулсан эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хотод 1.5, хөдөөд гурав дахин олон аж. Орон нутагт илүү өндөр байгаа энэхүү жендерийн ялгаа өмч хөрөнгийн бүх хэлбэрт түгээмэл байна. Судалгаанд оролцсон, хөдөө амьдардаг эрэгтэйчүүдийн 65, эмэгтэйчүүдийн 42.8 хувь нь мал аж ахуй эрхэлдэг, эрэгтэйчүүдийн 6.4, эмэгтэйчүүдийн 0.6 хувь нь том оврын тоног төхөөрөмж эзэмшдэг гэж хариулжээ. Мөн газрыг эрэгтэйчүүдийн нэр дээр бүртгэх, тэдэнд өвлүүлэх хандлага ялангуяа хөдөөд түгээмэл байна.



Түүнчлэн цалин хөлсний асуудал дээр жендерийн зөрүү аль ч улс оронд байдаг гэнэ. Дээр дурдсан жендерийн нөхцөл байдлын дүн шинжилгээнд сүүлийн 13 жилд цалинтай ажиллагч эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс илүү өссөнийг дурджээ. Эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхай, хөдөө аж ахуйд эрэгтэйчүүд зонхилон ажилладаг. Уул уурхайн салбарт ажиллаж буй эрэгтэйчүүдийн тоо 43 100, эмэгтэйчүүд 9355. Тэгэхээр орон нутагт жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй төрийн үйлчилгээ, хөнгөлөлттэй зээлийг юуны өмнө эдийн засгийн тэргүүлэх салбарт зориулдаг, дээрээс нь барьцаа хөрөнгө зэрэг босго өндөртэй учраас эргээд л эрчүүддээ үйлчилсэн бодлого болж, эрчүүдийн өмч хөрөнгийг улам арвижуулж, баялгийн тэгш бус хуваарилалтыг нэмэгдүүлдэг байна. Эрэгтэйчүүдээ бодлогоор дэмжээд байгаа гэсэн үг биш л дээ, санамсаргүйгээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг анзаарахгүй байгаагаас болоод өөрсдөө ч мэдэлгүй эмэгтэйчүүд давахад хэт өндөр босго тавьчихдаг. Ингээд эрэгтэйчүүд илүү олноороо, илүү хэмжээний хөнгөлөлттэй зээл авдаг бол өмч хөрөнгө багатай, барьцаа хөрөнгө хязгаарлагдмал эмэгтэйчүүд шалгарах нь цөөхөн, шалгарлаа ч бага дүнтэй зээл авдаг ажээ.



Тэгвэл барьцаа хөрөнгө шаардахгүйгээр дэмжлэг үзүүлдэг төрийн үйлчилгээ болох гарааны бизнесийг дэмжих, залуу бизнес эрхлэгчдэд зээл өгдөг хөтөлбөрийг аваад үзье. Сонирхолтой нь, энэ хөтөлбөрт төсөл бичиж оруулсан, зээлийн төсөл хэрхэн боловсруулах тухай сургалтад хамрагдсан эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийнхээс илүү байсан ч санхүүжилт олгох эцсийн шалгаруулалтад эрчүүд олонх болдог байна. Үүнийг сургалтын үеэр багаар ажилласан төрийн албан хаагчид анзаараад гайхширан, ер нь хөтөлбөрт оролцсон эмэгтэйчүүдээс судалгаа авах хэрэгтэй юм байна, тэдэнд эцсийн шалгаруулалтад ялахад юу саад болсныг илрүүлье гэсэн санал дэвшүүлж байлаа. Хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь авах цаг нь давхацсан тул шийдвэрлэх ярилцлагад орж, танилцуулгаа хийж чадаагүйгээс эмэгтэйчүүд боломжоо алдсан байхыг үгүйсгэхгүй.



