Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бидэнд дараагийн “Долоон сарын нэгэн“ хэрэггүй шүү “хувьсгалчдаа“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 8 секунд

     Ерөнхийлөгчийн МАН-ыг тараах захирамжийг улстөрчид янз бүрийн өнцөгөөс тайлбарлаж байна. Гэхдээ дийлэнх улстөрчид АН, МАН гэхгүйгээр уг үйлдлийг буруутгасан өнгө аясыг илэрхийлж байна. 

    Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх асан Г.Уянга тэргүүтэй нөхдүүд өөрийн албан ёсны сошиал хуудсуудаараа ноцтой байж болохуйц байр суурийг өчигдрөөс хойш хэд хэдэн удаа илэрхийллээ.

Тэд юу ярив

   Г.Уянга нь "МАН импичмент оруулна, ард түмний уур хилэн улам бадарна... Хувьсгалт үйл явц эргэлтгүй эхэллээ! Ура!", "Зөв ойлголт: Хувьсгалын зорилго бол нийгмийн гэрээ буюу Үндсэн хуулийн өөрчлөлт л юм! Үйл явц ийшээ л чиглэх ёстой!", "Хувьсгалыг цуст мөргөлдөөн гэж ойлгож, ойлгуулах гэж байгаа хүмүүсийн давалгаа бол бас л өөр зорилготой! Хувьсгалын үр дүн бол ҮХ-ийн өөрчлөлт!", "1990 онд хүний байтугай оготнын хамраас цус гаргалгүй хувьсгалаа хийгээд Үндсэн хуулиа өөрчилснийг нийтээрээ мартчихсан юм уу?!" гэжээ.

Хамгийн сүүлд "Би хэлсэн нэг ч үгнээсээ ухраагүй, ухрахгүй! Яагаад гэвэл би 20 жил ХУВЬСГАЛын төлөө байгаа! Өөр гарц байвал хэлээдэх! СОНГУУЛЬ гэж л битгий инээд хүргээрэй дээ!" хэмээжээ.

 

     Мөн сошиал олон нийтийн сүлжээгээр парламентын засаглалыг муулсан. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэн үг хэллэг, агуулга бүхий санал асуулга постууд хөвөрч байна. Бослого хөдөлгөөн өрнүүлээд банк дээрэмдээд өрөө төлье ч гэж байх жишээний. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хоёр тал аль аль нь "өрөлтөө" авчихсан эргэлзээтэй байгаа гэнэ. Мөн Ерөнхийлөгчийг тултал дэмждэг олон улсын тоймч хүртэл "Ерөнхийлөгч та ард түмнийхээ дэмжлэгт бүрэн итгэж найдах ёстой! Юунаас ч айх хэрэггүй!!" гэх зэрэг мэдэгдэл хийж харагдав. Эдгээрийг нь харамсалтай нь хэдэн арвуулаа дэмжиж харагдах юм. Нийгмийн нэг хэсэг бүлгийг төр эргүүлэхэд ч бэлэн болоод сэтгэл зүй нь бэлэн болчихож. Тэд ёстой л тушаал хүлээж буй мэт аашилж байгаа нь жихүүцэл төрүүлэм.

    Г.Уянга уг нь хүний эрх,  иргэдийн эрх чөлөөний төлөө гэж Ерөнхийлөгчид зөвлөж байсан хүн. Гэтэл олон нийтийн санаа бодлыг хаашаа залахыг хүснэ вэ. Яагаад хувьсгалын тухай ингэж шулуухан өгүүлж, бусдыг уриалан дуудаад байна вэ. Хүн мэдээж өөрийн үзэл бодлыг илэрхийлэх бүрэн дүүрэн эрхтэй. Гэвч парламент, Ерөнхийлөгч гэх хоёр том институцийн хооронд үл ойлголцол үүссэн энэ эгзэгтэй үед ийм байр суурь илэрхийлж, бусдыг буруу зүйлд уриалах нь туйлын зүй зохисгүй юм. Энэ бүхэн чинь зогсооё гэсэн ч чадахааргүй тэр замаар орчих вий дээ.

