05 САРЫН 01, 2020
Төрсөн өдрөөрөө ТҮК-ийн ажилтан болсон М.Соёл-Эрдэнэ
Эгэл хүмүүсийн гайхалтай түүхийг өгүүлэх "Бидний НЭГ" булан үргэлжилсээр. Энэ удаагийн дугаартаа бид төрсөн өдрийн баяраараа тохижилт, үйлчилгээний байгууллагад нэг өдөр ажиллаж, энэрэнгүй үйлс хийсэн М.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.

Татсан тамхины ишээ няслаад хаядаг, машиныхаа цонхоор хогоо чулууддаг “орк” гэх тодотголтой бүдүүлэг иргэд нийслэлийнхээ өнгө төрхийг гутааж, соёлгүй үйлдэл үзүүлэх нь цөөнгүй. Харин тэдний нөгөө талд нийгэмд өнгө нэмэх, бүтээлч, энгийн үйлдлээрээ бусдадаа үлгэрлэж буй залуус ч олон байна. Эерэг бүхний тэргүүнд алхагч залуусын төлөөлөл болох М.Соёл-Эрдэнэ нь 24 нас хүрсэн төрсөн өдрийн баяраараа олон хүмүүст үлгэр жишээ болохуйц сайхан ажлыг хийсэн юм.

Тэрбээр дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Тохижилт Үйлчилгээний Нэгтгэл ОНӨААТҮГазрын Цэрмаа даргатай 3-р бригадын хамт олны нэгэн эд, эс нь болж ажилд туслан нэг өдрийг өнгөрүүлжээ. Соёлтой байхыг бусдад уриалж буй “Бидний НЭГ” М.Соёл-Эрдэнийн ярилцлагыг уншиж сонирхоно уу.



- ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААЖ ИРЭЭД ЭХ ОРНОО ГЭХ СЭТГЭЛ МИНЬ УЛАМ ИХЭЭР БАДАРСАН -

- Төрсөн өдөр нь саяхан болж өнгөрчээ. Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе. Хэдэн нас хүрсэн бэ?

- Төрсөн өдрийн мэнд дэвшүүлсэнд баярлалаа. Мөн сайтынхаа “Бидний нэг” булангийн зочноор урьсанд талархлаа илэрхийлье. Дөрөвдүгээр сарын 25-нд буюу өнгөрсөн бямба гарагт 24 нас хүрлээ.

- Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

- Намайг Мөнхбатын Соёл-Эрдэнэ гэдэг. Төслийн компанид ажилладаг жирийн нэгэн залуу байна даа.

- Фейсбүүкээс таныг төрсөн өдрөөрөө Тохижилт, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад тусалж, нэг өдөр тэдний ажил үүргийг хамтран гүйцэтгэсэн тухай харсан. Яагаад үүнийг хийхээр шийдсэн бэ? Залуус төрсөн өдрөөрөө найз, нөхөдтэйгээ зугаацаж, цэнгэн баярлахыг илүүд үздэг байх?

- Чингис хааны мэндэлсэн өдрийг дээдийн дээд хуримд тооцож, тэмдэглэдэг байсан тухай түүхийн эх сурвалжуудад бичсэн байдаг. Энэчлэн энэ биеийг олсон онцгой өдрөөрөө аль болох онцгой зүйлс хийхийг эрмэлздэг. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээсээ ялгаатай, шинэлэг, хүнд хэрэгтэй зүйлс хиймээр санагдаад байсан. Ерөнхийдөө төрсөн өдрөөсөө сарын өмнө буюу гуравдугаар сарын 26-нд Тохижилт, үйлчилгээний байгууллагад ажилладаг ахын тухай ярилцлагыг уншаад, сэтгэл хүнд яваад байлаа. Ярилцлагад “Залуучууд ТҮК-ийн ажилтнуудыг үл хүндэтгэж, дорд үзэж харьцдаг” тухай хуваалцсан байсан. Тэр ахын ярьсан ярианд дурдагдсан залуучууд гэх нийгмийн бүлгийн нэг эд, эсэд яалт ч үгүй багтаж байсан. Тиймдээ ч энэ ажлыг ямар байдаг вэ гэдгийг өөрөө мэдэрснийхээ дараа бусад залуус биеэ зохисгүй авч явч байх үед, шүлсээ ил задгай хаяхад, тамхины ишээ няслахад яагаад шаардлага тавих хэмжээнд очихын тулд өөрийн биеэр ажиллаж үзэх нь зохистой гэж үзсэн. Тиймдээ ч төрсөн өдрөөрөө хийхийг хүссэн онцгой зүйл нь ТҮК-ийн ажилтнуудтай ажиллаж үзэх байлаа. 