Цалин орлого нь хашиж буй албан тушаал, ажилласан жил, туршлага, ур чадвартай зайлшгүй холбоотой. Жендерийн нөхцөл байдлын шинжилгээгээр 2005 онд эмэгтэйчүүд менежерийн түвшинд 35 хувийг эзэлж байсан бол өдгөө 38.9-д хүрч ялимгүй дээшилсэн ч удирдах албан тушаалд эрчүүдийг томилох уламжлал бат бөх хэвээр байна. Тэр байтугай, тооны хувьд эмэгтэйчүүд түлхүү ажилладаг боловсрол, эрүүл мэндийн салбарт ч удирдах ажилтны дунд эмэгтэйчүүд цөөн. Сургалтын үеэр нэгэн оролцогч “Хэлтсийнх нь ажилтнууд гүйцэтгэсэн ажил, гэрээгээ өөрөө үнэлэх бол ижил ажил хийсэн байсан ч эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 10 хувиар доогуур үнэлгээ өгдөг” гэж байв. Тэгэхээр адилхан хөдөлмөр эрхэлж байгаа ч, тэр байтугай илүү өндөр ур чадвартай байсан ч эмэгтэйчүүд өөрийгөө доогуур үнэлдэг, хөдөлмөрөө багаар үнэлүүлэхээс гадна яриа хэлэлцээ хийхдээ өөртөө давуу тал бий болгохдоо муу, буулт хийх хандлагатай байдаг аж. Гэтэл зөөлөн аядуу, найрсаг хүлээцтэй байх тусам завшуулах, ашиглуулах талтай байдаг.

Ур чадвараа хөгжүүлэх, албан тушаал ахихад сургалт ихээхэн нөлөөтэй. Гэтэл аймгийн төвд зохион байгуулсан сургалтад эмэгтэйчүүд түлхүү оролцоод нийслэл, эсвэл гадаадад сургалтад хамрагдах бол эрэгтэйчүүд илүү явдаг байна. Тэгэхээр сургалтад хамрагдаж буй эрэгтэйчүүд буцаж ирээд илүү өндөр албан тушаалд томилогдох, найз нөхдийн хүрээлэл нь өргөжих, бизнес эрхэлдэг бол түүнийгээ эрхлэх ур ухаан, зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах давуу эрх эдэлж байна. Энгийн жишээ дурдахад, нэг аймагт өнгөрсөн онд зохион байгуулсан малчдын чадавхыг бэхжүүлэх танилцах аялалд оролцогчдын 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь л эмэгтэй байжээ. Эмэгтэйчүүд хамрагдаж чаддаггүй шалтгаан нь ахуйн ажил, хүүхэд, өндөр настай ээж, ааваа асрах, гэр бүлийн гишүүд нь явуулахгүй гэж татгалзах, хардах зэрэг бэрхшээл тулгардагтай холбоотой гэнэ. Тэгвэл эмэгтэйчүүд нь хардахгүй, итгээд нөхрөө явуулдаг уу гэвэл үгүй. Багийн хэлэлцүүлгийн үеэр үл итгэлцэл газар авсан мэт байна, онцлог нь нөхөр нь хардсан бол эхнэр явахгүй, гэргий нь хардсан ч нөхөр нь явдаг дүр зураг байгаа мэт гэж бид ярилцаж байв. Өрхийн шийдвэр гаргах үйл явц хүчний тэнцвэргүй байдалтай байж болох юм.



Хөгжиж буй улс орнуудад боловсрол багатай байх тусам ажилгүй байдаг бол Монголд боловсролтой иргэдийн дунд ажилгүйдэл өндөр байдаг ажээ. 2018 оны байдлаар нийт ажилгүй 104.1 мянган иргэний 22.3 хувийг 15-24 насны залуучууд эзэлж байсан бөгөөд эмэгтэйчүүд олонх нь байжээ.

