04 САРЫН 16, 2020
Хэнтэй ч давхцахгүй цор ганц пүүз урлагч Sneaker artist Ч.Энэрэл
Пүүз, кетэнд өөрийн гэсэн хэв маягийг шингээн, цор ганц болгон будаж өөрчилдөг sneaker artist Ч.Энэрэл: Кастом хийж өмссөнөөр өөрт маш гоё мэдрэмж, таатай сэтгэгдлийг төрүүлдэг

Sneaker artist Чинбатын Энэрэл. МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн Мэдээллийн технологийн ангийн 3-р курсын оюутан.

Fb page: Artist Eenee

Кастом хийх урлаг

Akatsuki vans. Ч.Энэрэлийн зориулалтын будаг, материал ашиглан хийсэн анхны кастом. Тэрээр энэ загвараа 2018 оны 4-р сард хийжээ.


-Хэзээнээс пүүз, кет будаж, чимэглэх болсон бэ? Энэ урлагтай хэрхэн танилцаж байв?

-Би пүүз нэг их сонирхдоггүй байлаа. Гэтэл нэг өдөр фэйсбүүк дээр маш өвөрмөц, өмнө нь огт харж байгаагүй, загварлаг пүүз олж харсан. Тэгээд пүүз сонирхдог найзаасаа аль брэндийн, ямар загвар болохыг нь асуусан. Гэтэл найз маань брэнд биш, хувь хүн өөрөө кет, пүүзийг будаж, чимэглэн цор ганц болгодог кастом хийх урлаг байдаг тухай хэлсэн. Тэгээд л анх сонирхож эхэлсэн дээ.

Ямар нэг брэндийн биш, өөрийн гэсэн хэв маягийг шингээж, ганцхан хувийг гаргадаг гэдэг утгаараа маш онцлог санагдсан. Миний хувьд ч багаасаа зурах сонирхолтой байсан тул яагаад өөртөө зориулан хийж болохгүй гэж хэмээн 2 жилийн өмнөөс кастом хийж эхэлсэн.

-Үүнийг хийж сурахад хэдий хугацаа зарцуусан бэ?

-Их хугацаа зарцуулаагүй. Кастом хийх урлаг өөрөө гадны орнууд, тэр дундаа Америкт их хөгжсөн байдаг. NBA-ийн одууд захиалга өгч, кастом хийлгэж өмсөх нь түгээмэл. Тиймээс тогтмол кастом хийж, байнгын үйлчлүүлэгчтэй болсон Америк артистуудын Youtube дэх бичлэгийг үзэн, санаа авч будаг материалыг нь судалж байгаад хийж эхэлсэн.

-Энэ урлагийн ач холбогдол, үнэ цэнэ нь юундаа байдаг вэ?

-Дээр дурьдсанчлан ганцхан хувийг эсвэл цөөн тоогоор хийдэг нь илүү үнэ цэнэтэй болгодог. Жишээ нь, үйлдвэрийн пүүзнүүд маш түгээмэл зарагддаг. Тэр хэрээр олон хүн авч өмсдөг. Харин кастом хийж өмссөнөөр өөрт маш гоё мэдрэмж, таатай сэтгэгдлийг төрүүлдэг.


Кастом хийх үйл явц

Rick and Morty нь түүний дуртай хүүхэлдэйн кино учир тэрээр үүнийг өөртөө зориулан  2019 оны 4-р сард хийсэн байна.

- Кастом хийхэд ямар будаг, материал хаанаас авч хэрэглэдэг вэ? Анх ямар кастом хийж байв?

-Би анх сонирхож эхлээд будаг хайж байх үедээ өөрийнхөө хуучин пүүзэн дээр фломастер ашиглан туршилт хийсэн. Тэр маань ч дажгүй болж, “Монголын сникер толгойтнууд” групп дээр хандалт их авсан тул цаашид хийж болмоор санагдан, зориулалтын будаг хайж эхэлсэн. Зориулалтын будаг нь Angelus гэдэг акрилк будаг байдаг. Би анх 12 ширхэгтэй багц будгийг зориулалтын бийр, шингэлэгч, маркерийн хамт 500-600 орчим мянган төгрөгөөр Америкаас захиалж байсан. Шингэлэгчийн хувьд будагны тогтоц сайжруулах зорилгоор зөөлөн болон хатуу гадаргууд зориулсан 2 төрлийг хэрэглэдэг.

Фломастероор будаж туршсан анхны кастом. Ч.Энэрэлийн хувийн архиваас авав.

-Нэг пүүзний хэв маягийг эвдэж, өөрийн хүслээр өөрчлөхөд хэдий хугацаа зарцуулдаг вэ?

