Цаг хугацаа: Шийдвэрийг хэзээ гаргах вэ?
06 САРЫН 12, 2020 НИЙТЭЛСЭН: Н.Энхбаяр
Бид шийдвэр гаргах тухай, шийдвэр зөв оновчтой байх ёстой талаар бишгүй л ярьдаг. Шийдвэрийг хувь хүн, байгууллага, төр засаг бүхий л түвшинд гаргадаг. гэвч үүний дотроос бүх ард иргэдийн амьдрал, улс орны хөгжил дэвшилтэй холбоотой шийдвэр илүү олон нийтийн анхаарлын төвд байдаг. Шийдвэр гаргахад шаардлагатай урьдчилсан бэлтгэл, нөхцөл болон шийдвэр гаргаад тавигдах шаардлага зэрэг олон асуудлыг тоочилгүй нэг л асуудлыг нь энэ удаад дурьдмаар байна. Цаг хугацаа! Шийдвэрийг хэзээ гаргах ёстой вэ? Ямар асуудлыг хэзээ шийдвэрлэх ёстой вэ? Тариалан эрхлэгчид үр тариа, хүнсний ногоо, жимсээ хэзээ тариалах вэ гэдгээ сайн мэддэг, оновчтой цагт нь тариалж байж сайн ургац авна. Үүнтэй адил төр засгаас гарах ёстой шийдвэр, цаг хугацаа алдалгүй, хойш тавилгүйгээр шийдвэрлэх ёстой цагтаа гарч, төлөвлөсөн хугацаандаа л бүрэн хэрэгждэг байх ёстой. Гэвч манайд бидний зан араншин, хүмүүжилтэй ч холбоотой байж магадгүй аливаа зүйлийг цаг тухайд нь шийдэлгүй хойшлуулах, цаг хугацааг алдах явдал маш түгээмэл. - Цахилгаан станц бариад гадна шугам сүлжээг барихгүй байх, - Барилга бариад дэд бүтцийн ажлыг нь шийдэхгүй, холбохгүй орхигдуулах; - Нисэх буудал бариад түүнийг холбосон автозам барих асуудлаа дараа нь шийдвэрлэх гэх мэт. (Олонтаа тохиолддог энгийн жишээнүүд) Цаг хугацаа алдсан ийм шийдвэр, гарвал зохих цагтаа гаргаагүй шийдвэр (эс үйлдэл) бүхэн нийгэм, эдийн засгийн асар хор хохиролтой. Хойшид бидний төлөх өрийг зуузалж буй нэг шалтгаан юм. Иймээс бодлого, шийдвэр гаргахад оролцож байгаа хүн бүхэн (үүний дотор төрийн албан хаагчид) энэ шийдвэр хэзээ гарах ёстой вэ, юуг нь ээлж дарааллаар, юуг цогцоор нь нэгэн зэрэг хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг зайлшгүй мэддэг, хэрэгжүүлдэг байх ёстой.

ЭНЭ МЭДЭЭНД ТАНЫ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