Залуу эмэгтэйчүүдийн ажилгүйдэл юуны өмнө хүүхэд төрүүлэх, асрахтай холбоотой. Өөрөөр хэлбэл, ажил дээрээ яг ид өсөн дэвжих үедээ хүүхэд төрүүлж завсарлана. Үр хүүхдээ, гэр орон, ах, дүү, ээж, аавыгаа гэсэн ачлалт сэтгэлээсээ болоод гадаадад явж сурахаасаа түтгэлзэн, ажил, албан тушаалын хувьд ямар нэг байдлаар хоцорчих гээд байдаг. Тиймээс хүүхэд харах үйлчилгээ их ач холбогдолтой ажээ. Канадад хүүхэд харах үйлчилгээ, эрт үеийн боловсролд зарцуулж буй хөрөнгө оруулалтыг хамгийн өндөр үр өгөөжтэй гэж дүгнэсэн байна. Канадын Засгийн газар 2018 оноос эхлэн 10 жилийн хугацаанд үүнд зориулан 7.5 тэрбум долларын хөрөнгө оруулж байгаа юм билээ. Мужуудын хэрэгжүүлсэн сайн туршлагуудыг нэгтгэн үндэсний хэмжээнд нэвтрүүлэхдээ хүүхэд харах үйлчилгээний олон төрөл, хэлбэрийг агуулсан цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. 2020 онд багтаан шинээр 40 000 төв ашиглалтад оруулахаар байгаа нь 2018 онд дэвшүүлсэн зорилтынх нь 50 хувь юм. Уг хөтөлбөрийн хүрээнд шинээр байгуулж буй төвүүдийн барилга, тохижилттой холбогдуулан түр хугацаанд ажлын байр бий болгон, эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг, хүүхдээ харж байгаа ээжүүдэд ажил эрхлэх боломж олгосноор хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, бизнесүүдэд ч ажиллах хүчин сэлбэжээ. Тэгвэл урт хугацаанд дундаж давхаргыг тэлэх, баялгийг тэгш хуваарилахын сацуу хүний хөгжлийн бодлогоо амжилттай хэрэгжүүлж, иргэдээ бага наснаас нь чанартай боловсролын үйлчилгээнд хамруулах нөхцөл бүрдүүлдэг гээд олон давуу талтай. Энэхүү хөтөлбөрийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол тэгш хамруулах бодлого, хүүхэд харах, хөгжүүлэх хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд чиглэдэг. Канадын төр, засаг нотолгоонд тулгуурлан шийдвэр гаргахад ихээхэн анхаардаг бөгөөд Бритиш Коламбиа мужид нь хүүхэд харах үйлчилгээний хөтөлбөрийн үр нөлөөг буюу ажил эрхлэлтийн түвшин, төсвийн орлогыг нэмэгдүүлэх нөлөөллийг 2025, 2030 оноор тооцоолсон байх жишээтэй.

Улсын төсвийн хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдэг сонголт торгон мэдрэмж шаарддаг. Төсвийн хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээ бүх иргэнд ижил үр шим өгдөг гэсэн ойлголт нь өрөөсгөл шинжтэй юм байна. Бөхийн өргөө барих уу, хүүхдийн хөгжлийн төв байгуулах уу гэдэг сонголт жендерийн хувьд асар ялгаатай үр нөлөө бий болгоно. Нэг нь уламжлалт хэлбэрээрээ эмэгтэй хүний оролцоог хориглодог, хувцас нь хүртэл ийм зорилго бүхий дизайнтай спортыг хөгжүүлэх, эрхэмлэх, соёлын сэтгэлгээнд бат бэх суулгах үйлдэл. Нөгөө нь ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт бөгөөд эмэгтэйчүүдийг цалингүй ажлаас хөнгөвчилснөөр жендерийн тэгш байдлыг нэмэгдүүлж буй сонголт юм.

Ер нь эмэгтэйчүүд спортоор хэр хичээллэдэг вэ? Спортоор хичээллэхийг нь бид дэмжиж байна уу? Сургалтын үеэр багаар ажиллаж байхад сур харвааны чиглэлээр хуваарилж ирсэн жаахан төсвийг ихэвчлэн эрэгтэй хүмүүст нум сум авч өгөхөд зарцуулсныг олж мэдсэн юм. Санаатай юм биш л дээ. Зүгээр л тэгж таарч. Тухайн үйлчилгээг хүргэж байгаа хүн ч юм бодолгүйгээр хөвгүүдийг түлхүү хичээллүүлэхэд анхаарчээ. Соёлын чиглэлээр ажилладаг аймгийн мэргэжилтэн биет бус соёлын өвийг дэмжих, сурталчлах хэвлэмэл материал дээрээ ч эрэгтэйчүүдийн зургийг түлхүү тавьдгаа анзаарсан. Өөр нэг бүлгийн дүн шинжилгээ хийсэн хөтөлбөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөгжил, хамгааллын тухай байв. Ийм хөтөлбөр байгаа нь сайшаалтай, харин идэвхжүүлэх нэг арга хэлбэр нь спортын тэмцээн уралдаан байсан бөгөөд оролцогчдын олонх нь эрчүүд байгааг эргэж нэг хармаар. Заал авахад ч хувцас солих, усанд орох өрөө байхгүйгээс болж эмэгтэйчүүд тэр бүр хамрагдаад байдаггүй аж.