- Өмнөх жилүүдэд төрсөн өдрөөрөө ийм зүйлс хийж байв уу?

- Хүнд жижигхэн тус хүргэхээс эхлээд л олон зүйлсийг л хийж байсан юм болов уу. Миний хувьд Монголын скаутын холбоонд сайн дурын ажилтнаар ажиллаж, төрөл бүрийн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог. Үүнээс гадна хугацаат цэргийн албыг хаагаад ирсэндээ ч тэр үү эх орноо гэх сэтгэл минь улам их бадрах болсон. 

- Цэргийн алба хаахаас өмнөх та, албаа биелүүлээд ирсэн М.Соёл-Эрдэнийн хооронд хэр их зөрүү гарав? 

- Миний хувьд цэрэгт явахаасаа өмнө бусад хөвгүүдийн адилаар дүрсгүй, томоогүй, их хөдөлгөөнтэй, найз нөхөдтэйгөө нийлж гадуур, дотуур их явдаг байсан. Хугацаат цэргийн алба хаасан нэг жилийн хугацаа маань өөрийгөө илүү сайн таньж мэдэх гайхалтай, үр дүнтэй цаг хугацаа өнгөрч дээ гэж боддог. Мөн Дорнод аймгийн Халхгол суманд байрладаг хилийн цэргийн дугаар ангид алба хаасан. Эх орноо хилийг манаад, баганы хажууд албаа гүйцэтгээд зогсоно гэдэг үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Эндээс л эхлээд эх орноороо бахархах, хайрлах сэдэл минь илүү их бадарсан даа. Цэргийн алба хааж ирээд илүү их төлөвшиж, аливаа зүйлд буурь суурьтай, уужуу ханддаг болсон юм болов уу. 

- АЖЛАА ХИЙХ БАЙХ ҮЕД ХҮМҮҮСИЙН ГАРГАСАН СӨРӨГ ХАНДЛАГА, ҮЙЛДЭЛ ИХ СОНИН ЮМ БИЛЭЭ -

- ТҮК-ийн ажилтнаар ажиллах хүсэлтээ хэрхэн тавьсан бэ?

- Ажиллах гээд их олон янзаар хайж үзсэн. Их хэцүү юм билээ. Нэг өдөр ажилдаа явах гээд автобусанд суутал ТҮК-ийн ажилтан эгчтэй тааралдсан. Тэр эгчид өөрийн хийх гэж буй санаа, зорилгоо хэлээд үзтэл бригад ахладаг мастертайгаа ярихыг зөвлөсөн. Тэгээд мастер эгчтэй нь холбогдтол намайг төдийлөн сайнаар хүлээж аваагүй, худлаа “поп”-орч байна л гэж бодоод байх шиг санагдсан. “Хугацаа нь арай болоогүй байгаа юм чинь дөхүүлээд холбогдоорой гээд утсаа салгасан. Аюултай ажил, мэргэжил учраас хэр баргийн хүнийг ажиллуулаад байдаггүй юм билээ. Бараг л долоо хоногтоо 2-3 удаа залгаж байж, зөвшөөрүүлсэн дээ. 

- ТҮК-ийн ажилтнаар ажилласан нэг өдөр хэрхэн өнгөрөв?

- Ажил 06:00 цагт эхэлдэг. Өөрийн хариуцсан, зам талбайд цэвэрлэгээ, үйлчилгээг явуулж байгаад 10-12 цагийн хооронд үдийн цайндаа ордог юм билээ. Би Баруун дөрвөн замаас Нарны зам, гүүр хүртэлх замыг цэвэрлэсэн. н.Нармандах гэдэг эгчтэй хамтран ажилласан. Өглөө эрт замын хөдөлгөөн багатай үед арай амар. Харин ажил эхлээд, замын ачаалал, хөдөлгөөн 09.00 цагаас хойш нэмэгдээд бага зэрэг хэцүү. Байрны доор байдаг пудвольд байрладаг амралтын өрөөндөө очоод хоол, цайгаа хийж идээд түрхэн зуур ч гэсэн амарч, тухладаг. 12 цагаас ажлаа үргэлжүүлээд, өдөр 04 цагт буудаг. Эрт эхэлдэг учраас эрт тардаг. Ингэж л нэг өдөр өнгөрсөн дөө. 