-Тухайн кет, пүүзний загвар болон хэлбэр, хийцээсээ шалтгаалаад янз бүр. Жишээ нь, илүү их детальтай пүүзэн дээр арай удаан хугацаа зарцуулдаг. Гэхдээ ерөнхийдөө дунджаар нэг пүүзэнд нэг өдөр кастом хийж дуусдаг. Илүү сайн хийвэл өдөрт хоёрыг хийж болно. Хийх үе шатны хувьд эхлээд гаднах дүрсээ гаргаад, дараа нь дотрохыг нь буддаг.

-Таны хувьд хийхэд хамгийн их хугацаа зарцуулсан бүтээл аль нь вэ?

-"Nike"-ийн цагаан пүүзийг нилэнхүйд нь цэнхэр, ногоон өнгөөр уусгалт хийж будаж байсан. Хоёр өдөр зарцуулсан. Уусгалттай будахад Air brush гэх цацаж буддаг төхөөрөмж ашигладаг. Гэхдээ надад байгаагүй учраас би олон удаа туршиж үзсэн. Тэр болгонд нэг л гоё болж өгөхгүй байсан тул дахин дахин туршсаар хоёр өдрийг зарцуулсан.

Хамгийн удаан хугацаа зарцуулсан уусгалттай будалт. Цулгуй цагаан пүүзэнд цэнхэр, ногоон өнгөөр уусгалт хийжээ.

-Пүүз, кет хоёрын материалаас шалтгаалаад зурахад ялгаатай байдаг байх? Аль нь илүү хэцүү вэ?

-Кетэн дээр будаж, зурахад арай илүү хэцүү. Нарийн хэлбэр хийц гаргах гэхээр тэгшхэн зурагдахгүй байх эсвэл сеткан завсраар орох зэрэг хүндрэл гардаг. Бас будаг шингээхдээ жоохон тааруу. Гурваас, дөрвөн удаа давхарлаж будахгүй бол нэг удаагийн будалтаар бараг л гарахгүй. Мөн будаж дуусчихаад хатаагаад дахиж давхарлаж буддаг. Харин арьсан материал дээр будахад илүү хялбар. Будаг амархан шингээнэ, олон давхарлах ч шаардлагагүй.


 -Кастом хийж сурахын тулд ямар ур чадвар шаардлагатай вэ? 

-Зурах авьяас шаардаж болно эсвэл хичээнгүй байдал чухал. Заавал зурах шаардлагагүйгээр нилэнхүйд нь будсан ч болно. Тиймээс зурах авьяас гэлгүй нарийн нямбай буддаг хүмүүс ч хийх боломжтой.

-Ер нь үүнийг хийхэд хүндрэлтэй зүйл байдаг уу?

-Хүндрэлтэй зүйл нэг их байхгүй. Эхэндээ хийж сурч байхад л бага зэрэг алдаанууд гаргана. Жишээ нь, шингэлэгчээ хатуу, зөөлөн гадарга дээр ашиглах зориулалтаар нь хэрэглэлгүй, өөр гадарга дээр будсанаас болоод дараа нь арилах, хуулрах зэрэг асуудал их гардаг байсан. Харин дараа нь судалж байгаад учрыг нь олоод ирэхээр ерөнхийдөө гайгүй. Мөн бийр жоохон асуудалтай. Учир нь нарийн бийрээр 2-3 пүүз будаад ирэхээр амархан муудаж, үс нь салаалдаг тул ойр ойрхон солих шаардлага гардаг.

Rainbow vans. Энэ нь үйлдвэрээс гардаг загвар бөгөөд Ч.Энэрэл өөрөө худалдаж авахыг хүссэн ч олдохгүй байсан тул цулгуу цагаан өнгөнөөс нь  захиалаад өөрөө будаж хийжээ. Тэрээр энэ кастомоо 2018 оны 6-р сард хийсэн байна.

 -Кастом хийлгэсэн пүүзээ дараа нь яаж арчлах вэ, угаахад арилдаг уу?

-Нэгэнт будсанаас хойш бол арилахгүй. Зориулалтын будаг учраас акрилк будагт арилна гэсэн асуудал байдаггүй. Яахав, пүүз өөрөө цаг хугацааны явцад элэгдэж, мууддаг шиг тиймэрхүү байдлаар муудаж болно. Эсвэл хэтэрхий ойр ойрхон, олон угаагаад байвал бага зэрэг халцарч болзошгүй. Гэхдээ ерөнхийдөө гайгүй.

-Монголд таньтай ижил сонирхолтой хүн хэр олон бэ? Та бүхэн хоорондоо холбоотой байдаг уу?