Эр хүйсийг голлон анхаардаг хэвшмэл ойлголтоос улбаалан эмэгтэйчүүдийг арай дутуу үнэлдэг, ямар нэгэн байдлаар доромжилсон өрөөсгөл хандлага (masculine bias) зөвхөн Монголд ч биш, хаа сайгүй түүхэн соёл, уламжлалаар эрчүүдийг голлон анхаарч ирснийг канад багш дурдаж биднийг тайтгаруулав. Тэгэхээр ямар ч байсан “ханьтай”, харин одоо яаж залруулах вэ гэдэгт анхаарах цаг болжээ. Үүний тулд хийх хамгийн эхний алхам бол төрийн үйлчилгээнээс хүртэж буй үр шим эмэгтэй, эрэгтэй хүмүүст, охид, хөвгүүдэд ялгаатай тусаж байгаа, эсэхийг тоо баримтаар тодруулах. Төсвийн мөнгөөр хэрэгжүүлсэн аль ч хөтөлбөр дээр тухайн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хүртсэн хүмүүсийг хүйсээр ангилсан тоон мэдээллээр дүн шинжилгээ хийхэд жендерийн хувьд зөрүүтэй байдал үүсгэж үү, үгүй юү гэдгийг тодруулах боломжтой ажээ. Гол нь хүйсээр ангилсан тоон мэдээлэл гаргах нь маш чухал юм байна. Дээрээс нь хөтөлбөрийг хэрэгжүүлсэн мэргэжилтнүүдийн цалингийн сан, цалингийн хэмжээ эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай ногдож байна уу гэдгийг тодруулахад л жендерийн зөрүү байгаа, эсэх нь гараад ирдэг байна. Канадад жендерийн дүн шинжилгээг төрийн бүх албан хаагч нь хийдэг. Австралид бол аливаа төсвийн санал боловсруулахдаа заавал жендерийн нөлөөлөл ямар байхыг танилцуулдаг. Монгол Улс төрийн албаны бүх шатанд жендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа тул тун удахгүй Канад, Австралийн жишгээр төрийн алба тэр чигээрээ ажиллаад эхлэх нь.

Энэ ажил зөвхөн жендерийн тэгш байдлыг тогтооход чиглээд зогсохгүй, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой. Тухайлбал, жендерийн зөрүүтэй байдлын зэрэгцээ тухайн хүн хөгжлийн бэрхшээлтэй бол бүр хүндээр тусдаг. Боловсролын түвшин, орлогын хэмжээ, тэр байтугай газар зүйн байршил хүртэл бидэнд нөлөөлж, биднийг хэн болохыг тодорхойлдог. Иймээс эмэгтэй хүн, дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй, тэгээд хөдөө амьдардаг, шашны цөөнхөд хамаардаг, боловсрол, орлого багатай байх тусам тэгш бус байдлыг даамжруулах хүчин зүйлийг анхаарах ёстойг Канадад хэрэглэдэг “Жендерийн дүн шинжилгээ +” арга барилыг тайлбарлахдаа багш хэлж өгсөн.

Жендерийн тэгш байдал гэдэг нь эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай адилхан тэгш боломж, эрх эдлэхийг хэлж байгаа юм. Түүнээс биш аль нэг хүйсэд давуу тал олгох тухай огт яриагүй, иргэн бүрт эмэгтэй, эрэгтэйгээс үл хамааран эрх тэгш, боломж тэгш байх ёстойг л хэлээд буй юм байна. Түүхэн үйл явцад эр хүйсийг голлон хүндлэх хандлага уламжлагдан тогтсон байдаг учраас л жендерийн тэгш байдлыг тогтоохын тулд юуны өмнө тэгш бус, шударга бус хандлагад өртөж буй эмэгтэйчүүд, охидын нөхцөл байдлыг сайжруулах, тэднийг хүчирхэгжүүлэх замаар байдлыг тэнцвэржүүлэх үйл ажиллагаа явуулдаг ажээ. Хэрэв хөвгүүд, эрэгтэйчүүд ямар нэг байдлаар хохирч байгаа бол түүнийг арилгахын төлөө явах ёстой, гэхдээ нийгмийн эдгээр хэрэгцээг эрэмбэлэн нэн түрүүнд анхаарвал зохих бүлэгтээ санаа тавих зарчим бас байна.