Өнгөт хувьсгалын "туршлага" бидэнд бий

   Өнгөт хувьсгал бол тухайн улсад улс төрийн системийг хямруулахад чиглэгдсэн ард иргэдийн тархийг угаасан идэвхтэй үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн тодорхой зорилгод хүрэхийн тулд нэгэн загвар гэж хэлж болох тухайн үед бий болгосон нийгмийн сэтгэлзүйн үелзэл дээр мэдээллийн орон зайг ашиглан тоглосон технологи юм гэдгийг олон улсын судлаачид тодорхойлчихсон. Эрх баригчид, ЗГ-ыг, улс төрийн тогтолцоог эртнээс муу гэж нэр хүндийг нь унагах ажлыг зорилготойгоор хийдэг. Яг одоо гадагшаа гараад таарсан 10 хүнээс парламент, УИХ-ын гишүүдийг хэрхэн үнэлэх вэ гэж асуусахад бараг арвуулаа "муу" гэж хариулах нөхцөл байдлыг бүрдүүлчихээд байна. Парламентын гишүүдийн тал нь хулгайч гэхээр ямар ч хүн хууль тогтоох дээд байгууллагадаа итгэхгүй.

    Өнгөт хувьсгалын зохион байгуулахад хамгийн тохиромжтой, ашигтай үе нь улс төрийн сонгуулийн үе байдаг. Бид "7 сарын 1"-нийг хар бараан өдөр, харамсалтай үйл явдал гэж хардаг бол ОУ энэ зүйлийг "ноолууран хувьсгал" гэх нэрийдлээр өнгөт хувьсгалын жагсаалтад нэмсэн байдаг. "Өнгөт хувьсгал"-ын үндсэн арга нь хотын төв талбай дахь олон нийтийн цуглаан, засгийн газрын гол барилгууд руу очиж, боломжийг боогдуулах, эсвэл эзлэн авдаг зэргээр төрийн эрхийг булааж авдаг. Манай улсын хувьд талаас илүү хувь нь нийслэлдээ байдаг, жижигхэн хот гэдгээрээ энэ нөхцөл байдлыг туйлын амар бүрдүүлчихдэг талтай.

Бидэнд дараагийн "Долоон сарын нэгэн" хэрэггүй шүү "хувьсгалчдаа"!!!

   Өнгөт хувьсгал хийх хамгийн ашигтай цаг үе бол улс төрийн сонгуулийн өмнө, дараа үе. Мөн улс төрийн гол намуудыг хүчгүйдүүлж байгаад хувьсгалаа хийдэг. Тэгвэл өнөөдөр АН-ыг хоёр хуваагдчихсан, МАН эрх мэдлийнхээ төлөө битүүхэндээ У.Хүрэлсүхийн, М.Энхболдын гэх зэргээр талцаж хуваагдсан байгаа нь үнэн.

  Магадгүй Г.Уянга та хувьсгалаа өөр аргаар, өөр зорилгын төлөө явна гэж тооцож болох л байх. Гэхдээ нэгэнт төрөө үнэлэхгүй болсон иргэд, цар тахалд бухимдсан иргэд өөрийн чинь хүссэнээс өөрөө зүг жолоогоо эргүүлчихвэл та яах вэ. Дараагийн "Долоон сарын нэгэн" бидэнд огт хэрэггүй. Киргизийн араас замнаад ардчилал, хүний эрхээ устгах эрх бидний хэнд ч байхгүй. Ямар үнээр олж авсан эрх чөлөө, тусгаар тогтнол билээ дээ. Үндсэн хуулиа өөрчлөх гэдэг нь Монгол Улс парламентын засаглалаас ухарч, Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг хэлээд байна уу. Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг эрхэмлэх үүргээ биелүүлээд аливаа зүйлд огт хэлэхгүй, ярихгүй байна. Гэтэл эргэн тойрны хүмүүс чинь элдэв зүйл ярьж олон нийтийн санаа бодлыг бужигнуулаад байна. Цар тахлын сүүдэрт хэдэн арваараа хайртай бүхнээ алдаж буй бидэнд Г.Уянга таны хэлээд буй "хувьсгал" лав хэрэггүй. Монголчууд бид  "7 сарын 1"-ний хар өдрүүдийг одоо ч мартаж чадаагүй байна.

Г.Лхагваа

 

С.Амарсайханыг 
С.Амарсайханыг "унагахаар" МАН дотроосоо ажиллаж эхэлсэн үү
 
Дуучин Roockie “CU”-ийн  ажилтанд гар хүрээд 100 мянган төгрөгөөр торгуулиад өнгөрчээ
Дуучин Roockie “CU”-ийн ажилтанд гар хүрээд 100 мянган төгрөгөөр торгуулиад өнгөрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.