- ТҮК-ийн шар хантаазаар хувцасласан залууг хараад хүмүүс ямар хандлага гаргаж байна вэ?

- Их хэцүү л юм байна лээ. Хүнд хүрз, шүүр бариад хог, тамхины иш цэвэрлэх хүндрэлтэй. Энэ үедээ янз бүрийн юм их боддог л юм байна. Эхлээд ажлаа аятайхан, чин сэтгэлээсээ хийчих юмсан гэж бодоод аль болох нямбайлаад явж байхад л хүмүүс цэвэрлэж байгаа хэсэгт тоос, шороо босгох, хажуугаар машинтайгаа ширүүн дайрч өнгөрөх, гайхаж харах, харцаа ширэв татах зэрэг элдэв янзийн л муухай үйлдэл, хандлага гаргаж байсан. Хажуугаар гарахдаа л нэг үг ч солиогүй хэрнээ харцаараа, үйлдлээрээ л сонин сэтгэгдэл төрүүлж стрессдүүлдэг нь таалагдаагүй. Цэвэрлэж, цэвэрлэж дуусаад л эргээд хартал найзуудаараа нийлж зогсож байгаад л татсан тамхины ишээ няслах, машинаасаа хог чулуудаж хаях гээд л хүний хөдөлмөр хүндлэхгүй үйлдлүүд гаргаж байгаа нь их хэцүү.

 

- Машины дуу чимээ, авто зам дээр ажиллана гэхээс эхлээд эрсдэл их байсныг мэдэрсэн болов уу?

- Тийм, маш эрсдэлтэй ажил. Ер нь бол нэг газар байгаа тамхины иш авах зуурт л согтуу, хөлчүү хүн ирээд дайрах, мөргөхийг хэн ч үгүйсгэхгүй. Ажил, үүргээ гүйцэтгэж явахдаа осолд өртөх, машинд шөргүүлэх асуудал ч байдаг гэж сонссон. 

- Тухайн өдөр гудамж талбайн хог шүүрдэх, цэвэрлэхээс өөр ямар ажил хийсэн бэ?

- Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан замын хашлага, хайс, хогийн сав угааж, цэвэрлэсэн. Нийслэл маань тоосжилт, орчны бохирдол их учраас нус, шүлсээ ил задгай хаясан зүйлсийг цэвэрлэнэ гэдэг чанга санагдаж байлаа. Түүнчлэн, төв замд цэвэрлэгээ хийж байгаа учраас шинэ усаа авчрах, бохир усаа асгахаас эхлээд л шат, дамжлага олон. 

- Ажилд нь тусласан тохижилт, үйлчилгээний ах нар эгч юу гэж байв? Урмын үг хэлж, сайшааж магтсан уу?

Хамт ажилласан хүмүүс маань “Залуус өөрчлөгдсөн байна. Мундаг байна. Одооны залуусын хандлага өөрчлөгдөж, их гоё болж” гэх зэргээр сайшаасан. Хамтарч ажиллахад урамтай, эв найрамдалтай, гэр бүлж чадсан хамт олон байсан даа.

- ХҮҮХДИЙН ТӨВ СУВИЛАЛД ЧИГЛЭСЭН АЖЛЫГ УДАХГҮЙ ХИЙНЭ -

- Төрсөн өдрөөрөө ТҮК-ийн ажилтнуудад тусласан шигээ хийхийг хүсдэг нийгэмд чиглэсэн зүйлс байдаг болов уу?

- Тийм.

- Нууц биш бол энэ талаараа ярьж болох уу?

- News.mn сайтад нийтлэгдсэн “Эцэг эхдээ гологдсон 33 хүүхэд” гээд сурвалжилгыг уншиж байсан юм. Эндээс тархины саажилттай, бие бялдрын хөгжил муу, амьдралын боломж тааруу бага насны хүүхдүүдийг арчилж, сувилдаг “Хүүхдийн төв сувилал”-ын талаар олж мэдсэн. “Хүүхдийн төв сувилал”-д чиглэсэн сайн санааны аянг найзуудтайгаа хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Хэрвээ яг санаа нийлээд, янз бүрийн “шоу” болгох зорилго өвөртлөөгүй бол бидэнтэй хамтрах ч боломжтой.

- Энэ төрлийн ажил хийхэд найзууд нь хэрхэн хүлээж авдаг вэ? Тэдгээр залууст та нөлөөлж чаддаг уу?