-Намайг анх кастом сонирхож эхэлж байхад Монголдоо алдартай нэг л хүн байсан. Анко гээд залуу байгаа. Их гоё кастом хийдэг. Өөр хүмүүс нээх байгаагүй. Угаасаа кастом хийх гэдгийг олон хүн мэддэггүй байсан. Харин миний зүгээс энэ урлагийг олонд таниулахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. “Монголын сникер толгойтнууд” групп дээр өөрийн хийсэн кастомуудаа тавихад олон хандалт болон түгээлт авдаг байсан. Сүүлд ажиглаад байхад хүмүүс ямар будаг, яаж ашигладаг талаар асууж, өөрсдөө хийж үзэх сонирхолтой болсон байсан. Тэрний дараа кастом хийдэг хэд хэдэн хүн гарч ирсэн байсан.

-Тэднийхээс таных юугаараа онцлогтой бас давуу вэ?

-Зарим хүмүүс нэг загвараас олон төрлийг гаргадаг. Миний хувьд ямар ч загвараас нэг ширхэгийг, цор ганцыг хийдэг гэдгээрээ онцлогтой. Мөн хийц, зуралтын хувьд гайгүй давуу байх гэж бодож байна. 


Энэ урлагаар бизнес хийх гэхээсээ илүү олонд таниулахыг хүсдэг

-Таны будаж, өөрчилсөн бүтээлүүдийг хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ? Одоогоор хэчнээн захиалга аваад байна?

-Намайг анх кастом хийж эхэлж байх үед хүмүүс тийм ч сайн мэддэггүй байсан. Сайн мэдэхгүй зүйлээ шууд захиалаад, пүүзээ өгөөд зуруулна гэхээр мэдээж хэцүү. Тийм болохоор ер нь л маш их асуудаг байсан. Жишээ нь, өдөрт 200-300 хүн асууна, сонирхоно, гэхдээ тэднээс хийлгэх хүн нь 2,3 л байдаг. Цаашдаа кастом хийдэг олон хүн гарч ирээд, нийгэмд танигдаад, хүмүүсийн итгэл хүлээвэл эрэлт арай ихсэх байх.

-Одоо захиалга авч байгаа юу?

-Би захиалга авдаггүй. Яагаад гэвэл эзэн нь өөрөө пүүзээ өгөөд яаж зуруулахаа хэллээ гэхэд тэр хүний бодсон шиг болж, сэтгэлд нь хүрэх үү гэдэг эргэлзээтэй. Тийм болохоор би өөрөө сонирхлоороо загвараа гаргаж, түүндээ зориулж пүүзээ авч зурчихаад дараа нь таалагдсан хүнд нь зардаг. Яг захиалгын хувьд бол найзуудын хүрээлэл дундаа л хүссэн загвараар нь хийж өгдөг.

-Кастом хийлгэх үнэ хөлсний хувьд хэд байдаг вэ?

- Пүүз авах үнээ мэдээж шингээнэ. Харин кастом хийх үнийн тухайд дунджаар 50-60 мянган төгрөгөөр хийдэг.

-Бүтээлийг тань ихэвчлэн хэдэн насны, ямар хүмүүс түлхүү худалдан авдаг вэ?

-Насны хувьд ихэвчлэн залуу бас мэдээж пүүз сонирхдог хүмүүс байдаг. Зарим тохиолдолд гадаадад амьдардаг монгол хүмүүс захиалж авдаг.

-Таны ойрын төлөвлөгөө болон цаашдын зорилго юу вэ?

-Кастом хийж зарах гэхээсээ илүү хүмүүс ойлгодог болтол нь олон хүнд таниулъя гэж боддог. Бизнес болгоё гэсэн бодол байхгүй. Мөн улирал нь ирэхээр зунаас тоотой хэдэн чанартай загварууд өөртөө эсвэл найзууддаа зориулж гаргая гэж бодож байна. Түүнийгээ зарахгүй ч олон хүнд түгээж, энэ урлагийг таниулах хүсэлтэй байна.

Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

Ярилцсан: Х.Үүрийнтуяа (Ulaanbaatar News)

БУСАД ТҮҮХҮҮД
БИДНИЙ НЭГ БУСАД
ТАНЫ ОРОЛЦОО
Эгэл хүмүүсийн гайхалтай түүхийг өгүүлэх "Бидний НЭГ" булан үргэлжилсээр. Хүй элгэндээ, үе тэнгийхэндээ, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг харуулж буй гайхалтай түүхийн эзнийг та САНАЛ БОЛГОХ УУ?