Үндэсний зан заншлаа сэргээхээр монголчууд хичээх болсон нь сайшаалтай ч болгоомжтой, няхуур хандах шаардлага бий. Жендерийн тэгш бус байдлыг бий болгосон хуучинсаг сэтгэлгээг үндэсний зан заншилтай хамт сэргээх нь сайн биш. Өвөг дээдэс, түүхээ мэдэх нь сайн хэрэг, судалгаа хийх, заах ёстой, тэглээ гээд тэдгээр нь бидний өнөөдрийн амжилтын баталгаа болж чадахгүй. Үндэсний бахархал бий болгосноор хүнийг шууд л ухамсартай, энэрэнгүй, хариуцлагатай болгоно гэж үгүй. Үндэсний бахархал бий болгож байна гээд өөрсдийгөө бусдаас дээгүүр өргөмжилж, харгис дарангуйлал тогтоосон түүх улс орнуудад бий. Зарим талаараа шинэлэг соёл үүсэхийг боомилж байгаа мэт дандаа л өнгөрсөн рүүгээ харах ч хэрэггүй. Австралид явж байхад бидний хөтчөөр ажиллаж байсан, уугуул иргэдийн нэг төлөөлөл “Цагаан арьстнууд ирж суурьшихдаа бидний соёлыг устгасан” гэхээр нь ихэд өрөвдөн, “Ямар соёл устав” гэтэл эмэгтэй хүүхэд нас биед хүрэхээрээ үсээрээ чигчий хуруугаа ороогоод чангалсаар байгаад тасалдаг байсан гэсэн удаатай. Тэгэхээр соёл, зан заншилд авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Үүнийг олон улсын соёлын тухай конвенцод ч заасан байдаг юм билээ. Бид хуучин, шинийн хослол, тасралтгүй шинэчлэлээр л амьд оршино. “Хү” хамтлаг үүнийг бэлхнээ харуулсан.

Жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт гэдэг нь тусгайлан жендерт зориулсан төсөв гаргах тухай ч биш, харин сайн төсөвлөхийг л хэлж байгаа аж.

Төсвөөс үр шим хүртэгчдийг хүйсээр нь ангилан судалж, тэгш боломж бий болгохын төлөө ажиллахыг л жендерийн мэдрэмж гээд буй хэрэг. Мөн иргэнийг ялгаатай болгож байгаа олон хүчин зүйлийг мэдэрч, гарал, байршил, арьс өнгө, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээлтэй, эсэх, боловсролын түвшин зэргээс үл хамааран төрийн үйлчилгээгээ ижил тэгш авахад анхаардаг төсөвлөлтийн аргыг нэвтрүүлэхийг хэлж байгаа юм. Үүнийг жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт олгодог байна. Төрийн албан хаагч, төрийн үйлчилгээ хүргэж байгаа хүнд ямар их боломж байдгийг “Жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт” сургалтад хамрагдсан бүх хүн ойлгосон. Их юм шаардахгүй, ажлаа л илүү мэдрэмжтэй, сайн хийх арга хэрэгсэл, туршлагыг энэ сургалт олгов. Зүгээр л идэвхгүй байдлаар хөтөлбөр хэрэгжүүлж, төсвөө баталсаар байвал түүхэн уламжлалаар өөрсдөө ч мэдэлгүй эрчүүддээ давуу тал, эрх мэдэл олгосон тэгш биш байдлыг улам даамжруулдаг ажээ. Тиймээс миний үйлчилгээг хэн авч байна, би хэнд үр шим хүртээж байна вэ гэдгээ байнга бодож, ялгаатай байдлыг нь мэдэрч, иргэнийхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг төр байх нь чухал. Ийм л төртэй байвал иргэнд тэгш боломж олдож, шударга ёс хэрэгждэг байна.

Б.Пүрэвсүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд UBN.mn хариуцлага хүлээхгүй.

СЭТГЭГДЭЛ (0)

Нийтлэх