- Нөлөөлөлгүй яах вэ. Найзууд маань тийм ч их гайхаж хүлээж аваагүй. “Угаасаа Соёлоо л юм чинь дээ. Соёлоо маань иймэрхүү юм хийлгүй яах вэ” гэхчлэн намайг дэмжсэн үгсийг их хэлсэн. Миний хувьд энэ өдөр зөвхөн ажиллаад зогсохгүй, нэг ажилтанг нь гэр бүлдээ цаг, зав гаргаад цалинтай амрах боломжийг олгосон.  Үүр цайхтай зэрэгцээд л сэрээд, орой ордог ТҮК-ийн ажилтнууд тэр бүр амарч чаддаггүй, гэр бүлдээ цаг бага гаргадаг байх гэж бодоод ийм шийдвэр гаргасан. Ийм юм хийх гэж байгаагаас маань эхлээд л ээж маань их дэмжиж, туслаж, баярлаж хүлээж авсан даа. Ээжийн маань надад “Бүх зүйлсэд сэтгэлээсээ ханд” гэж үргэлж захьдаг. Ээж маань төрсөн өдрөөрөө хийсэн ажлын дараа “Ухаантай шүү, миний хүү” гээд үнсэх нь л хамгийн том бэлэг байсан. Тухайн үед энэ хүн намайг өсгөж, хүмүүжүүлсний хүчинд санааг нь зовоохгүй, баярлуулж байгаа юм байна даа гэж бодож байсан.

- Багаасаа л ийм тусч хүү байсан уу?

- Яг тулаад ирэхээр санадаггүй юм байна. Ямартай ч цэргийн алба хааж ирснээсээ хойш өндөр настай хүмүүст юмыг нь өргөж өгөхөөс эхлээд л хүнд тус хүргэж явдаг болсон. Бас нөгөө талаараа цаг үе өөр болж байгаа юм болов уу. Гудамжинд хүнд юм өргөөд явж байгаа хүнд туслах гээд очихоор хажиглаж, “энэ хүн яах гээд байна” гэсэн харцаар харах ч юм уу сонин хандлага гаргадаг болсон санагддаг.

- Энэ төрлийн ажил хийсний хувьд өсөж, хүмүүжиж буй дүү нартаа хандаж юуг зөвлөх вэ?

- Зөв хүнээс үлгэр дуурайлал авна гэдэг чухал. Яг миний ажилласан хэсэгт Нарны гүүрний доор сагсанбөмбөгийн нэрт тоглогч Kobe Bryant-ийн зураг зурсан байсан. Энэ талаар мэдээгүй байсан учраас тухайн үед их огшиж байлаа. Миний хүрч байгаа нас 24, түүний хувийн дугаар 24 гээд л олон зүйлс давхцаж байсан. Яг ТҮК-д ажиллаад, бусдад туслаад явж байхдаа үлгэр дуурайлал авдаг хүнийхээ зурсан зургийг харах их гоё байсан даа. 

- Ярилцлагын сүүлчийн асуултыг танд үлдээе.

- Би ТҮК-д ажилласныхаа дараа нэг зүйлийг бодсон. Тэр зүйл нь их, дээд сургуулиуд явган аялал гэх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үүнийхээ оронд нийгэмдээ чиглэсэн сайн дурын ажил хийвэл урамшуулах систем ч юм уу, тэр төрлийн зүйлсийг бий болгож, хийлгэдэг болвол зүгээр юм болов уу гэж тунгааж байлаа. Төрсөн эх орондоо, амьдарч буй нийслэлдээ үнэтэй хувь нэмэр оруулж, тустай зүйлийг бүгд хийвэл ямар сайхан бэ. Тэдгээр залуусын хандлага, сэтгэлгээ хэрхэн өөрчлөгдөх бол…

- Ярилцсанд баярлалаа.

ЯРИЛЦСАН: Б.ЛХАГВАЦЭРЭН (ULAANBAATAR NEWS)

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Э.ТӨГӨЛДӨР (THE ULAANBAATAR)

БУСАД ТҮҮХҮҮД
БИДНИЙ НЭГ БУСАД
ТАНЫ ОРОЛЦОО
Эгэл хүмүүсийн гайхалтай түүхийг өгүүлэх "Бидний НЭГ" булан үргэлжилсээр. Хүй элгэндээ, үе тэнгийхэндээ, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг харуулж буй гайхалтай түүхийн эзнийг та САНАЛ БОЛГОХ УУ?